Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг “мангуу” гэж хэлснээ Тиллерсон няцаасангүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын гадаад бодлогын тэргүүн Рэкс Тиллерсон өчигдөр ховорхон үзэгддэг хэвлэлийн хурал хийж, өөрийгөө Трампын засаг захиргаанд хэвээр байгаа, огцрох бодолгүй гэдгээ мэдэгдлээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө NBC телевиз түүнийг төрийн нарийн бичгийн даргын ажлаа орхих гэж байгаа тухай мэдээлсэн юм. Тиллерсоныг дэд ерөнхийлөгч Майк Пэнс ятгаж суудалд нь үлдээсэн тухай мэдээлжээ.

Харин тэр өчигдөр эдгээр мэдээллийг няцааж, “Дэд ерөнхийлөгч хэзээ ч намайг ингэж ятгаагүй, учир нь надад албан тушаалаа орхих бодол хэзээ ч төрж байгаагүй” гэж хэлсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Трамп твиттер хуудсандаа Тиллерсоныг Хойд Солонгостой хэлэлцээр хийх гэж дэмий цаг үрж байна гэх утгатай мэдэгдэл нийтэлж байсан юм. Эндээс ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд байр суурийн зөрчил байна гэж олон хүн ойлгосон.

Үүнээс гадна NBC суваг Тиллерсон ерөнхийлөгч Трампыг “мангуу” гэж хэлсэн тухай мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сард Трамп Америкийн скаутуудын цугларалт дээр дуулиантай үг хэлсний дараа Тиллерсон ерөнхийлөгчийг ингэж хэлсэн гэсэн юм. Уг нь АНУ-ын ерөнхийлөгч нар 18 хүрээгүй сакутуудын өмнө үг хэлэхдээ улс төрждөггүй, улс орондоо хэрхэн хэрэгтэй хүн болох тухай, хувь хүний хөгжлийн талаар илтгэдэг. Харин Трамп тухайн үед хэт улс төрийн утгатай, сонгуулийн ажиллагаа гэмээр үг хэлсэн нь олон хүнийг бухимдуулсан юм.

Ноён Тиллерсон урьд нь Бои Скаут байгууллагын тэргүүн байсан тул Трампын үгэнд таатай хандаагүй нь мэдээж. Харин энэ хэлсэн үгнийх нь тухай асуухад Тиллерсон шууд няцаахаас зайлсхийж, “би ийм жижиг зүйлээр хөөцөлдөөд байдаггүй” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Independent

 

Зураг
13 | 12 | 13 цаг