Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Брунейн султан хаан ширээнд суусныхаа 50 жилийн ойг тэмдэглэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Брунейн хэмжээлшгүй эрхт султан өнөөдөр буюу Пүрэв гарагт хаан ширээнд суусныхаа 50 жилийн ойг нижгэр тэмдэглэж байна.

Одоо 71 настай Султан Хассанал Болкиах 1967 оны аравдугаар сард зүүн өмнөд Азийн Борнео аралд оршдог энэхүү жижиг хаант улсын удирдагч болсон юм. Британий колоничлолоос салсны дараа эхэлсэн түүний засаглалын хугацаанд Бруней улс газрын тос, байгалийн хийн арвин нөөцийн хүчээр дэлхийн хамгийн баян тансаг орнуудын нэг болжээ.

 

Гэхдээ бүх юм сайхан байгаагүй нь мэдээж. 2014 онд султан исламын хатуу хуулийг улс орондоо нэвтрүүлж эхэлсэн. Мөн гэр бүлийн дотоод зөрчил ил гарч, султан болон түүний дүү ханхүү Жэфри Болкиахын тансаг амьдрал дэлгэгдэж байв.

Өнөөдөр эхэлж байгаа ойн баяр маш тансаг нөхцөлд болох талаар эх сурвалжууд мэдээлж байна. Султаны баярт уригдсан зочид түүний 1,800 өрөөтэй ордонд байрлах гэнэ.

Өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоног үргэлжлэх баяр нийслэл Бандар Сери Бегаван хот даяар өрнөх ажээ. Зүүн Өмнөд Азийн орнуудын удирдагч нар, Ойрх Дорнодын язгууртнууд маргааш буюу Баасан гарагт болох хүлээн авалтад ирэх гэнэ.

Тэдний дотор хөрш Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо, Малайзийн ерөнхий сайд Нажиб Разак, Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ нар байх юм.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн удаан төр барьж байгаа хаан бол 1952 онд ширээнд суусан Британий хатан хаан Элизабет II. Харин түүний дараа Брунейн султан орж байгаа.

Гэхдээ Брунейн султан нь хэмжээлшгүй эрхт хаан гэдгээрээ онцлог. Бруней бол 400,000 хүн амтай, нэг удмынхны хаанчлал дор 600 жил оршиж байгаа улс ажээ.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 12 | 13 цаг