Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн Тамгын газрын дарга нарын сургалт, зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ

ikon.mn
2017 оны 12 сарын 13
iKon.MN

Шүүхийн Тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн өнөөдөр (2017.12.13) эхэллээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан энэ удаагийн сургалт, зөвлөгөөний онцлогийг "Шүүхийн үйлчилгээ, менежмент ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагуудаар судлууллаа. "Эн Пи Си энд Мандал”, "Т.У.С солюшн” компаниуд судалгааныхаа дүнд тулгуурлаж сайн туршлага, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар та бүхэнд хичээл заана. Мөн шүүхийн үйлчилгээг сайжруулах, тамгын газрын үйл ажиллагааны менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөнө” гэж тодотгов.

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ. Эхний өдөр шүүхийн тамгын газрын үйлчилгээ, менежментэд судалгаа хийсэн байгууллагуудын төлөөлөл "Шүүхийн үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам”, "Шүүхийн тамгын газрын менежментийг боловсонгуй болгох нь” сэдвээр хичээл зааж, оролцогчидтой зөвлөлдөнө.

Мөн Стандарт, хэмжилзүйн газраас "Менежментийн тогтолцооны шинэчлэл (ISO 9001 стандарт)-ийг хэрэгжүүлсэн сайн туршлага” сэдвээр танилцуулга хийх юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгжийн дарга нар маргааш хариуцсан сэдвийнхээ дагуу шүүхийн тамгын газрын дарга нарт мэдээлэл өгч, зөвлөлдөнө.

Харин сургалт, зөвлөгөөний гурав дахь өдөр шүүхийн тамгын газрын дарга нар Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байран дахь шүүх хуралдааны "Green hall” танхимтай танилцаж, энэ жилийн ажлаа дүгнүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулахаар товложээ.

Шүүхийн тамгын газрын дарга нарын 2017 оны жилийн эцсийн сургалт-зөвлөгөөнд бүх шатны шүүхийн 40 тамгын газрын дарга нар оролцож буй юм.

 

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс