Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын байгууллагуудын 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байна"

Т.Саран, iKon.mn
2018 оны 2 сарын 1
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн"-г танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шалгалтыг 2017 оны нэгдүгээр сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 01-ний хооронд хийсэн. 

Шалгалтад нийт 1,281 аж ахуйн нэгж хамрагдсанаас 131 аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байрны төлбөрийг хуулийн дагуу төлж, 794 аж ахуйн нэгж байгууллага 1,908 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж байна. 

Төрийн болон төсвийн байгууллагын дөнгөж 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй мөртлөө, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ч мөнгө төлдөггүй. Яагаад эдгээр иргэдийг авч ажиллуулдаггүй шалтгаанаа өндөр дээд мэргэжилтэй хүмүүсийг авч ажиллуулдаг, төсөвт мөнгө тусгагдаагүй учир хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө төвлөрүүлдэггүй гэдэг. Энэ бол шалтаг. Түүнээс биш Засгийн газрын тогтоолоор хуульд бүгдийг зааж өгсөн байгаа. 

Уг нь бол байгууллагууд нийт ажилчдынхаа 0.4-өөс доошгүй хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулах ёстой. Ингэж ажиллуулаагүй нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө төвлөрүүлэх ёстой. 

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40.3-д "Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн тогтвортой орлого бүхий байнгын ажлын байрыг шинээр бий болгоход зарцуулах учиртай. 

 Ингээд зөрчил илэрсэн дээрх байгууллагуудад 7,347,219 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьж, 131 байгууллагад 335,100 мянган төгрөгийн захиргааны хариуцлага ногдуулж, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагад 6 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн" гэлээ. 

82 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилгүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганболд "Манай улсад 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тооцоо бий. Ойролцоогоор 90 мянган хүн нь хөдөлмөрийн насны хүн байгаа. Үүнээс 82 мянга нь одоогийн байдлаар ажилгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлт, судалгаа хөгжлийн төвийг барьж байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрт хэрхэн зуучлах вэ? зуучилсныхаа дараа тухайн хүнийг ажлын байран дээрээ дасан зохицтол нь сургалтыг хийж байх ажлыг хийхээр төлөвлөж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд Ерөнхий сайдын дэргэд дэд зөвлөл, аймаг нийслэлд салбар зөвлөл байгуулна гэж заасан байдаг.  Өнгөрсөн онд бүх яамдууд дээр дэд зөвлөл байгуулагдсан. Үүний хүрээнд тухайн салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичнээн төсөв хөрөнгө шаардлагатай талаар хэлэлцээд явах бүрэн боломжтой болсон" гэв. 

Зураг
17 | 18 | 20 цаг