Уншиж байна ...

Майкл Д.Ричмонд: АНУ, Монгол хоорондын шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг яг одоо тодорхой хэлэх боломжгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл гуравдугаар сарын 21-22-нд Монгол Улсад айлчилсан.

Тэрбээр "Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-аас дэмжлэг үзүүлэх асар их сонирхол байгаа" хэмээн байр сууриа илэрхийлж байв. 

Тэгвэл хоёр улс хоорондын шууд нислэгтэй болох ажил ямар шатанд явж байгаа талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг өгсөн юм. 



АНУ-ын Элчин Сайдын Яамны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмондоос энэ талаар тодруулахад "Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс хооронд агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, талууд гарын үсэг зурсан. 

Энэ нь хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхлэх үүд хаалгыг нээж өгсөн гэсэн үг. Гэхдээ үүнийг эхлүүлэхээс өмнө тодорхой алхмууд хийх хэрэгтэй.

Тодруулбал АНУ-ын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон Тээврийн аюулгүй байдлын захиргаа зэрэг байгууллагаас тодорхой шалгуур, шаардлагуудыг тавьдаг.

Тэдгээр шаардлагыг хангахын тулд бэлтгэх үйл явц хэрэгтэй. Гэвч энэ үйл явц тийм хурдан явагдахгүй. Магадгүй хоёр ба түүнээс олон жил шаардагдах болов уу. 

Монголын талаас Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, МИАТ зэрэг бүх оролцогч тал оногдсон ажлыг дор бүрдээ хийвэл тэр хугацаа наашилна гэсэн үг. Яг одоогийн байдлаар хугацааг тодорхой хэлэх боломжгүй.

Мэдээж АНУ, Монгол Улс хоорондын шууд нислэгийг аль аль талаас хурдан үйлдэж эхлээсэй гэж хүсэж байгаа. Энэ бол иргэд хоорондын харилцаа төдийгүй худалдаа, бизнесийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй" хэмээн хэллээ. 

"Улс хоорондын нислэг аюулгүй, үр ашигтай байх ёстой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браун "Одоогийн байдлаар чухам хаана байна вэ гэдгээ талууд ойлгох нь маш чухал. 

Шууд нислэг иргэдийн хувьд төдийгүй бизнесийн харилцаанд чухал хүчин зүйл гэдгийг ойлгож байгаа. Тиймээс ч улс хоорондын нислэг аюулгүй, үр ашигтай байх ёстой. Ингэснээр хоёр талын харилцааг ахиулж, солилцоонуудыг нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл иргэд хоорондын болон бизнесийн бүх талын солилцоог нэмэгдүүлж чадна" хэмээв.