Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ: Хотын захын болон хөдөөгийн хүн амд ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэхэд анхаарч байна

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 9 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ ирэх таван жилийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн захирал Шин Ён Сү "Сүүлийн жилүүдэд ДЭМБ нь үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын захын хороолол, хөдөөгийн алслагдсан хүн ам, болон нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин түмэнд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үр ашигтай үзүүлэхэд анхаарч байна.

Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн малчид, Улаанбаатар хотод шилжин суурьшигчдаас авахуулаад нэг ч хүнийг орхигдуулахгүй, бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах чин эрмэлзэлтэй байдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлийг бууруулахын тулд бусад салбарууд арга хэмжээ авах шаардлагатай

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг "Монгол Улсын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц дэвшил гарсан. 2000-2015 онд эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулсан.

Гэсэн хэдий ч сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ, мөн вируст гепатитын өвчлөлөөс шалтгаалсан элэгний өмөн өвчний тархалт өндөр хэвээр байна. 

Үүний зэрэгцээ зүрхний өвчин, цус харвалт, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний дарамт нэмэгдэж байгаад мөн, агаарын бохирдол, ус, ариун цэврийн нөхцөл зэрэг эрүүл мэндэд нөлөөлдөг нийгмийн болон орчны хүчин зүйлсд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байна. 

Хүн амын эрүүл мэндэд тулгарч буй эрсдлийг бууруулахын тулд зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй бусад салбарууд арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, хот төлөвлөлтөөр авто-замын осол гэмтлийг бууруулах, эрүүл хүнс үйлдвэрлэх хөдөө аж ахуйн санаачилга хэрэгжүүлэх, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахад хэрэгтэй мэдээллийг олгодог боловсролын хөтөлбөрүүдийг гаргах нь чухал юм.

"Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг. 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх алхмуудыг хийж байгаа.​ 

Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу нийт Монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ

Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд баримтлах тэргүүлэх чиглэлүүд:

  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх. Үүнд: эрүүл мэндийн бодлого, санхүүжилт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах нянгийн тэсвэржилттэй тэмцэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн бэхжүүлэх
  • Хүн төвтэй тэргүүлэх чиглэлийн нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх. Үүнд: халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, эх, нялхас, хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Нийт монголчуудын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл орчноор хангахын тулд олон салбарыг татан оролцуулах, эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах, ингэхдээ түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулахад анхаарах.