Уншиж байна ...

Курт М.Кэмпбэлл: Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-аас дэмжлэг үзүүлэх асар их сонирхол байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл гуравдугаар сарын 21-22-нд Монгол Улсад айлчилж байна.

Тус айлчлалын хүрээнд тэрбээр өнөөдөр (2024.03.22) "Гоёл кашмер" ХХК-ийн үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. 

Энэ үеэр түүнтэй товч ярилцсанаа уншигч Та бүхэнд хүргэе.



-Сайн байна уу. Монгол Улсад хийж буй айлчлалын сэтгэгдэл ямар байна вэ? 

-Маш сонирхолтой, сайхан айлчлал болж өндөрлөж байна. Айлчлалын хүрээнд Монголын өндөр дээд хэмжээний удирдлагуудтай уулзаж, стратегийн түншлэлээ хэрхэн өргөжүүлэх, цааш яаж урагшлуулах талаар ярилцлаа.

Ардчилсан Монгол Улсын хэтийн зорилгыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхдээ бид хэзээд бэлэн байх болно.

-Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 гаруй жил боллоо. Энэ хугацаанд ардчилал улам гүнзгийрсэн үү, эсвэл гацаж саатсан уу. Та бүхний харснаар ямар түвшинд явна вэ? 

-Үүнийг гаднаас хараад дүгнэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бид бүхэн Монголын ардчиллын үйл явц, ахиц дэвшлийг байнга гайхан биширч хардаг.

Удахгүй Монгол Улс шинэ системээр сонгуулиа зохион байгуулах гэж байна. Үүний дараа шинэ Засгийн газар бүрдэнэ.

Ардчиллын замаар замнаж байгаа Монгол Улсын хамгийн том дэмжигч нь АНУ гэдгийг дахин батлан хэлэхийг хүсэж байна.

-АНУ-ын зүгээс манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхол бий юу?

-Бид Монголын эрчим хүчний асуудлыг Ерөнхий сайд болон өнөөдөр уулзсан бүх хүнтэй ярилаа.

Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-ын зүгээс дэмжих асар их сонирхол байгаа. 

Тухайлбал сэргээгдэх эрчим хүч эсвэл одоо байгаа систем, тогтолцоогоо шинэчлэн засаж залруулах, өөрчлөх болон бусад шинэ боломжийг нээж олох чиглэлээр харилцан яриа өрнүүлсэн. Энэ чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.