Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувиар тогтоосон хуулийн төсөл өргөн барилаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр "Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл"-өө УИХ-ын даргад өргөн барилаа. 

Тэрбээр “Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь, цалин, тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 12 хувь байхаар хуулийн төсөлд оруулсан. Монголын банк, санхүүгийн байгууллагад үүсээд буй нөхцөл байдал, баялаг бүтээж, бизнес эрхэлж буй ААН, иргэдийг зээлийн дарамтаас гаргахын тулд энэ хуулийн төслийг санаачиллаа. 

Хуулийн гол санаа бол зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах. Хэрэв давсан бол хууль зөрчсөн буюу мөнгө хүүлэлтийн эсрэг хуульд хамруулж, хариуцлага тооцно. Мөнгө хүүлэлтийн асуудлыг зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохтой уялдуулж хуулийн төсөлд оруулсан.  Хууль хэрэгжсэнээр Монгол оронд бизнес эрхлэх таатай орчныг бий болгоно. 

Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 20-30 хувьтай, ББСБ-уудын зээлийн дундаж хүү түүнээс ч өндөр байна. Ийм хүүтэй зээл авч амжилттай бизнес эрхлэх, баялаг бүтээх боломжгүй.  Зээлгүй, зээлийн хүүгийн дарамтад ороогүй иргэд, ААН маш цөөхөн байх.

Сүүлийн 8 жил Монголын банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс дэмжиж ирсэн. Дэлхийн 79 улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон зохицуулалтууд байдаг. Энэ зохицуулалтын хүрээнд хуулийн төслөө өргөн барилаа” гэв. 

 

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоовол банкууд зээлээ зогсоох эрсдэлтэй юм биш үү?

-Банк зээлээ зогсоовол амьдарч чадахгүй болно. Төрийн мөнгөөр амьдраад байгаа банкууд байгаа бол амьдраад явах л байх. Ямар ч эх үүсвэрээс зээлээ гаргасан байсан 18 хувийн хүүнд л захирагдана. 

-Зээлийн хүүг дагаад хадгаламжийн хүү буурах уу?

-Хадгаламжийн хүү буурах ёстой. Өнөөдөр хөрөнгийн зах зээл зогсонги байдалд байгаа. Үүний гол шалтгаан нь банкны өндөр хүүтэй хадгаламж. Тэгэхээр хууль хэрэгжвэл банкны хадгаламжид буй мөнгөний тодорхой хувь нь хөрөнгийн зах зээл рүү урсах боломж бүрдэнэ. 

 

Зураг
13 | 17 | 17 цаг