Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вашингтон АНУ-ын технологийн салбарт нэвтрэх гэсэн Хятадын бас нэг оролдлогыг няцаалаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Жолоочгүй машины өндөр нарийвчлалтай газрын зураг хөгжүүлдэг HERE Technologies компанийн 10 хувийг авах гэсэн Хятадын томоохон компанийн наймаанд Вашингтон хориг тавилаа.

Уг наймааг Хятадын интернэтийн аварга Tencent компани, Хятадын дижитал газрын зургийн NavInfo компани, Сингапурын GIC хөрөнгө оруулалтын сан хамтран хийх гэж байсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дээрх наймааг анх зарлаж байсан ч олон сарын дараа АНУ-ын Гадаад Хөрөнгө оруулалтын хороо хориг тавьсныг өчигдөр NavInfo компани мэдээлжээ.

HERE Technologies нь Нидерландад төвтэй Европын компани боловч Чикаго хотод өөрийн өмчтэй тул АНУ-ын эрх баригчдын зөвшөөрөл хэрэгтэй байсан юм. Вашингтон яагаад хориг тавих болсноо тайлбарлаагүй байна.

Үүнээс хэдхэн хоногийн өмнө Дональд Трамп хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч Lattice Semiconductor Corp компанийн хувийг худалдаж авах гэсэн Хятадын компанийн оролдлогыг мөн няцаасан юм.

HERE Technologies компанийн гол хувийг Audi, BMW зэрэг автомашин үйлдвэрлэгчид эзэмшдэг бол 15 хувийг АНУ-ын чип үйлдвэрлэгч Intel компани эзэмшдэг. Харин Хятадын компаниуд $285 саяар 10 хувийг нь авах гэж байжээ.

Хэрвээ наймаа бүтсэн бол Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд жолоочгүй машины шинэ салбарт давуу тал олгох байсан юм. Америкийн Tesla, Google зэрэг компаниуд энэ салбарт эрчимтэй ажиллаж байгаа. Гэхдээ HERE компани NavInfo-той хамтарсан компаниа Хятадад байгуулсан байдаг ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
13 | 12 | 14 цаг