Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын цагдаа нар Korean Air компанийн байранд нэгжлэг хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын цагдаа нар Korean Air компанийн байранд нэвтэрч, тус компанийн өв залгамжлагч бүсгүйн танхайн хэрэгтэй холбоотой баримтуудыг хураажээ.

Тус улсын хамгийн том агаарын тээврийн компанийн ерөнхийлөгчийн охин Чо Хюн Мин бизнес уулзалтын үеэр харилцагч сурталчилгааны компанийн ажилтан руу лонхтой ус шидсэн гэх дуулиан саяхан дэгдсэн юм.

Зургаан цагдаагийн ажилтан өнөөдөр уг хэрэгтэй холбоотой байж болох баримтуудыг хурааж авсан байна. Чо өөрийгөө буруугүй, ажилтныг зөвхөн түлхсэн гэж мэдэгдэж байгаа.

Цагдаа нар бас Чо хатагтайн гар утсыг өмгөөлөгчөөр нь дамжуулан авч, ирэх долоо хоногоос байцаахаар болжээ.

Түүнийг Өмнөд Солонгосоос гарч явахыг хориглоод байгаа юм.

Мөн уулзалтад оролцож байсан сурталчилгааны компанийн ажилтнуудын гар утасны мэдээллийг цагдаа нар бичиж авсан байна. Өмнөд Солонгосын Гаалийн Газар Korean Air компанийн эзэн гэр бүлийнхнийг гадаадаас тансаг эд бараа авчрахдаа татвараас зугтсан эсэхийг шалгаж эхэлжээ.

Чо Хюн Мин нь Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хогийн бага охин юм. Түүний эгч Хидер Чо мөн 2014 онд нислэгийн үеэр онгоцны ажилтны биед халдсан хэргээр шийтгүүлж байсан юм.

Тухайн үед тэр нэгдүгээр ангиллын суудалд үйлчлүүлж байхдаа самрыг тавган дээр тавьж өгөлгүй, ууттай нь өгсөнд уурлаж үйлчлэгчийг зодон, улмаар нисэх онгоц нь буцаж газардахад хүрч байжээ.

Энэ хэргийг хэвлэлүүд “самарны хэрэг” гэж нэрлэж байсан бол сүүлийн хэргийг “усны хэрэг” гэж нэрлээд байна.

Уг дуулианд бухимдсан иргэд Korean Air компанийн нэрнээс улсын нэрийг хасуулах, билэгдлээс нь улсын төрийн далбааны хэсгийг хасуулах хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа юм. Гарын үсгээ зурсан иргэдийн тоо 30 хоногийн дотор 200,000 хүрвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газар заавал хариу өгдөг хуультай ажээ.

 

Эх сурвалж: Korea Times