Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочгүй машин анх удаа хүний аминд хүрсэн тохиолдол гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд технологийн компаниуд жолоочгүй буюу компьютерийн удирдлагатай автомашиныг зохион бүтээхээр туршиж байгаа. Тэгвэл Uber компанийн туршиж байсан жолоочгүй автомашин өчигдөр нэгэн эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ.

Аризона мужийн Темп хотод энэ осол гарч, хохирогч эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч бэртлээ даалгүй амьсгал хураасан байна.

Уг явдал нь анх удаа жолоочгүй машин явган зорчигчийн аминд хүрсэн тохиолдол болж байгаа юм. Жолоочгүй ийм машиныг хүнээр жолоодуулсан автомашины аюул, эрсдлийг багасгах зорилгоор бүтээж байгаа.

Uber компани хэрэг явдлын дараа Темп дэх туршилтын ажиллагаагаа зогсоосон байна. Мөн Сан Франциско, Торонтод явуулж байгаа үйл ажиллагаануудаа зогсоожээ.

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба Uber компани мөрдөгчидтэй хамтран ажиллаж байгаагаа мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider