2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургуулиасаа хөөгдсөн хятад оюутанд бичсэн америк профессорын захидал...

ikon.mn
2017 оны 10 сарын 11
www.ikon.mn

Хятадын Шандуны Их сургуулийн докторант Э.Хулангийн орчуулсан нэгэн нийтлэлийг хүргэж байна. 

Энэ нийтлэл нь Хятадын цахим орчинд маш их уншигдаж байгаа бөгөөд төгсөлтийн дараах сургалтын явцад тохиолддог асуудлыг бичсэн бөгөөд боловсрол, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг эрэлхийлдэг хүн бүрт сонирхууштай захидлын нэг болжээ. 


Оюутан ...................... танаа:

“Сургуулийн бүртгэлд үлдээж өгөх” тухай чиний хүсэлтийг Төгсөлтийн дараах сургуулийн захирлын зөвлөлийн хурлаас татгалзсан мэдээг хүлээн аваад, би дараах зүйлийг чамд хэлэхийг хүслээ.

 Энэ бүхэн чиний бүтэлгүйтэл, бас миний ч бүтэлгүйтэл. Чамд их хэцүү байгаа, надад ч бас их хэцүү байна. Профессор хүн энэ насандаа тийм ч олон магистр, докторын оюутан бэлтгээд байж чаддаггүй. Саяхан өөд болсон чиний биширдэг Ю профессор л гэхэд амьдралдаа “Өрнө Дорнын харьцуулсан философи”-ийн магистр, докторын нийт есөн оюутан бэлтгэсэн. 

K Их сургуульд миний үүсгэн байгуулсан “Өрнө Дорнын харьцуулсан судалгаа”, анхны оюутнаас сүүлийн оюутан хүртэл нийт арван нэг байсан. Чи бол арван нэг дэх нь. Одоо арван нэг дэх нь үгүй боллоо. Төсөл зогссон тул цаашид ч (11 дэх оюутан гэж – Э.Х) дахин байх боломжгүй. 

Америкт, эсхүл K их сургуульд, хаа сайгүй өрнийн соёлоор амьсгалж байхад үүн дээр нэмээд Хятадын соёлын судалгааны төсөл хэрэгжүүлнэ гэдэг бол тийм ч амар биш. Энэ бүхэн профессороос өөрийн хүслээр буюу ямар нэг үнэ өртөг авалгүй оруулж буй хувь нэмэр. Магистр, докторын бүх оюутан бол профессорын бүтээл мөн. Би нэг л тогтсон шаардлагыг бүх оюутнууддаа тавьж, бүх бүтээлээ сод бүтээл байгаасай гэж хүсдэг. Чи сургуулиас хасагдсанаар арван нэг дэх бүтээл маань гологдол болж орхилоо. Чи бээр тэрхүү тогтсон шаардлагад хүрээгүй нь бидний хамтын бүтэлгүйтэл.

Чамд “Чиний урагшлах зам хаагдчихлаа” хэмээн бодогдож байгаа. Энэ бол буруу. Чиний урагшлах зам хязгааргүй олон сонголттой хэвээр буй. Чи бизнес хийх, интернет сүлжээнд өөрийнхөө эсээний сайтыг бий болгох, эсвэл Хятад руу буцаж очоод компани байгуулж, дахин шинээр чамайг хүлээн авах төсөлд суралцаж болно. Би чамайг өөр салбарт, өөр газарт ололт амжилттай байгаасай гэж хүсэж байна. Хэрвээ, чи цаашид академик ертөнцөд эрдмийн ажил хийхээр сэтгэл шулуудсан бол миний доор бичсэн зүйл нь чамд өгөх үдэлтийн бэлэг болог. Хэрвээ чи эрдмийн ажил хийхийг хүсэхгүй бол доор бичсэн зүйлсийг уншаад огтхон ч хэрэггүй. Энэ дэлхийд хүний явах зам маш олон, заавал эрдмийн ажил хийгээд байх хэрэггүй, хүн шиг хүн байхад л амьдралын үнэ цэнэ оршино. Чи энэ хүрээд цааш уншихгүй байж болно: “Чи хүнийхээ хувьд сайн хүн бай, чамд амжилт хүсье”.

Хэрэв чамайг цааш уншихаар бол, чи “эрдмийн ажил хийх” энэ замаар алхмагцаа яагаад бүтэлгүйтсэн шалтгааныг чамайг мэдэхийг хүсэж байна гэж би төсөөлье. Хэрэв зээ, чи эрдмийн ажил хийх энэ замаар явахыг хүссээр байгаа бол доорх зүйл чамд хэрэг болно. Би илэн далангүй хэлье. 

Үнэн хэрэгтээ, би хэзээ ч чамтай бөөрөнхийлж, тойруулж ярьж байгаагүй, бас чамд тавьсан шаардлагаа ч өөрчилж байгаагүй. Чиний бүтэлгүйтлийн шалтгааны зарим нь чиний өөрийн хариуцлага, зарим нь чамайг ийм болгож сургасан боловсролын хэв загвар, нийгмийн орчны хариуцлага, зарим нь миний хариуцлага.

Эхлээд өөрийнхөө хариуцлагыг авч үзье. Миний хариуцлага бол: чамайг элсүүлэхгүй байх байсанд оршино. Учир нь чиний авахыг хүссэн зүйлийг би чамд өгөх аргагүй билээ.

Чиний авахыг хүссэн зүйл бол Америкт ирээд энэ дэх хүрээлэлтэй танилцаж, профессортой харилцаагаа зузаатгаад, зарим нэг арга самбаа ашиглаж, чиний төлөвлөгөөний дагуу профессор багшаар чи өөртөө даалгавар өгүүлж, хөнгөхөн гээч нь нэг эрдмийн зэрэг авч; энэ эрдмийн зэрэгтээ дулдуйдан, өөрийгөө судлаач болчихлоо хэмээн ярьж, дараа нь Хятадад юм уу Америкт мөнгө их олдог бас нэр хүндтэй ажил олж хийх. Чи ирээдүйд их сургуульд багшилна гэж ярьдаг, чи надад нэг биш удаа заавал ч үгүй энэхүү эрдмийн зэргийг авах болно гэж хэлж байсан. Би чамд энэ эрдмийн зэрэг чухал гэдгийг ойлгож байна.  

Гэвч, миний чамд зааж чадах зүйл бол хүн байхуй, эрдмийн ажил хийх үндсэн зарчим, чамайг мэдлэгийг хүндэтгэдэг, үнэнд хайртай хүн болгох юм. Эрдэм шинжилгээний ертөнцөд, чи аливаа нэг ашгийн төлөө худал хэлдэг байх ёсгүй, зөвхөн үнэнийг хэлэх, бас өөрийнхөө хэлж буй үг бүрийнхээ эзэн байх; чи заавал ч үгүй ул суурьтай, алхам алхмаар мэдэхгүйгээ эрж, дөт биш замаар явж; бас заавал ч үгүй өөрийнхөө хязгаарыг болон мэдэхгүйгээ мэддэг байх хэрэгтэй, чи өөрийн хувийн үзэл, бодлоо “шударга”-аар дөвийлгөлгүй дарж, ингэж байж, чи сая эрдмийн ажлыг хийхээр эхлүүлж болно. Миний эндээс эрдмийн зэрэг авахыг хүсвэл, чи заавал эдгээр шаардлагад хүрэх ёстой.

Миний мэдлэг ямар ч үнэ төлбөргүйгээр намайг даган үнэний эрэлд мордохыг хүссэн тийм оюутанд зориулагдаж болно, гэхдээ наймаалцахгүй.

Энэ бол бидний хоорондох ялгаа. Би чамайг миний хоёр хичээлийг сонгосны дараа бидний дунд байх эл ялгааг сая олж мэдсэн юм. Энэхүү ялгаа, бидний хоорондын бүхий л зөрчлийг үүсгэсэн. Би чамайг элсүүлсэн нь миний алдаа болохыг ойлгосон, бас миний чамд гаргасан алдаа, чамаар алдаан дунд алс хэтийг төлөвлүүлж.

Хоёрдугаарт, чиний хариуцлагын талаар авч үзье. Чиний хариуцлагыг тухай яриваас, үнэндээ энэ бол миний хамгийн сүүлд чамд өгөх үнэлгээ. Эсхүл, миний чамд өгөх тайлбар –– Яагаад чи эрдмийн ажил хийхэд тохиромжгүй вэ. Чи маш сайн бизнесмен, компаний захирал эсвэл өөр мэргэжлийн хүн болж чадна. Эрдэм шинжилгээ эрхлэх нь бизнес эрхлэх эсвэл цэвэрлэгч байх зэрэг албан тушаалын зэрэглэлийн ялгаанд биш харин мэргэжлийн шаардлагын хувьд илэрхий ялгаатай байдагт оршино. Эрдмийн ажил хийхэд ёс суртахуунлаг байх хэрэгтэй, нэн түрүүнд, хүн болох хэрэгтэй. Миний өмнө ярьсан (бидний хоорондын Э.Х) ялгаа, эрдэм шинжилгээний талбар дээрх гэхээсээ илүүтэй хэрхэн хүн байх вэ гэдэгт холбогдоно. Чамайг К их сургуульд байх үед, эрдмийн ажил хийх чадварыг, би цаг ямагт чамд зааж байсан, тэдгээр чадварыг чиний бүх даалгавар, өгүүлэл дээр нарийн тодорхой биччихсэн байгаа. Гэвч, эрдмийн ажил хийх болон хүн болох хоёрын уялдааг би чамд нарийн яриагүй. Чиний хариуцлагын тухай авч үзэхдээ, би энэ асуудлыг ярих болно.

Чиний бакалаврын дүн муу байсны улмаас, би өөрийн биеэр Бээжинд чамтай ярилцлага хийсний дараа сая чамайг элсүүлэхээр шийдсэн билээ. Чамайг элсүүлсэн нь миний гаргасан шийд. Тухайн үед, чиний талаарх миний магадлал бол: хүн нь их сэргэлэн юм. Гэвч, тэр бол алдаатай магадлал, тэр алдаатай магадлалын улмаас, би чиний бүтэлгүйтлийн хариуцлагаас хуваалцах хэрэгтэй болж байна. Одоо, миний чамд өгөх үнэлгээ бол: чи сэргэлэн биш, чамд эрдмийн ажил хийх хүнд байх ёстой сэргэлэн чанар огтхон ч үгүй. Энэ төрлийн сэргэлэн бол Сократын хэлсэнчлэн “Би юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ” юм.

Чи эл сургуульд элсэх үедээ, Америкт сурна гэдэг их амархан хэмээн төсөөлөхөөс гадна хүмүүс хоорондын харилцаанд чи хэрхэн сэргэлэн байх ёстой вэ гэдгээ мэддэг байсан. Чиний тасралтгүй харуулж байсан зүйл бол чи юм бүхнийг ойлгодог; хэлэлцүүлэгт оролцохдоо ойлгодоггүй зүйлээ ч цаг ямагт ойлгодог мэт дүр эсгэж, амныхаа зоргоор чалчдаг байв. Хичээл дээр, чи эх зохиол уншдаггүй, заавал унших ёстой номыг ч худалдаж авдаггүй, интернет дэх  номын тоймыг, товч танилцуулгыг уншчихаад, даруй аймшиггүйгээр “номоо уншаад дуусчихсан, ойлгочихлоо” хэмээн зарладаг. Аймшиггүйгээр галзуу шүүмжүүдийг ч хэлдэг. Чи зүйл бүрийн шалтаг олж өөрийнхөө зөв хэмээн үздэг, тиймээс, ойлгочихлоо, чи бусад суралцагч, профессортой харьцуулахад ойлгохдоо хурдан хэмээн хялбархан гэгч нь зарлан тунхаглаж орхидог. Чамд чиний гэсэн техник бий. Гэвч чиний ном унших “техник”-ийг би огтоос сайн гэж үзэхгүй байна, тэр бол бизнес хийх техник болохоос эрдмийн ажил хийх техник биш. Чиний талаарх миний таамаг бол эхний гурван хичээл дээр миний шаардсан заавал унших номыг чи уншаагүй биш, гол нь уншиж ойлгоогүй. Чиний үнэн голоосоо хичээнгүйлэн уншиж эхэлсэн ном бол миний дөрөв дэх хичээл болох “Харьцуулсан логик” дээрх “Логик” хэмээх ном. Одоогийн байдлаар чи энэ номын 60 хувийг л ойлгосон. Энэ бол чиний ахиц. 

