Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосыг чиглэсэн BBC-ийн радио нэвтрүүлэг Монголоос цацагдаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Мягмар гарагаас эхлэн Британий BBC агентлаг солонгос хэлээр радио нэвтрүүлэг цацаж эхэлжээ. Мэдээ, спорт, бизнес, соёл урлагийн агуулгатай нэвтрүүлгүүдийг Солонгосын хойгийн сонсогчид болон дэлхий даяар амьдардаг Солонгос хэлтнүүдэд зориулан цацаж байгаагаа тус агентлаг мэдээлсэн байна.

Мөн “Уг радиогийн гол сонсогчид нь хараат бус мэдээ, мэдээллийг эрх баригчид нь хориглодог Хойд Солонгосын иргэд байна” гэж тайлбарлажээ.

Гэвч радио нэвтрүүлэг дамжуулж эхэлсэн өдрөөс эхлэн Хойд Солонгосын дэглэм уг сувгийн долгионыг сарниулах арга хэмжээ авч эхэлсэн тухай 38 North судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Ингэснээр хүлээн авагчдад тус радиогийн агуулга биш, чанга шуугиан сонсогдож байгаа гэнэ. Ер нь Хойд Солонгосын дэглэм радио дохио сарниулагч техник ашиглан агаарын болон усан онгоцнуудын GPS дохиог сарниулж, үйл ажиллагаанд нь нөлөөлдгийг Өмнөд Солонгосын албаныхан өмнө нь баталж байсан юм.

BBC радио нэвтрүүлгээ богино долгионоор Тайвань, Узбекистанаас, дунд долгионоор Монголоос цацаж байгааг 38 North мөн мэдээлжээ. Хойд Солонгосын иргэд гадаадын радио нэвтрүүлгүүдийг сонсдог тухай тус дэглэмээс дүрвэж ирсэн хүмүүс ярьсан байдаг. Зарим нь радио нэвтрүүлгийн нөлөөгөөр дүрвэх шийдвэрээ гаргаж байжээ.

Тиймээс гадаадын радио нэвтрүүлэг сонсох нь Хойд Солонгост гэмт хэрэгт тооцогддог. BBC агентлаг дэлхий даяар солонгосыг оруулаад 12 хэл дээр радио суваг ажиллуулж байна. Үүний зардлыг Британий засгийн газраас санхүүжүүлдэг юм.

 

Эх сурвалж: BBC, USA Today

 

Зураг
13 | 18 | 17 цаг