Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбуудайн даатгалд даатгуулсан 4 аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олголоо

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN

2017 онд Улаанбуудайн даатгалд даатгуулсан нийт аж ахуйн нэгжүүдээс 4 аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр өнөөдөр олголоо. 

Энэ жил 11 аж ахуйн нэгж манай даатгалд хамрагдсан

 

Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-ийн Андеррайтингийн газрын дарга Т.Оюунбат "Сүүлийн жилүүдэд ган, байгалийн гамшгийн давтамж ихэсч байгаатай холбоотойгоор Төрийн өмчит ХАА-н давхар даатгал болон ХХААХҮЯ-тай хамтран тариалан эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах зорилгоор нэрлэсэн эрсдэлт улаанбуудайн даатгалын бүтээгдэхүүнийг 2016 оноос эхлэн туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэ жилийн хувьд голлох үрийн улаан буудайг улсад өргөжүүлэхээр сонгогдсон 10, сайн дураараа сонгогдсон нэг аж ахуйн нэгж манай даатгалд хамрагдсан байгаа" гэлээ.

Төв аймгийн Жаргалант, Эрдэнэсант сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгуудад халуун хуурай, хур тунадас багатай байсны улмаас хохирол амссан компаниудад нөхөн төлбөр олгох батламжийг гардуулж өглөө.

Бид ХАА-н давхар даатгал болон улаан буудайн ургацын даатгалаа санал болгож байна

 

"Ард даатгал"-ын СЕО Г.Цогбадрах "Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхны газар тариалангийн даатгалын зөвшөөрөл авсан компани бол "Ард Даатгал". Бид 2017 онд ХАА-н давхар даатгал болон гадаадын компанитай хамтраад Монголын тариаланчиддаа улаанбуудайн ургацын даатгалаа санал болгосон. 

Бид энэ онд нийтдээ 5 аймгийн 11 компани, 8 суманд даатгалыг хэрэгжүүлсэн. Даатгал маань 5-10 сарын хооронд богино хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгч дүгнэдгээрээ онцлогтой" гэсэн юм.

Нэрлэсэн эрсдэлт улаанбуудайн даатгалд Сэлэнгэ, Төв, Булган аймгийн нийт 8 сумын 9 аж ахуйн нэгжийн 817.07 га талбайд тариалсан үрийн болон таваарын улаанбуудайг “Ард даатгал” ХХК даатгаж, “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК давхар даатгажээ. 

Тариалангийн даатгалын тухай хуулийг ХХААХҮЯ-наас Засгийн газарт өргөн барьж байгаа

 

Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайван "Тариалангийн даатгалын тухай хуулийг ХХААХҮЯ-наас Засгийн газарт өргөн барьж байгаа. Энэ хууль батлагдсанаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, мөн тус салбарт бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгдсэн зохицуулалтад оруулж байгаа юм. 

Мөн хууль батлагдсанаар олон улсын жишгийн дагуу тариалан эрхлэгч нар маань болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж, учирсан хохирлыг газар тариалангийн даатгалын хураамжийг төлснөөр даатгалд хамрагдаж, нөхөн төлбөрөө аван санхүүгийн үйл ажиллагааг илүү найдвартай байдалд шилжүүлж буйгаараа давуу талтай" гэлээ.