Уншиж байна ...

"Нийслэлийн цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33%-д хүрнэ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академи(ШУА)-д өнөөдөр болж байна. 

Энэхүү хурлаар Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдлыг дүгнэх, ойрын болон холын ирээдүйн бодлогод цөмийн эрчим хүчний шинэ үүсгүүр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа юм. 

Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий хурлын эхний илтгэлийг тавьж, эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг танилцуулав.

Тэрбээр "Манай улс өргөн уудам талбайтай, хүн ам сийрэг, хүйтэн цаг агаартай байдаг. Үүнийг дагаад бусад орны эрчим хүчний салбартай харьцуулахад манай улсад онцлог шинж их бий.

Хүн амын тархай бутархай байдлаас шалтгаалж дөрвөн үндсэн хэсэгт хуваагддаг.

Тодруулбал

  1. баруун гурван аймгийг цахилгаанаар хангадаг баруун бүсийн эрчим хүчний систем,
  2. зөвхөн Говь-Алтай аймгийг хамарсан Алтайн бүс нутгийн эрчим хүчний систем,
  3. Өмнөговь аймгийг оруулаад төвийн эрчим хүчний систем,
  4. зүүн гурван аймгийг багтаагаад зүүн бүсийн эрчим хүчний системээр ажилладаг.

Улсын хэмжээнд нийт цахилгааны хэрэглээний 78 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 22 хувийг нь хөрш орнуудаас авч байна.

Төвийн бүсэд нийт импортын хэрэглээний 22.9 хувийг, баруун бүсэд 8.4 хувийг нь ОХУ-аас авдаг. Говийн бүсэд эрчим хүчний импортын 58 хувь нь БНХАУ-аас хамааралтай.

Эрчим хүчний салбарын хэрэглээ жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) яаж өснө яг тэр шугаман холбоогоор эрчим хүчний хэрэглээ өсдөг.  

2030 онд гэхэд эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энэ салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн 23 төсөлд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тухайлбал дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төсөл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зургаан төсөл, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний долоон төсөл, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоогоор 10 аймгийн нутагт дулааны станц барих ажил явагдаж байна. Тодруулбал Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Багануур дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотод ч бас хэрэгжих шаардлагатай төслүүд бий. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдэгдүүлэх төсөл хэрэгжээд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж буй. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 

Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна.  

Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэж онцоллоо.

Уг хурлыг Эрчим Хүчний Яам (ЭХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) хамтран зохион байгуулж байна.