Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн Д: Хамрын утсан имплант хийлгээд, баруун тархинд үрэвсэл өгсөн. Мэс ажилбар хийсэн хүн эмчлэх эрхгүй байж таарсан

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гоо сайхны эмнэлэгт хийлгэсэн мэс ажилбараасаа болж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон иргэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэн Д нь "2020 онд Алтантүлхүүр гэдэг эмчээр ажлын байрандаа ботокс хийлгэсэн. Тэгээд 2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд "Vera" гоо сайхны эмнэлэгт хамрын утсан имплант хийлгэсэн. 

Имплант хийлгээд гарснаас хойш байнга толгой эргэж, эмчдээ зовууриа хэлээд хөдөө явахад зүгээр үү гэсэн чинь гаднаас нь харчхаад “Зүгээр байна, ямар ч асуудалгүй, хөдөө явж болно” гэсэн. Хөдөө очоод бүр муудаад орон нутгийн эмнэлэгт хэвтэж байгаад, нэгдүгээр сард ирж хамрын утас тус эмнэлгийн захирлаар нь авхуулсан байдаг. 

Цагдаад шалгагдсан чинь надад мэс ажилбар хийсэн хүн нь эмчлэх эрхгүй хүн байж таарсан. Надтай холбогдож биеийн байдлыг асуугаагүй. Эмнэлгийн зүгээс манайд ажилладаггүй хүн байсан, шивээсчин гээд өөрсдөөсөө холдуулсан зүйл хэлж байгаа.

Миний баруун тархинд үрэвсэл өгсөн. Одоо хамрын самалдгийг тайрч байж, хэвийн байдалдаа орохоор болсон. Хагалгаандаа орохоор өөр эмнэлэгт цаг авсан. 

Мөн уг хэрэг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Мөрдөгчийн зүгээс  шинжээчийн дүгнэлт тогтоолуудаа надад өгөөд явуулсан. Тэгээд шинжээч дээр очоод дүгнэлтээ өгье гэсэн чинь өөрөө ингэж авч явахгүй, мөрдөгчдөө өгөх ёстой гээд миний бүх бичиг баримтыг хураагаад авчихсан.

Сар гаруй хугацааны өмнө мөрдөгч аваачиж өгсөн гэсэн. Тэгээд шинжээчээс асуухаар чиний ямар ч материал ирээгүй гэж хэлж байгаа. Үүнийг даргаас нь тодруулахад ямар ч хариу байхгүй байна. энэ хэрэг бүртгэгдэж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрчихсөн.

Одоо эмнэлгийн дарга, мөрдөгчтэй байнга холбогддог хэдий ч шийдтэй ямар ч хариу байхгүй байна” гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав