Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Автобуснуудад ЗОГСООЛ ЗАРЛАХ автомат систем суурилуулжээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN

Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зогсоол зарлах системийг 1,200 гаруй автобусанд суурилуулна

 

Нийслэлийн Тээврийн Газрын орлогч дарга Г.Доржпалам "Өвлийн улиралд автобусны цонх цантах, үүнээс үүдэж зорчигчдод хүндрэлтэй байдал үүсэх, буудал зогсоол андуурах, ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүст буудлаа мэдэхгүй асуудал тулгарч байгаа.

Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд "УБ смарт карт компани", "Нийслэлийн тээврийн газар" хамтраад бүх том оврын троллейбус, автобусанд буудал зогсоолыг автоматаар зарлах системийг аравдугаар сарын 10-наас эхлэн хэрэгжүүлэхээр болсон.

Нийт 1,200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл ажил хангагдсан байна.

Энэ программ хангамжийг "УБ смарт карт компани" захиалан "Эхомн" компанийн Монгол инженерүүд бүтээсэн. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан 2015 оноос хойш хэрэгжүүлж байгаа буудал зарлах самбарыг үргэлжлүүлэн ажиллуулна" гэлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. 

Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх ба нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна.

Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож буй хурд ажлын өдрүүдэд 10 км/ц хүрдэггүй

 

Нийслэлийн Тээврийн Газрын орлогч дарга Х.Булгаа "Улаанбаатар хотод өдөр тутам 88 чиглэлд 950 орчим тээврийн хэрэгсэл, 800 мянга орчим орчим зорчигчид үйлчилж байна.

Нийслэлд тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нийт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл 500 гаруй мянга байгаагаас 400 гаруй мянга нь замын хөдөлгөөнд өдөр тутам оролцдо​г.

Энэхүү нийтийн тээврийн хэт өсөлтөөс шалтгаалж замын ачаалал өглөө, оройд түгжрэл үүсгэж, замын хөдөлгөөнийг зогсонги байдалд хүрдэг. Мөн иргэд автобусанд сууж чадахгүй, удаан хүлээх тохиолдол байнга гарч байгаа.

Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож буй хурдыг хянахад ажлын өдрүүдэд 10 км/ц хүрдэггүй, бараг явган хүний хурдтай ижил хэмжээтэй явах болсон. Ийм тохиолдолд олон улсын жишигт энэ асуудлыг зам барьж биш, нийтийн тээврээ нийтээрээ хэрэглэж шийддэг. 

Үүнээс үндэслэн "Миний сонголт- Нийтийн тээвэр" гэсэн уриалгыг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй бүх шатны байгууллагуудад аравдугаар сарын 1-нээс эхлэн уриалга гаргасан.

Нийслэл болон дүүргийн төсвөөр санхүүжүүлдэг 84 байгууллагад нийт 6,000 гаруй албан хаагчид ажилладаг. Бид хамтарсан судалгаа хийтэл нийт албан хаагчдаас 2,671 нь ажилдаа ирж, очихдоо хувийн унаагаараа ирдэг гэсэн дүн гарсан. 

Тиймээс ажлын таван өдрийн нэг өдрийг сонгож, тэр өдрөө нийтийн тээврээр зорчих уриалга хүргүүлээд байна" гэлээ.

 

Зураг
13 | 8 | 8 цаг