Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Лас Вегасын аллага орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнд нь хороосон хэрэг боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Лас Вегаст гарсан аллага нь орчин үеийн Америкийн түүхэнд хамгийн олон хүнийг бөөнөөр нь хороосон хэрэг болжээ. Эцсийн дүнгээр халдлагын улмаас 50 гаруй хүн алагдаж, 400 гаруй хүн шархдсан нь батлагдаад байна.

Зэвсэгт этгээд Мандалай Бэй зочид буудлын 32 дугаар давхраас автомат буугаар кантри хөгжмийн наадмыг үзэхээр ирсэн олон мянган хүн рүү гал нээсэн юм.

Халдлагын дараахан оройн 10:08 цагт SWAT тусгай тасгийнхан зочид буудалд дайран ороход буутай этгээд алагдсан байжээ. Халдлагыг үйлдсэн цорын ганц хүн болох 64 настай, Невадагийн иргэн Стефэн Пэддок тусгай тасгийнхан орж ирэхээс өмнө өөрийгөө хороосон гэж үзэж байна.

Пэддокийн байрлаж байсан өрөөнд хамт байсан гэх эмэгтэй Мэрилоу Дэнлиг цагдаа нар хайсны эцэст АНУ-аас гадна байгааг илрүүлжээ. Тэр эмэгтэй энэ аллагатай холбоогүй болох нь тогтоогдсон байна. Пэддок Дэнлигийн нэр дээр авсан өрөөнд есдүгээр сарын 28-наас хойш сууж байжээ.

Өрөөнөөс 10 гаруй буу олсон байна.

Цагдаа нар бас Пэддокийн Лас Вегасаас холгүй орших гэрт нэгжлэг хийж байгаа гэнэ. Тэсрэх бодис байж болзошгүй тул эд зүйлсийг нь тун удаан шалгаж байгаа ажээ.

Одоогоор Пэддокийн аллага хийх болсон учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгааг Лас Вегас хотын цагдаагийн газрын шериф Жозеф Ломбардо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider