Уншиж байна ...

Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр та бүхний хүүхэд гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд сүү өгдөг болох хуулийн төсөл өргөн барьсан талаараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгох, малчдаа ажлын байртай болгох хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь "Бага үдийн сүү" гэдэг нэртэй.

Энэ хөтөлбөрөөр 21 аймаг 330 сумын төвд буй 750 мянган ЕБС-ийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд 11:00 цагийн үед 250 гр хөөрүүлсэн сүүг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өгөх юм.

Хичээлийн 22 хоногоор үржвэл сард дөрвөн сая литр сүүг орон даяар олгох боломжтой. Хичээлийн шинэ жилийн хугацаанд нийт 37 сая литр сүү олгох юм. Үүнийг 1,600 төгрөгөөр бодвол 60 тэрбум төгрөг болно. 3-4 үнээтэй айл жилд найман сая төгрөгийн орлого олох боломжтой юм.  

Энэ нь маш их ач холбогдолтой. Учир нь бага үдийн хоол хөтөлбөр нь инфляцаас хамаараад сургуулийн сурагчид байнга өлсөж, хоолондоо цаддаггүй асуудал бий болсон. Дотуур байрны хүүхдүүд байнга өлсгөлөн байдаг.

Улсын төсвөөр хооллолт, витамины дутагдлаас гарах боломжтой. Мөн шүд цооролтыг хөдөө орон нутаг, суманд бүрэн шийдэж буйгаараа онцлог. Үүнийг хоёр жилийн өмнө ЭМЯ, ХААХҮЯ хамтран судалгаа хийж, асуудал тавиад гацсан байсан. 20 гишүүн нийлж энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Ирэх шинэ парламент хэлэлцэн баталж хүчин төгөлдөр болсны дараа та бүхний хүүхэд гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй. Сум болон аймгийн төвд ажиллаж буй хүмүүс ажлын байртай болно. 

Сумын төв дээр буй иргэд өөрсдөө ариутгасан сүү нийлүүлэх боломжтой. Малчин өрх орой бүр сүү хөөрүүлээд хүүхдүүддээ өгдөг байсан сайхан уламжлалтай. Монопол компаниас авах биш иргэдээс сүү авах боломжтой нь онцлог. 

Япончууд сүү хэрэглэж эхэлснээсээ хойш иргэд нь 15 см өссөн. Хүний өсөлт хөгжлийг дэмждэг чухал бүтээгдэхүүн бол сүү" хэмээн ярилаа.