Чиний энэ маш хортой сурах арга барилд, дор хаяж чиний гурван “С”, хоёр “I”-ийн, талынх нь хариуцлага оногдоно гэдгийг би чамд хэлмээр байна.  

Тийм төрлийн арга барилаар эрдмийн ажил эрхлэх боломжгүй. Чи энэ тэндээс эрээвэр хураавар сониучхан мэдээлэл цуглуулж, нийтийн сонирхлыг татах зорилгоор хуучин цагт цайны мухлагт үлгэр ярьж, дамын яриа дамжуулдаг асан хүний адил өөрийнхөө сайтад тавьж болно.Олон нийт уншин зугаацаг(энэ бол чиний эрх). Үүнд ямар нэг муу зүйл үгүй, энэ бол бас нэгэн төрлийн мэдээлэл дамжуулах арга барил. Гэвч энэ төрлийн арга барилыг эрдэм шинжилгээнд ашиглаж хэрхэвч үл болно. Эрдмийн ажил эрхлэх нь сониучирхал төдий зүйл биш, бас түргэн хугацаанд мэдээлэл хамах ч биш. Эрдмийн ажил эрхлэх нь бага багаар хуримтлуулсан зүйлээ, тухайн этгээд ажилласны үндсэн дээр өмнө байгаа хүмүүсийн олж харахгүй байгаа хогийн ургамлыг яран зайлуулж, нарийвчлан задлан шинжилж; оюун ухаанаараа өөрийгөө болон өмнөх хүмүүсийг шүүж; дараа нь урдаа асар болгоомжтойгоор жижигхэн гэгч нь шинэ чулуу тавьж, хойч үеийнхэн тэр чулуун дээр гишгэхэд унахааргүй байх тухай юм.

 Чи ярих их дуртай, дандаа л ярьж байдаг. Гэхдээ чи асуудлыг ойлгомжтой илэрхийлэх нь их ховор. Эрдмийн ажил эрхлэхэд, “өөрийн ярих боломжтой бүхнийг тодорхой хэл; өөрийн ярих боломжгүй бүхнийг чимээгүй үлдээ”(Витгенштейн, Tractatus) гэсэн бий.

Мөчидхөн ойлгосон үедээ чи амныхаа зоргоор бурдаг. Үүнийг “мунхагаа гайхуулах” гэж нэрлэж болно. Энэ нь бусдыг хохирооно, төөрүүлнэ, бусдын амьдралыг үрсэн хэрэг болно. Эрдмийн ажил эрхэлдэг хүн өөрийнхөө хэлсэн өгүүлбэр болгонд хариуцлага хүлээдэг байх ёстой. Хэрэв боломжгүй, эсхүл энэ үүргийг хүлээмээргүй байгаа бол чи энэ замаар явсны хэрэггүй. Би бараа бүтээгдэхүүн сурталчлах худалдаачныг бэлтгэдэггүй (чадахгүй), бас нийтийг шуугиулж, нийтэд хайрлагдсан цахим сүлжээний редактор бэлтгэдэггүй (чадвар ч алга).

