Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол 2017 оны Жилийн тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа

ikon.mn
2017 оны 11 сарын 23
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам) Жилийн тайлангийн хурал 2017 оны 11-р сарын 22-ны Лхагва гарагт Шангри-Ла зочид буудлын Парис-Бээжин танхимд боллоо.

Хуралд Монгол улс дах АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер болон АмЧамын 50 гаруй гишүүн байгууллагын төлөөлөл оролцож, АмЧамын тэргүүлэх чиглэл, цаашдын ажлын зорилт чиглэлийг тодорхойлж, санал хураалтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) бүрэлдэхүүнд шинээр таван гишүүнийг сонголоо.

 

АмЧамын ТУЗ-ийн сонгуульд нийт найман нэр дэвшигч таван суудлын төлөө өрсөлдсөнөөс PwC аудит ХХК-ийн компанийн захирал Елена Песич, Монполимет Группын Ерөнхий захирал Н. Мөнхнасан, Минтер Эллисон ХХН-ийн Ахлах хуульч Скотт Шлинк, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ- ийн Гүйцэтгэх дэд дарга Рандольфф Коппа, Саусгоби сэндс ХХК-ийн компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч. Мөнхбат нар олонхийн саналаар сонгогдлоо.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жэймс Лиотта арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ

“2017 он бол АмЧамын хувьд онцлох жил байлаа. Бид шинээр 10 гишүүн байгууллага элсүүлж, нийтдээ 30 гаруй арга хэмжээ зохион байгуулж, бодлогын таван баримт бичгийг боловсруулсан.

Үүний сацуу Монголын томоохон бизнес компаниудын төлөөлөл бүхий хамгийн өргөн хэмжээний Худалдааны айлчлалыг зохион байгуулж, санхүүгийн салбарыг улам чадавхижуулж, уг салбарт олон улсын шалгарсан стандарт, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Санхүүгийн салбарын хороог шинээр байгууллаа. Ирэх 2018 он АмЧам болон түүний гишүүдэд амжилт бүтээлээр дүүрэн жил байх болно гэдэгт эргэлзэхгүй байна”, гэв.

Монгол улс дах АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер хэлсэн үгэндээ

“2017 онд АмЧам ихээхэн амжилттай ажиллаа. 2018 онд АНУ-ын Элчин сайдын яам АмЧамтай хамтран Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.

Эдийн засгийн хөгжилд асар их хувь нэмэр оруулах чадвартай хувийн хэвшлийнхний сайн туршлага, эрч хүч, шинэлэг санааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг холбогдох төвшний шийдвэр гаргагч нарт хүргэхэд Элчин сайдын яам болон АмЧам хамтран ажиллаж, нягт холбоотой байх нь чухал” гэсэн юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.