Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд шаардлагыг биелүүлтэл тэмцэхээ илэрхийлэв

О.Булган, iKon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 30 хувь, нийт 126 гишүүнийг сэлгэх дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж өнгөрөв. 

Орхон болон Булган аймагт малын шүлхий өвчин гарсны улмаас дотоод сонгууль зохион байгуулаагүй, санал хураалтыг түр хойшлуулжээ.

Нийслэлд болж өнгөрсөн Ардчилсан намын энэ удаагийн сонгууль Баянзүрх дүүрэгт нилээн асуудалтай болж өнгөрсөн бөгөөд санал авах байрын гадаа эмх замбраагүй байдал үүссэн тухай өчигдөр нийгмийн сүлжээгээр мэдээллэсэн.

Мөн Ардчилсан нам дотоод сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар 11:00 цагт төв байрандаа хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байсан ч Баянзүрх дүүргийн ардчилсан намын эрх нь зөрчигдсөн гишүүд ирж шаардлага хүргүүлснээр хэвлэлийн бага хурал болсонгүй. 

Харин Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд өчигдөр болж өнгөрсөн сонгуулийн талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Өчигдөр гурван байршилд явагдсан сонгуулийн саналын хайрцгийг дунд нь булааж авсан

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч асан Т.Батцогт “Сонгуульд санал өгөх гишүүд дунд шатны намын дарга буюу үүрийн даргаар баталгаажсан байдаг. Баянзүрх дүүргийн АН 10 мянга гаруй гишүүнтэй бөгөөд нийт 5,300 гишүүдийн санал өгөх эрх үүссэн байсан. Харамсалтай нь өчигдөр дотоод сонгуулийн хорооноос гаргасан санал өгөх эрхтэй хүмүүсийн тоонд тус гишүүдийн нэрс байхгүй, хассан байв. Гурван байршилд сонгууль явагдсан боловч тэнд бидний нэг ч нэр байгаагүй.

Ингээд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүний хариуд төв намаас томилогдсон бие хамгаалагч, бөхчүүдээр бид нар луу дайралт хийлгэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн өчигдөр гурван байршилд явагдсан сонгуулийн саналын хайрцгийг дунд нь булааж авсан. Саналын хайрцган дотор хуурамч саналын хуудас хийх, авч зугтаах гэх мэт дүрмийн бус үйлдлүүдийг сонгуулийн байранд явуулсан” гэв.

Тэд өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн Бичгийн дарга Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нарт шаардлага хүргүүлж үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж хэд хэдэн алдааг залруулахыг хүссэн шаардлага хүргүүлжээ.

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд үндсэн дүрмээр олгогдсон эрхээ хамгаалан шаардлагыг биелүүлтэл хатуу тэмцэхээ илэрхийлэв.