Чиний мэдлэгийн суурь их муу учир чамд хор хөнөөл болох энэ дутагдлаа нөхөх хэрэгтэй, тэгснээр сая эрдмийн ажил эрхэлж болно. Суурь мэдлэг муу байгаад сандрах хэрэггүй, чи үндсээс нь эхлээд сайн гэгч нь нөхөөд ав, гүйцэх боломжтой. Гэвч чи зарим нэг хачирхалтай, эрдэмтэн судлаачдын сонирхолд үл зохицох аргаар өөрийнхөө сул талыг халхалж байна. Эхний жишээ, чи дөнгөж ирээд надтай ярилцсан, ингэхдээ нийгэмд байр сууриа эзэлсэн зарим нэг “алдартай хүмүүс”, энэ, тэр гээд юм л бол чи тэднийг бүгдийг танина хэмээн ярьж байв. Чиний ярьсан эдгээр “алдартай хүмүүс”-ийн талыг нь би танихгүй, бас яагаад чи эдгээр хүмүүсийн нэрийг надтай ярилцах яриандаа хавчуулсныг би мэдэхгүй. Би бас эдгээр “алдартай хүмүүс”-ийг мэдэхийг ч хүсэхгүй байна. Хэрэв зээ тэдэнд ололт амжилт байгаа бол би тэдний өмнөөс баярлана, гэвч тэд чи бид хоёрын хэнд ч хамаагүй. Чи эрдмийн ажил эрхлэхээр бол надаас сайн гэгч нь сурч ав, энд нийгмийн ямар нэг “алдартай хүмүүс”-ийн талаар хөөцөлдөх хэрэг огт байхгүй. Эрдэм шинжилгээ гэдэг бол нийгмийн харилцаа (цахим ертөнц дэх харилцаа Э.Х) биш, нэрд гарах ч биш, харин ч үл тоомсорлогдох явдал. Чиний эрдмийн ажил эрхлэх зорилго заавал ч үгүй үнэний төлөөх дур хүсэл, мэдэхгүй зүйлдээ хандах сониуч зан байх хэрэгтэй. Алдартай байх эсэх нь эрдэмтэн судлаачид хамаагүй, шагнал хүртэнэ гэдэг бол тэнгэрээс шарвин унах лугаа. Судлаачдын хувьд эрдэм шинжилгээ эрхлэх нь өөрөө цэнгэл буюу. Нийгэмд “алдартай хүмүүс”-ийг ашиглан чи өөрийн байр сууриа товойлгомоор байвал чи нэг бол бусдыг, нэг бол өөрийгөө мэхэлж буй бөгөөд аль аль нь чи өөрийн дорой байдлаа, өөртөө итгэлгүй байдлаа халхлах гэсэн оролдлого. Хэрэв чи өөрийн хүн чанар, бусдыг татах увдисаар хүмүүсийн итгэлийг олохыг хүсэхгүй байгаа бол чи эрдмийн ажил эрхлэх боломжгүй. 

Бас нэг жишээ, ХХХ хичээл дээрх чиний бусдын бүтээл хуулбарласан тухай асуудал. Чи интернетээс хуулж авсан зүйлээ надад даалгавраа хэмээн өгсөн. Чи үүнийгээ “хуулбарласан” зүйл биш, намайг “буруу ойлгосон” хэмээн надад тайлбарлаж болно. Үнэн хэрэгтээ, би шууд чамайг хуулбарласан талаар мэдүүлээгүй. Бас чи зориуд хуулбарлах санаа агуулаагүй, намайг чамайг ойлгохгүй байна гэх мэтээр гомдоллож, янз бүрийн тайлбар тавиад байх шаардлагагүй. Бодит байдал дээр би чамайг ойлгосон ойлгоогүй аль нь ч асуудлын зангилаа биш. Гол зангилаа нь: нэгдүгээрт, би энэ хэргийг мэдүүлээгүй; хоёрдугаарт, миний “ойлгох”, эсхүл үл “ойлгох” нь аль ч бай энэ бол чиний хураалгасан даалгавар гэдэг нь үнэн. Интернет дэх бусдын зүйлтэй 7%-аас дээш ижил гэдэг нь гарцаагүй тогтоогдвол үүнийг “хуулбарласан” гэж үздэг (К их сургуулийн дүрэм, журмын дагуу 7 хувиас дээш ижил байвал “хуулбар” хэмээн үздэг). 

