Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Мугабэгийн хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагийн өглөө эрт Зимбабве улсын нийслэлд цэргийн эргэлт гарч, 37 жил улсыг удирдсан 93 настай Роберт Мугабэг гэр бүлийнх нь хамт гэрийн хорионд оруулсан билээ.

Цэргийн эрхтнүүдийн зорилго нь Мугабэг огцруулж, төрийн жолоог түүний эхнэр 52 настай Грэйс Мугабэд шилжүүлэхийг болиулах байв. Сүүлийн хэдэн өдөр цэргийнхэн Өмнөд Африкийн БНУ-ын зуучлагч нарын хамтаар Мугабэтэй хэлэлцээр хийсэн юм. Тус улсын 13 сая хүн ам хэлэлцээрийн үр дүнг чих тавин хүлээж байлаа. Бямба гарагт нийслэл Хараре хотод иргэдийн жагсаал болж, Мугабэг огцрохыг шаардсан байна.

Харин Ням гарагийн өглөө Зимбабвегийн эрх баригч Zanu-PF нам Роберт Мугабэг намын даргаас огцруулж байгаагаа зарлаад түүнийг ерөнхийлөгчийн суудлаас сайн дураар буухыг уриалсан юм. Түүний эхнэр Грэйс Мугабэг намаас хөөсөн байна.

Ням гарагийн орой Мугабэ үндэсний телевизийн сувгаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхээр болжээ. Иргэд түүнийг огцрох мэдэгдэл хийнэ гэж хүлээж байв. Гэтэл санаанд оромгүй явдал болж, Мугабэ огцрох тухай ганц ч үг унагасангүй. Харин тэр өнгөрсөн хугацаанд зарим талаар алдаатай бодлого явуулж байснаа хүлээн зөвшөөрч, эдийн засгаа сэргээх арга замын талаар ярьсан байна.

Тэр бас эрх баригч нам доторх ахмадууд залуу үеийнхний үзэл бодлыг сонсож, хамтарч ажиллах хэрэгтэйг онцолжээ. Товчхондоо тэр огцрох бодолгүй, цаашдаа алдаагаа засаад явах тухай ярьсан байна.

Гэтэл ZANU-PF нам өчигдөр өглөө түүнд 24 цагийн хугацаа өгч, Даваа гарагийн үд дундаас өмнө сайн дураараа огцрохгүй бол хүчээр огцруулна (impeachment) гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Зимбабвегийн засгийн эрх тайван замаар шилжих үү, эсвэл хямрал үргэлжлэх үү гэдэг нь өнөөдөр тодорхой болно.

 

Эх сурвалж: Quartz