Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан-Үд хот, Хиагтын боомт Монголчуудын урсгалаар хөгжих нь

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 26
Үндэсний шуудан
Зураг зураг

Манай улсын алтан хөрш Хятадын Эрээн хот ямаршуухан янзтай байсныг бид хэдхэн жилийн өмнө болон бидний өмнөх үеийнхэн сайн мэдэх биз. Харин биднээс хойших нь мэдээлэл муутай байж болох. Тиймээс Эрээн хотын өмнөх хөгжлийн талаар илүү, дутуу зүйл дурдах нь илүүц байх. Миний мэдэхгүй зүйл ч бий учраас тэр.

Тэгвэл өнөөдрийн Эрээн хот ямар түвшинд хүртлээ хөгжсөнийг сайн мэдэж байна. Тус хотын барилга байгууламж, хот төлөвлөлт зэрэг нь гоо сайхны иж бүрэн мэс засалд орсон хүнтэй зүйрлэм болсон. Магадгүй энэхүү боомт хот 10, 20 жилийн дараа Бээжин, Шанхай шиг, эсвэл Хайнань шиг чөлөөт худалдааны бүс болохыг үгүйсгэхгүй. Тийм боломж ч байна. Энэ нь Эрээн хот, цаашлаад БНХАУ-ын Засгийн газраас барьж буй бодлоготой шууд холбоотой аж. Дээрээс нь мэдээж монголчуудын нөлөөлөл их.

Өөрөөр хэлбэл, Эрээнийг зорих монголчуудын цуваа, тус хот руу урсдаг мөнгөний урсгал хөгжилд нь асар их нөлөө үзүүлж байх шиг. Бид хятадуудыг муулах дуртай, тэдний үйлдвэрлэсэн барааг шүүмжлэх дуртай. Гэвч цагаа тулбал өнөөх Эрээнийхээ бараагаар л гоёж байна. Бүгд биш байх. Гэхдээ олонх нь. Тус хотынхон өнөөдөр улсынхаа Засгийн газраас гуйлгүй хөршүүддээ буцалтгүй тусламж үзүүлдэг болжээ. Саяхны нэг өдөр Эрээний хүн амын амьжиргааны түвшин 2015 онтой харьцуулахад 4.2 хувиар өссөн гэх мэдээлэл харж байв. Эндээс харахад буурах биш зогсолтгүй өссөөр л байгаа юм.

Хэдэн жилийн дараа улсынхаа жишиг хотуудын нэг болсон байхад гайхах зүйлгүй. Бас бидний оруулж буй хувь нэмрийн ачаар хүн амынх нь багагүй хэсэг монголжсон. Тэгвэл эрчимтэйгээр урагшилж буй Эрээн хотын хөрш Дорноговь аймгийн Замын-Үүд боомт хотыг харьцуулж үзье. Өдөр шөнө шиг ялгаа гардаг. Замын-Үүдэд сүүлийн таван жилийн дотор хэчнээн барилга нэмэгдэв гээд судалтал 10 хүрэхтэй, үгүйтэй. Нэг, хоёр давхар байшинг тооцохгүйгээр шүү.

Тэгээд өнөөх л элсээр шуурсан хөгжил буурай суурин. Удаан үйлчилгээтэй, иргэдэд чирэгдэл учруулдаг гааль. Ийм дүр зурагтай 10-аад жилийг үдэв. Зэргэлдээх хоттойгоо адилхан хөгждөггүй шалтгааныг монголчууд удирдлагуудтайгаа холбон тайлбарладаг. Тэгэхээр 2018 он хүртэл Замын-Үүдийн даргаар ажиллаж байсан эрхмүүд бүгд чадваргүй байсан уу, эсвэл сэтгэлгүй байсан уу. Ямартай ч өөрчлөлт гараагүй хэвээр.

Гэтэл хэдхэн жилийн өмнөөс монголчууд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хойд хөрш рүү, Буриадын Улаан-Үд хот руу визгүй зорчдог болсон. Олон ч хүн баярласан. Ийм шийдвэрийн хүчинд Эрээн рүү урсах мөнгөний урсгалын багагүй хэсгийг Улаан-Үд хот руу чиглүүлж чадав. Мэдээж Эрээн, Улаан-Үд хоёрыг харьцуулалтгүй. Гэхдээ л ердөө 10-хан жилийн өмнөх Улаан-Үд хот, өнөөдрийн Улаан-Үд хотын хооронд асар том хөгжлийн ялгаа гарчээ.