Энэ асуудлын хувьд, чиний дөт замаар явах гэсэн, суурь муу гэдгээ халхлах нь судалгаа хийх чадвар байхгүйн дутагдлаас эхлэлтэй болохоор би чамайг эрс эсэргүүцнэ. Би ийнхүү чамтай өнгөрсөн долоо хоногийн хамгийн сүүлийн шалгалт хүртэл чамайг дөт замаар явахыг сэрэмжлүүлж байнга сөргөлдлөө. 

Чиний анх удаа “хуулбарласан” энэ асуудалд, би чамайг зөвхөн “уучлаарай, би дахиж ийм зүйл хийхгүй” гэсэн нэг л өгүүлбэр хэлээсэй гэж хүсэж байсан. Гэхдээ миний удаа дараалан чиний зүгээс авч байгаа зүйл бол “чиний тайлбарыг би яагаад ойлгохгүй байна вэ, тэр бол “хуулбар” биш гэдэг гоморхол. Би чамайг хуулбарласан тухай мэдүүлээгүй, бүр чиний тэтгэлгийг ч цуцлаагүй, энэ бол миний хийж чадах, чамайг хамгаалах хамгийн том зүйл, бас чамд өгөх алдаагаа залруулах боломж. Гэхдээ чи намайг “тэр бол хуулбар биш” гэдгийг хүлээн зөвшөөрүүлмээр байгаа, энэ нь буга руу зааж морь байна гэхээс өөрцгүй буюу эрээ цээргүй өөрийн профессор багшийг чамтай цуг өөрөө өөрийгөө хуур хэмээн шаардаж буй хэрэг. Үнэндээ энэ бол тэнгэрийн доорх хамгийн агуу тэнэглэл биз ээ. Чи алдаа гаргачихаад мэлзэж болно, би түүний араас хөөцөлдөхгүй байж ч бас болно, гэхдээ чи миний чамайг гэх итгэлийг давхар үгүй хийлээ. Хэрэв чи эрдмийн ажил эрхлэхээр байгаа бол өөрийн алдааг ухамсарладаг, хариуцлагаа үүрдэг чадвар болоод зоригтой байх хэрэгтэй. Эс болбоос чи эрдмийн ажил эрхлэх боломжгүй.

Чи өөрөө хариуцлагаа үүрдэг байх хэрэгтэй. Үүнд чиний сэтгэлгээний эмгэг ч бас хамаарна. Энэ тал дээр чамайг бүхэлд нь буруутгах боломжгүй. Сэтгэлгээний эмгэг бол боловсролын доголдлын үр дүн, энэ нь миний хамгийн сүүлд чамд хэлэх гэсэн нийгмийн байдлаас үүдэх хариуцлага. Чи бол надтай учирсан өөртэйгөө хамгийн ихээр зөрчилддөг оюутан. Би чиний амьдарч байсан нийгмийн нөхцөл байдлыг санах бүрдээ чиний энэ сэтгэлгээний эмгэгийг өрөвддөг. Гэсэн хэдий ч үүнийг хэвийн бус зүйл гэдгийг бас цохох хэрэгтэй. Чи хурдхан шиг сэтгэл зүйчийн тусламж авч, энэ эмгэгээ эмчлүүлэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээ эрхэлдэг хүмүүс дотроо ч тэр гаднаа ч тэр нэгдмэл, үг аяг нь бас нэг байх ёстой. 

Жич: Dissociative disorders –сэтгэлгээний эмгэг хэмээн орчуулсан болно. Мэргэжлийн нэр томьёоны үүднээс манай улсад хэрэглэж байгаа сэтгэцийн өвчний олон улсын Х дугаар ангиллын F 44-т байдаг “Ухамсарт ухаан сарнин багтрах эмгэг” гэдэг нэртэй аж. Тус эмгэг нь төрөл хэлбэрийн хувьд олон янз. 

Хятад хэлнээс орчуулсан Энхтайваны Хулан
2017 оны 10 дугаар сар

Эх сурвалж: 
http://mp.weixin.qq.com/s/K1z-d2iNb7bgpNsphjh0OA

x