Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Санта Клаусын бунхныг археологичид олжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Туркийн археологичид хүүхэд бүхний хайртай Санта Клаусын хөндөгдөөгүй бунхныг илрүүлсэндээ итгэлтэй байна. Тэд Туркийн Анталья муж дахь Гэгээн Николасын сүмийн дор байгаа бунхныг илрүүлжээ.

Удахгүй судлаачид сүмийн шалан дор оршиж байгаа бунханд малталт хийж хүрэх гэнэ. Дөрөвдүгээр зуунд амьдарч байсан Христийн шашны Гэгээн Николас нь бусдад бэлэг өгөх дуртай, ядарч зовсонд тусч нэгэн байсан тул яваандаа Санта Клаусын домгийн үүсэл болсон гэгддэг.

Антальягийн Демрэ дүүрэгт орших уг сүмийг сэргээсний дараа сүүлийн жилүүдэд жуулчдын цуваа тасардаггүй газар болсон юм. Олон зууны туршид Гэгээн Николасын шарилыг Демрэгээс Итали руу тээвэрлэж, Бари хот дахь сүмд шилжүүлсэн гэсэн яриа дамжсаар ирсэн.

Гэгээнтнийг нас барснаас хойш 700 жилийн дараа Византийн эзэнт гүрэн (одоогийн Турк) муслимуудад эзлэгдэх үеэр ийнхүү шилжүүлсэн гэж үздэг юм.

Венец хот ч өөрийгөө гэгээнтний шарилын хэсгийг хадгалж байгаа гэж үздэг. Харин энэ газраас олдсон түүхэн бичээсүүдийг судалсан Туркийн археологичид гэгээнтний шарил Демрэд хадгалагдсан хэвээр байгаа, Итали дахь шарил нь өөр хүнийх гэдэгт итгэх болжээ.

Ингээд сэргээгдсэн сүмийн чулуун шалыг радарын төхөөрөмжөөр шалгаж үзэхэд бунхан илэрсэн юм байна. Шарилыг хөндөгдөөгүй, бүрэн бүтэн байгаа гэж тэд дүгнэжээ.

Бэлэг өгөх дуртай Николас гэгээнтний тухай яриа Нидерландад Синтеркласын домог нэрээр хадгалагдаж байгаад сүүлд нидерланд цагаачидтай хамт Америкийн газар нутагт хүрч, олон үндэстэн угсаатны дунд тархсан гэж үздэг байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 11 | 10 цаг