Уншиж байна ...

OpenAI ердөө 15 секундийн бичлэг ашиглан дурын хүний дуу хоолойгоор ярьж сурдаг системээ танилцуулав

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хиймэл оюуны технологийн OpenAI компани маш түргэн хугацаанд дурын хүний дуу хоолойгоор ярьж чаддаг систем бүтээснээ Баасан гарагт зарлажээ.

Voice Engine гэж нэрлэгдсэн уг систем хэн нэгэн шиг ярьж сурахад тухайн хүний ярианы ердөө 15 секундийн урт бичлэг байхад л хангалттай гэнэ. Нэгэнт сурсан тохиолдолд тухайн хүнийг ямар ч гадаад хэлээр яриулж чадах юм байна.

OpenAI удахгүй шинэ системээ хаалттай хүрээнд туршуулах бөгөөд буруу зорилгоор ашиглах аюулаас болгоомжлох үүднээс нийтэд хэрэглүүлэхээ хойшлуулжээ.

“Бусдын дуу хоолойгоор яриулах нь ноцтой аюултайг бид ойлгож байгаа. Ялангуяа сонгуулийн жилд энэ нь маш их эрсдэлтэй юм” гэж OpenAI мэдэгдэлдээ дурдсан байна.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хоолойгоор олон мянган сонгогчдын утас руу залгасан хэрэг Нью-Хэмпшир мужид гарсан бөгөөд эрх баригчид үүний мөрөөр шалгаж байгаа юм.

Хэд хэдэн стартап компани өнөөдөр бусдын дуу хоолойг хувилах технологи хөгжүүлж, бүтээгдэхүүнээ олон нийтэд, зарим нь энтертайнмэнт бизнес эрхлэгчдэд зарж эхлээд байна.

Voice Engine системийн туршилтад оролцох хүмүүс бусдын хоолойг зөвшөөрөлгүй хувилахгүй байх, буруу зорилгоор ашиглахгүй байх гэрээг OpenAI компанитай байгуулах гэнэ.

Тус компани Voice Engine брэнд нэрийг дөнгөж гуравдугаар сарын 19-ний өдөр оюуны өмчийн байгууллагад бүртгүүлжээ. Бүртгэлийн бичиг баримтаас үзвэл OpenAI энэ технологио хүнийг дуу хоолойгоор нь таних хэрэглээ, ярьдаг робот туслагчийн (digital voice assistant) хэрэглээнд ашиглах бололтой.

Өчигдрийн мэдэгдэлдээ OpenAI харилцагчийг өөрийн системд нэвтрүүлэхдээ дуу хоолойгоор таних аргыг хэрэглэхээ зогсоохыг банкнуудад зөвлөсөн байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
11 | 7 | 6 цаг