Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхбаатар: "Гэрээр зочлох" хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ

Зууны мэдээ
2018 оны 3 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэд хэдэн тохиолдлууд олон нийтэд ил болж нийгмийг нэлээд цочирдууллаа. Үүнээс гадна бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон ч “нууцлагдаад” өнгөрсөн тохиолдлууд бий. Энэ талаар холбогдох байгууллагын зүгээс ямар хариулт өгөх вэ?

-Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг шалган шийдвэрлэх, гэм бурууг тогтоох ажлыг хууль хүчний байгууллагууд буюу цагдаа, прокурор, шүүхээс хэрэгжүүлдэг. Нөгөө талаас та бүхэн мэдэж байгаа болов уу. Хуучин Хүүхдийн төлөө үндэсний газар нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон бүтцээ өөрчилж гэр бүл, залуучуудын хөгжлийн асуудлыг давхар хариуцах болсон.

ГБХЗХГ нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зарим чиг үүргийг хуулиар хүлээсэн. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээр хуулиар бүх төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээг тодорхой болгосон.

-Тухайлбал?

-ГБХЗХГ нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг эрсдэлт нөхцөлд байгаа, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд үзүүлэх чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийг орон нутаг дахь анхан шатны нэгжүүд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар бий болсон хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, бүх шатны нийгмийн ажилтнуудаар дамжуулан хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эрх зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлын үнэлгээ хийн хамтарсан баг болоод бусад зохион байгуулалтын нэгжээр дамжуулан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлдэг.

Сүүлийн үед мэдээлэл технологи нэлээд хөгжсөнтэй холбоотойгоор бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг цахим орчинд нэлээд түгээмэл яригдаж байгаа.

Манай агентлагийн тухайд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэх, хамгааллын үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг гүйцэтгэж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахын тулд энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг судлах шаардлага тулгарсан. Энэ хүрээнд бид өнгөрсөн онд бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой стратегийн өмгөөлөл хийлгэх зорилгоор төрийн бус байгууллагатай хамтран ажиллалаа. Уг төрийн бус байгууллага эхний ээлжинд 2014-2016 онд улсын хэмжээнд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 80 хэргийн хавтаст материалтай танилцаж, судалгаа хийсэн.

-Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг гарах шалтгаан нь юу байна вэ. Хохирогчийг хэрхэн хамгаалах вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ тавих анхаарал халамж муу байгаатай холбоотой нь судалгаагаар тогтоогдсон. Тодруулбал, нийт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдарч байхдаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна.

Мөн нийт гэмт хэргийн гомдол мэдээллийн эх сурвалжийн 78 хувь нь гэр бүлийн гишүүд, 5 хувь нь хохирогч өөрөө, 4 хувь нь хамаатан садан байна. Эндээс 80-90 хувь нь хохирогч болон түүний хамаатан садангуудаас ирсэн мэдээллээр энэ төрлийн гэмт хэрэг илэрсэн байна.

Түүнчлэн хэрэг гарсан өдөр цагдаагийн байгууллагад мэдээлсэн тохиолдол нийт гэмт хэргийн 52 хувь, долоо хоногийн дотор 11.25 хувь, үүнээс бусад хугацаанд 36 хувь нь мэдээлдэг бөгөөд цагдаагийн байгууллагад ирүүлсэн мэдээллийн 90 хувийг долоо хоногийн дотор хэрэг үүсгэн шалгадаг болох нь судалгаагаар гарсан. Би дээр хэлсэнчлэн Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр ГБХЗХГ хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх чиг үүрэгтэй болсон.

2014-2016 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 80 хүүхдийн хавтаст хэргийн материалыг үзэхэд 93.75 хувь нь огт сэтгэлзүйн болон бусад үйлчилгээ авч байгаагүй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, манай улс 2016 оноос өмнө энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх үйлчилгээгүй байсан гэсэн үг. Харин Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр хууль эрх зүйн орчин бүрдэж, үзүүлэх үйлчилгээ, нэр төрөл нь тодорхой болсон.

Бид хамтарсан багаар дамжуулан энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байгаа.

-Хамтарсан багийн үзүүлэх үйлчилгээг тодруулахгүй юу?

-Монгол Улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг “Хүүхдийн тусламжийн утас 108”, “Цагдаагийн газрын 107” утсаар хүлээн авч байна. Мөн иргэдийн гомдол мэдээллийг бичгээр, биеэр, аман байдлаар холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч байгаа. Ирсэн гомдол мэдээллийг авсан хамтарсан багийн гишүүд нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх хүртэлх үйлчилгээг үзүүлдэг.

