Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ хамгийн сүүлчийн химийн зэвсгээ устгалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ өөрийн нөөцөнд байсан сүүлчийн химийн зэвсгийг устгалаа. Удмуртын БНУ-ын Кизнер дэх химийн зэвсэг хадгалах байгууламжтай өчигдөр онлайн видео хурал хийсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тушаал өгснөөр үлдсэн зэвсгийг устгажээ.

Путин хэлсэн үгэндээ “Зөвлөлтийн үеэс үлдсэн үлэмж хэмжээний химийн зэвсгийг бид ямар нэг ёслолын буудлага хийлгүйгээр устгаж байгаа нь үнэндээ түүхэн үйл явдал болж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ зэвсгээр манай дэлхий дээр хөдөлж байгаа бүгдийг хэд дахин устгах боломжтой юм” гэж онцолсон байна.

Мөн ОХУ 2020 онд химийн зэвсгээ устгаж дуусах амлалттай байсан ч ийнхүү хугацаанаас нь өмнө гүйцэтгэж байгааг тэр бас хэлжээ.

“Энэ бол орчин үеийн дэлхий ертөнцийг аюулгүй, тэнцвэртэй болгоход чиглэсэн том алхам. Орос улс олон улсын өмнө хүлээсэн химийн зэвсгийг хориглох үүргээ биелүүлж байна” гэж Путин ярьсан юм.

Мөн Оросын энэ үйлдэл бусад улс орнуудад үлгэр жишээ болно гэж найдаж байгаагаа тэр хэлжээ. Өнөөдөр химийн зэвсгийн нөөцөөр дэлхийд ОХУ, АНУ хоёр тэргүүлдэг. Тиймээс Путин энэ үгээрээ АНУ-ыг адилхан алхам хийхийг уриалсан байна. АНУ өнгөрсөн хугацаанд гурван ч удаа химийн зэвсгээ устгах ажиллагааг хойшлуулж байсныг тэр энэ үеэр сануулжээ.

Химийн Зэвсгийн Конвенц гэгддэг олон улсын хэлэлцээрт ОХУ 1993 оны нэгдүгээр сарын 13-нд нэгдэн орж байсан юм.

 

Эх сурвалж: ТАСС

 

Зураг
13 | 12 | 14 цаг