Уншиж байна ...

С.Бямбацогт: С зөвшөөрлийн авлига ₮20-30 сая болсон. Би УИХ-ын индрээс шүгэл үлээж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Зам, Тээврийн Хөгжлийн сайд С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэн тэгш шударга хүртэх эрхтэй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг үзэл баримтлалаас хальж хэтэрсэн заалтыг оруулж ирлээ. Үндсэндээ хуулийг гууль болгох гэж байна. 

Хуулийн төсөлд Үндэсний баялгийн санд байгалийн баялаг стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Үүний удирдлага зохион байгуулалтыг "Эрдэнэс Монгол" компани хангана гэдэг заалт туссан. 

АЗЗА компанийн орлогыг авч яах гэж байгаа юм. Энэ компани зам засдаг, орлого олдоггүй. Ард иргэдийн цасыг цэвэрлэдэг, аюулгүй зорчих боломжийг бүрдүүлдэг.

"Эрдэнэс Монгол" компани Гашуунсухайтын замыг эзэмшдэг. Өдөрт 1,000 машин явж, жилд 350 тэрбум төгрөгийн орлого олдог. 

Гэсэн атлаа замаа засдаггүй, "Эрдэнэс Монгол" компанийн хэдэн ажилчдын цалинг л өгдөг. Бөөн осол гарч, жолооч тээвэрчид амь насаа алдаж байхад нүдээ аньчихсан суудаг. Ийм байхад зам авч яах гэж байгаа юм бэ. 

Улаанбаатар төмөр замын 50 хувийг Монголын тал эзэмшдэг. Үүний орлогыг авч чадах уу. Иймэрхүү байдлаар асуудал оруулж ирмээргүй байна.

Урьд нь С зөвшөөрлийн асуудал яригдсан. АТҮТ-д байхаар авлига гараад байна гээд уул уурхайн компаниуд авсан. Өмнө нь С зөвшөөрлийн авлига 1-2 сая төгрөг байсан бол одоо 20-30 сая төгрөг болсон. Би УИХ-ын индэр дээрээс шүгэл үлээж байна" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/443116911464759