Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд зэвсгийн агуулах дэлбэрч, олон мянган иргэнийг нүүлгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Украйны хамгийн том зэвсгийн агуулахуудын нэгд гал гарч, хэд хэдэн хүчтэй дэлбэрэлт болсноос 30,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

2017 онд хоёр дахь удаагаа зэвсгийн том агуулах дэлбэрч байгаа нь энэ юм.

Украины цэргийн прокурор хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн үзэж, мөрдөх ажиллагаа эхлүүлжээ. Шуурхай хуралдааны үеэр Украины ерөнхийлөгч Петро Порошенко “Бид өөрийн стратегийн байгууламжуудыг хорлон сүйтгэгчдээс хамгаалж сурах хэрэгтэй байна” гэж армийн удирдлагууддаа хэлсэн байна.

Тус улсын зарим удирдагчид энэ дэлбэрэлтийг Оросын хорлон сүйтгэгчид, эсвэл дорнод Украины салан тусгаарлагчид үйлдсэн гэж үзэж байгаа гэнэ.

Харин Порошенко Кремлийг шууд буруутгаагүй ч “ийм зүйлийг бид дахин хийлгэхгүй” гэж хэлсэн байна.

Киевээс баруун өмнө зүгт 175 км зайнд оршдог Калынивка хотынхон агуулахын дэргэд байдаг тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Ерөнхий сайд Володимир Гроисман уг дэлбэрэлтийн цаана Оросууд байгаа гэж үзэж байгаагаа нуугаагүй байна.

Дэлбэрэлтийн газарт ирсэн Гроисман “Энэ бол Украины армийн зэвсэг, тиймээс би тохиолдлын зүйл гэж бодохгүй байна” гэж ярьжээ.

Одоогоор хүний амь хохирсон тохиолдол гараагүй, хөнгөн шархдсан хоёр хүн байгааг мэдээлсэн байна. Агуулахад хадгалагдаж байсан зэвсгийн хэмжээг 188,000 тонн гэж албаны хүмүүс тооцоолжээ.

Агуулахад байсан пуужингууд галын улмаас харвагдаж эхэлсэн тул энэ хавиар өнгөрөх агаарын тээврийг зогсоосон байна.

Өнгөрсөн гуравдугаар сард зүүн Украины Балаклия хотын ойролцоох зэвсгийн агуулах дэлбэрэхэд нэг хүний амь үрэгдсэн юм. Тухайн үед Киевийн эрх баригчид Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдыг уг хэрэгт буруутгаж байв. Мөн агуулахад дроноос тэсрэх бодис хаясан байж магадгүй хэмээн сэжиглэж байжээ.

Гэвч Москва болон салан тусгаарлагчдын аль аль нь өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 12 | 13 цаг