ОХУ-ын Хиагтын боомт, Улаан-Үд хотын хөгжил манай Алтанбулагийнхаас, Сэлэнгэ аймгаас илүү гараад явчхаж. Алтанбулаг сум, боомтын өнөөдрийн дүр зураг бол хэдхэн байшин, хог новш, тоос шороо. Ийм зүйлийг харж болох нь. Гэтэл Улаан-Үд хот, Хиагтын боомт арай өөр. Товчхондоо бол монголчууд Эрээнийг хөгжүүлсэн шиг ээ Улаан-Үдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж эхлэв. Монголчуудын машин машинаар, автобус автобусаар цуврах хөдөлгөөний ачаар Улаан-Үдэд үйл ажиллагаа явуулж буй худалдааны газруудын барааны үнэ 2015 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Үүнд мэдээж рублийн ханшийн өсөлт шууд нөлөөлж буй.

Үнэ өсөхийн хэрээр Улаан-Үдийн эдийн засаг өмнөхөөсөө нэлээд сайжирсан дүр зургийг та хотын төвд буугаад л шууд харж болно. Хэд хоног Улаан-Үд хотод байхдаа ийм л дүр зураг ажиглав. Хэдэн өдөр ч бус хэдхэн цаг тус хотод саатахдаа хөгжлийн нэгээхэн хэсгийг тухлах үзлээ. Эрээн хотыг бодвол үзэх зүйл багатай ч цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Бүр зүйл эмх замбараатай. Зам харилцаагаа ч сайн хөгжүүлжээ, тэд. Итгэлт хамбын мөргөл, Байгал нуурын аяллыг аялал жуулчлалынхаа гол чиг хандлага болгосон Улаан-Үд хотынхон үүгээрээ дамжуулж жуулчдаас багагүй мөнгө "сааж” байна. Алтанбулагийг уг нь чөлөөт бүс болгон зарласан.

Харамсалтай нь, сүртэй нээлт хийсэн чөлөөт бүсийн байж байгаа дүр төрх нь цоожтой хэдэн чингэлэг л байна. Чөлөөт бүсийг нээх үеэр “ОХУ-аас 30 гаруй машин 100 гаруй зорчигч ирлээ. Дотоодоос 1,500 орчим хүн ирж оролцлоо” гэдгийг холбогдох албаныхан хэвлэлийнхэнд сайрхаж байсан нь санаанд буув. Алтанбулаг'’ боомт дээр дөрвөн эгнээ, эгнээ тус бүртээ 50-60 машин дугаарлан зогсжээ. Энэ бол дундаж үзэгдэл гэнэ.

Эндээс харахад Хиагт боомт хот л гэхэд хэдхэн жилийн дараа Эрээн шиг хөгжих хэмжээнд хүрчхэж. Хил залгаа оршдог сэлэнгэчүүд олон жилийн өмнөөс хоёр хилийн хооронд худалдаа наймаа хийхээр зорчдог байсан. Харин визгүй зорчдог болсноос хойш энэ байдал бүр нэмэгдсэнийг бид мэднэ. Оросын хилийн боомт дэд бүтцийн ажлаа эхэлчихсэн, энд тэндгүй байшин барилгын суурь ухаад, барилгын ажлаа эхлүүлчхэж.

Хиагт хот XVI-II-XIX зууны дунд үед Оросын худалдаа наймаа, санхүүгийн гол зангилаа цэг болж байсан. Тэгвэл тун удахгүй энэ түүх давтагдаж, Хиагт хэдхэн жилийн дараа Орос гүрний худалдааны чухал төвд тооцогдох цаг ойрхон байна. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс бүх зүйл нь эзэнгүй шахам. Хөгжил гэж юу ч алга. Цэлийсэн том талбай л байна. Өөрөөр хэлбэл, хүний хил орчмын бүс нутаг ингэж хөгжиж байхад манайх улам бүр уруудаж, уйтгар дагуулан дүнсийх нь сонин.

Зураг