Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн гол дайсан Хойд Солонгос биш, Орос, дараа нь Хятад гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчний штабын даргаар томилогдож байгаа тэнгисийн цэргийн генерал Жозеф Дандорф сенатын зэвсэгт хүчний хорооны хуралд оролцож, гишүүдэд мэдээлэл өгсөн байна.

Шинэ дарга энэ үеэр АНУ-ын үндэсний аюулгүй байдалд дайсагнагч хамгийн том хүчний талаар өөрийн байр суурийг тайлбарлажээ.

Дандорфийн үзэж байгаагаар “яаралтай байдлын” хувьд хэдийгээр Хойд Солонгосын асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа ч үүнд санаа зовох хэрэггүй гэнэ. Учир нь Хятад улс Хойд Солонгосын засгийн эрхийг өөртөө ашигтайгаар солих ажиллагааг зохион байгуулах нь тодорхой. Ким Жон Ун өмнөх удирдагчдын Хятадад үнэнч байх бодлогыг алдагдуулж байгаа, бүс нутагт дайны эрсдэл үүсгэж, Хятадын аюулгүй байдалд хор учруулж байгаа тул Вашингтоноос илүүтэй Бээжин Солонгосын хойгийн асуудалд анхаарал тавина гэжээ.

Харин Хойд Солонгос биш, ОХУ хамгийн том аюул хэвээр байгааг Дандорф анхааруулсан байна. “Зэр зэвсгийн ерөнхий хүч чадлын хувьд” Орос улс АНУ-ын хамгийн том дайсан хэвээр байна гэж генерал хэлжээ.

Гэхдээ энэ байдал мөн удаан үргэлжлэхгүй. 2025 он гэхэд Хятад улс Оросоос илүүтэй Америкийн хамгийн том аюул болж хувирах гэнэ.

“Миний бодлоор 2025 онд Хятад улс манай хамгийн том аюул болж хувирна” гээд “Хятадууд манай хүчийг сулруулах, Номхон далай дахь холбоотнуудыг салгах ажиллагааг эрчимтэй явуулж байна” гэж Дандорф ярьсан байна.

Мөн тус улсын зэвсэгт хүчний шинэчлэл нь яваандаа АНУ-ыг гүйцэж түрүүлэх нөхцөл бүрдүүлэх магадлалтай гэнэ. Хятадын гадаад ертөнцөд нөлөөгөө тогтоох бодлого ч эрчимтэй хэрэгжиж байгаа. Тухайлбал тус улс 2000 оноос хойш Африкт $220 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, өнгөрсөн сард зүүн Африкийн Жибути улсад анхны хилийн чанад дахь цэргийн баазаа байгуулсан юм.

Өнгөрсөн Даваа гарагт уг баазад Хятадын цэрэг анх удаа галт зэвсэгтэй цэргийн сургуулилалт хийжээ. Бас “Нэг Зам, Нэг Бүс” төслийн хүрээнд Еврази даяар эдийн засгийн нөлөөгөө дэлгэрүүлэх бодлого баримталж байгааг генерал тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Newsweek

 

Зураг
13 | 12 | 11 цаг