Уншиж байна ...

Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд СЭТГЭЛ ДУНДУУР байгаагаа илэрхийлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын багш нарын VIII их хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 11-12-нд болж байна. 

Өчигдөр

  • Сургуулийн өмнөх боловсрол,
  • Ерөнхий боловсрол,
  • Насан туршийн суралцахуй,
  • Дээд боловсролын салбар хуралдаанууд болж, багш, ажилтнуудын санал, байр суурийг нэгтгэн, цаашид хэрхэх нь зүйтэй талаар хэлэлцсэн.

Өнөөдөр саналуудыг багцалж, тогтоолын төслөө батлахаар санал бодлоо хэлцгээж байгаа юм. 

Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх санал гаргав

Тухайлбал Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн салбар хуралдааны үр дүнд 

  • Багш бэлтгэх тогтолцоог чанаржуулах
  • Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх
  • Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг багш бэлтгэх сургалтын хөтөлбөртэй уялдуулах
  • Тэтгэврийн насыг багш өөрөө хүсвэл эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох
  • Тэтгэмжийг 36 сар байлгах
  • Багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, ипотекийн зээлд хамруулах
  • Анги даалтын хувийг нэмэх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлэмжтэй болгох
  • Эцэг эх, асран хамгаалагчийн харилцаа хандлага, дарамт шахалтаас багшийг хамгаалах бодлого, зохицуулалт тодорхой байх
  • Анги дүүргэлтийг бага, дунд, ахлах ангиар нь ялгаатай тогтоох
  • Бага ангийн багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоох
  • Гүйцэтгэлийн үнэлгээг багшийн өөрийн үнэлгээнд шилжүүлэх, шалгуур зохион байгуулалтыг сайжруулах зэрэг байлаа.

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн боловсролын салбар үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжсэн. Энэ дагуу гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт зохион байгуулан, үр дүнгээс нь хамаарч багш нарт нэмэгдэл олгож байгаа юм. 

Ингэхдээ сурагчдаас шалгалт, эцэг эх, асран хамгаалагчдаас багшийг болон сургуулийг үнэлэх санал асуулгыг авдаг. 

Гэтэл сурагчдаас авч буй шалгалт нь учир дутагдалтай байгааг багш нарын төлөөлөл хэлж байна. 

Бага ангийн багш нарын ажилладаг бодит нөхцөл байдлын талаарх ярилцлагыг энд дарж уншина уу.

"2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан"

Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийн Математикийн багш н.Урантүлхүүр "Гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврыг ялгаатай түвшингээр боловсруулдаггүй. 

Сурагчдын ялгаатай байдлыг харгалзахгүйгээр 5-6 дугаар түвшний хүүхдийн даалгавар боловсруулаад анги нийтээр нь авчихдаг. Нэг сурагч маань "Багшаа би ойлгохгүй байхад та сургах гээд шахаад байна" гэсэн. Бүх багш ингэж л ажиллаж байна. 

Бас гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг гүйцэтгэх хугацаан дээр ажилладаггүй. Даалгаврын тоо ба хугацаа маш зөрүүтэй байна. Одоо дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд шалгалт авах товтой. 

Материал дээрээ сайн ажиллахгүй байна. 2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан. Лав хоёр нь хариугүй байсан" гэлээ. 

Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлээр шалгалт авснаар агуулгад нь сурагчдын хараахан үзээгүй судлагдахуун орж, түүнийг дагаад доогуур үнэлэгдэж байгааг ч багш нар хэлж байлаа.

"Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ"

Бага ангийн багш "Би 35 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1,273,000 төгрөгийн цалин авдаг. Ахмад багш учраас бага зэрэг нэмэгдэл авдаг.

Гэтэл дотнын хүмүүс маань "12 давхар 120 айлтай байрыг айлууд унтсан хойно автомат цэвэрлэгчээр цэмбийтэл нь цэвэрлэдэг хүн 1.5-2 сая төгрөгийн цалин авч байна. Чи тийм сайхан ажил хийхгүйгээр хүний хүүхдүүд сургах гээд хамаг энергиэ бараад явах юм" гэж хэлдэг. Үүнийх нь хариуд би инээмсэглээд "Би ажилдаа хайртай, шавь нартаа хайртай" гэж хэлдэг. Ийм л сэтгэлтэй хүмүүс энэ салбарт ажиллаж, энд сууж байгаа. 

Би 35 жил ажилласны хувьд гүйцэтгэлийн үнэлгээнд үнэхээр сэтгэл дундуур байна. Бага ангийн багш нар Математик, Монгол хэлний шалгалт өгдөг. 

Монгол хэлний багш 78 хувиар дөрөвдүгээр түвшин, Математикийн багш 69 хувиар дөрөвдүгээр түвшинд үнэлэгддэг. Гэтэл бага ангийн багш хоёулангаар шалгуулчхаад 77.8 хувьтай хоосон суудаг. Тавдугаар түвшний "муу" багш гээд эцэг эхчүүдийн өмнө нүүрээ улалзуулаад, өөрийнхөө хийсэн хөдөлмөрт сэтгэл гутраад сууж байгаа.

Бага ангийн багшийн хөдөлмөр үнэхээр хүнд хөдөлмөр. Олон улсын жишгийг харахад бага ангийн багш, цэцэрлэгийн багш хамгийн өндөр цалинтай. Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ" гэлээ.