Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Лас Вегасын алуурчин нь банк дээрэмдэгчийн хүү, олон саяын хөрөнгөтэй нэгэн байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Стефэн Пэддок

Америкийн орчин үеийн түүхийн хамгийн том аллагыг үйлдсэн 64 настай Стефэн Крэйг Пэддок гэгчийн тухай эхний мэдээллүүд ил болжээ.

Тэрээр тэтгэвэрт гарсан нягтлан, олон саяын хөрөнгөтэй, хоёр нисэх онгоцтой чинээлэг нэгэн байжээ. Мөн мөрийтэй тоглоомын хорхойтон байсан гэнэ.

Пэддокийн төрсөн дүүгийн хэлснээр түүнд аллага хийхээр бэлдэж байгаа ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй байна. Харин нэг сонирхолтой баримт олдсон нь Пэддокийн эцэг алдартай банк дээрэмдэгч, сэтгэцийн өвчтэй гэгддэг, Холбооны Мөрдөх Товчооны хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний нэгд тооцогддог хүн байжээ.

Лас Вегасын аллагын дараа Исламын улс бүлэглэл түүнийг өөрийн дайчин байсан, хэдхэн хоногийн өмнө исламын шашинд орсон гэж мэдээлсэн. Гэвч Холбооны Мөрдөх Товчоо уг мэдээллийг няцааж, Пэддокийг ямар нэг олон улсын террорист байгууллагатай холбоогүй гэж үзжээ.

Алуурчны дүү Эрик Пэддок ямар шалтгаанаар ахыгаа аллага үйлдсэнийг ойлгохгүй байгаа, энэхүү мэдээг сонсоод гэр бүлээрээ цочролд орсныг хэлсэн байна.

 
Дүү Эрик Пэддок

Тэр “Манай гэр бүлийн дээрээс солир унах шиг гэнэтийн явдал боллоо. Яагаад ингэсэн талаар юу ч хэлж чадахгүй нь” гэж Las Vegas Review сонинд ярьжээ.

Пэддок үл хөдлөхийн бизнест хөрөнгө оруулж , мөнгөжсөн нэгэн гэнэ. Дүүгийнх нь хэлж байгаагаар тэр их хэмжээний мөнгөөр казинод тоглодог, нэг удаа $250,000 хожсоноо түүнд мессэжээр хэлж байжээ.

Харин тэдний эцэг Патрик Бенжамин Пэддок 1960-аад оны үед банк дээрэмдсэн цуврал хэрэг үйлдэж байсныг Эрик ярьсан байна.

 
Эцэг Пэддок

1968 онд тэр шоронгоос оргож, Холбооны Мөрдөх Товчоо түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа онц аюултай 10 хэрэгтний жагсаалтад оруулж, “сэтгэцийн өвчтэй” хэмээн тодорхойлж байжээ.

Эцэг Пэддокийг 1978 оны есдүгээр сарын 6-нд Спрингфелд хотоос баривчилж дахин хорьсныг албаны бичиг баримт нотолж байна. Гэвч жилийн дараа тэр өршөөлөөр суллагдаж Орегонд эргэж ирээд Бинго тоглоомын төв ажиллуулж байжээ. Харин 1987 онд уг газрыг нь эрх баригчид хааж, Пэддокийг бусдыг дарамталж, сүрдүүлсэн хэргээр шийтгэж байсан гэнэ.

Ямар нэг шашны урсгалд автаагүй, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, онгоцны нисгэгчийн үнэмлэхтэй, саятан Пэддокийг чухам ямар шалтгаанаар 60 орчим хүнийг алж, 500 гаруй хүнийг шархдуулах болсныг шалгаж байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
11 | 6 | 6 цаг