Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу шилжүүлэх бэлтгэлээ шуурхай хангахыг Хотын даргад даалгалаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Засгийн газрын хуралдаан боллоо /2018.02.22/-

НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад 1,933 хүн ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 5,700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна.

Яармагт шилжүүлснээр үйлчилгээ авах гэсэн дээрх хэдэн мянган хүн хотын төвийг зорих шаардлагагүй болох юм.

Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын шинэ төв байгуулах, иргэдэд нутгийн захиргааны үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг зорилготой юм.