Хэрвээ нөхцөл байдлын үнэлгээгээр гэмт хэргийн шинжтэй байж болох шинж тэмдэг илэрвэл хэргийг цагдаагийн байгууллагын харьяалалд өгдөг. Ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аюулгүй байдлын үнэлгээг цагдаагийн албан хаагч хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийг энэ орчинд нь үлдээгээд явах нь амь нас, эрүүл мэнд, хөгжих хэвийн орчинд нь эрсдэлтэй байна гэж үзвэл хүүхдийг тусгаарлах үйлчилгээ буюу түр хамгаалах байранд байрлуулдаг.

ГБХЗХГ-ын хувьд өнгөрсөн жил “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн дэргэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг байгуулсан. Хамгаалах байр ашиглалтад орсноос хойш нийт 321 хүүхэд үйлчлүүлээд байна.

- Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

-ГБХЗХГ-ын харьяа 21 аймаг, есөн дүүргийн газар, хэлтэс болон “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвийн тоон мэдээллээр бид 2018 он гарснаас хойш улсын хэмжээнд бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нийт 30 тохиолдол бүртгэгдсэнээс хуулийн шатанд шийдвэрлэгдээд явж байна. Мөн хамгааллын хариу үйлчилгээг үзүүлээд байна. Нийт тохиолдлыг насны ангиллаар авч үзвэл 14 хувийг 0-7 нас, үлдсэн хувийг нь долоогоос дээш насны хүүхэд эзэлж байна. Үүнээс харахад, нийт 30 тохиолдлын ихэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа юм.

Бид хуулийн дагуу хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, он гарснаас хойших нийт 30 тохиолдлын 67.6 хувьд нь нөхцөл байдлын үнэлгээ, 37.8 хувьд нь түр хамгаалах байранд байрлуулан аюулгүй байдлыг хангах, 81.1 хувьд нь хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгсөн. Мөн давхардсан тоогоор 50 хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өглөө.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тохиолдолд тухайн хүүхдийн эрх ашгийг хамгаалуулахаар хууль ёсны төлөөлөгчийг томилох тухай тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаах шатанд эцэг эх, хамаатан садан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж мөрдөгч тогтоосон тохиолдолд хүүхдийн байгууллага тухайн хүүхдийн хохирсон эрх ашгийг сэргээлгэхээр шүүхэд хууль ёсны дагуу томилогдон ажилладаг. Уг үйлчилгээг 48.6 хувьд нь үзүүлэн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ.

Өмнө хэлсэнчлэн 2016 оноос өмнө эдгээр үйлчилгээнээс гадна хууль эрх зүйн өмгөөллийн үйлчилгээ авсан тохиолдол байгаагүй. Хууль эрхзүйн өмгөөллийн үйлчилгээг хохирогчийн төлбөрийн чадвар, нөгөө талаас хохирогчийн өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу үзүүлдэг. Энэ дагуу хууль зүйн хороо болон хамтарсан багийн гишүүд он гарснаас хойш есөн хүүхдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс гадна хохирогч хүүхдийн халамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад төрлийн үйлчилгээнд холбон зуучилж байна. Шаардлагатай тохиолдолд түр хамгаалалтад авахын тулд сумын төвөөс аймгийн төв рүү шилжүүлэх тохиолдол ч гардаг.

-Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна вэ?

-Судалгаанаас харахад, нийт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Судалгаанд хамрагдсан 80 хэргийн 17.5 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь тогтоогдсон. Ингээд харахаар эцэг эхчүүдэд энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдээ өртөхөөс урьдчилан сэргийлэх, анхаарал халамж тавих гэдэг асуудал байхгүй, хийхгүй байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм.

Үүнтэй холбогдуулан бид 2018 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөнд гэр бүлд чиглэсэн “Гэрээр зочлох” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын хэмжээнд нийт 860 гаруй мянган өрх бий.

Бид эхний удаад эдгээр өрхийн 40 хувьд нь “Гэрээр зочлох” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бид анхан шатны нэгжээрээ дамжуулан эрсдэлтэй, энэ төрлийн мэдлэг мэдээлэл шаардлагатай байж болох өрхийн мэдээллийг гаргах юм. Энэ бол бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээ хамгаалах нэгдүгээр алхам. Хоёрдугаарт, хохирогч болсон хүүхдэд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах, сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгт дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээлэлтэй болгоход анхаарч ажиллана.

Зураг