Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо 250 сая еврогийн татварыг Амазон компаниар нөхөж төлүүлэх шийдвэр гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Европын Холбооны эрх баригчид АНУ-ын онлайн худалдааны Амазон компанийг Люксембургийн вант улсад 250 сая еврогийн татвар нөхөж төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

Европын Холбооны шударга өрсөлдөөний асуудал хариуцсан комиссар Маргрет Вестагер 2003-2011 оны хооронд Амазон компани Люксембургийн засгийн газарт татвараа дутуу төлж байсан тул нөхөж төлөх ёстой гэж дүгнэсэн байна.

Найман жилийн хугацаанд Америк компани бусад компаниудаас дөрөв дахин бага татвар төлсөн нь үндэслэлгүй гэж үзжээ. Амазон компани Европ даяар хийж байгаа бизнесийнхээ орлогыг Люксембургт төвлөрүүлдэг нь энэ улсын олгосон татварын таатай нөхцөлтэй холбоотой юм.

Өмнө нь Вестагер Apple компанийг мөн Ирландын засгийн газарт 13 тэрбум еврогийн татвар нөхөж төлөх ёстой гэсэн дүгнэлт ноднин гаргаж байв. Гэвч энэ асуудал одоо болтол шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Амазон компани өөрийгөө Люксембургийн хуулийн дагуу ажиллаж байгаа гэж үзэн дээрх шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Харин Вестагер Люксембургийн эрх баригчдыг Европын Холбооны гишүүн орнуудын ерөнхий дүрмийг зөрчиж, бие даан Амазон компанид онцгой хөнгөлөлт үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм.

Түүнийг Google, Facebook, Apple зэрэг АНУ-ын компаниудыг зориудаар чиглэсэн шийдвэр гаргадаг гэсэн яриа гараад байгаа. Гэвч Вестагер энэ сэжгийг үгүйсгэж “Энэ бол Европ дахь өрсөлдөөний асуудал, ямар далбаан дор, хэний эзэмшилд байгаагаас үл хамааран бүх бизнесүүдийн Европт ажиллах зарчим юм” гэжээ.

 

Эх сурвалж: Telegraph

 

Зураг
13 | 8 | 8 цаг