Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл 100 хувийн саналаар Хойд Солонгост шинэ хориг тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг тасалдуулах зорилготой шинэ хориг арга хэмжээг гишүүдийн 100 хувийн саналаар баталлаа.

Шинэ хориг нь НҮБ-ын гишүүн орнуудыг Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр, бусад түүхий эд худалдаж авахыг хориглож байгаа юм. Ингэснээр тус дэглэмийн жилийн экспортын орлого $1 тэрбумаар хорогдож байна.

Хэрвээ хориг бүрэн хэрэгжиж чадвал Пёньянд том цохилт болох гэнэ. Хойд Солонгосын гадаад худалдаа $1 тэрбумын алдагдалтай явж байгаа дээр энэ хориг нэмэгдсэнээр цөмийн зэвсгийн хөтөлбөрт нь саад учруулна гэж шинжээчид дүгнэжээ.

Шинэ хоригийг АНУ, Хятад улсууд удаан зөвшилцсөний эцэст гаргаж байгаа юм. Гэвч өнгөрсөн сард хоёр удаа баллистик пуужин туршсан нь хоёр улсыг санал нэгдэхэд хүргэсэн бололтой.

АНУ-ын төлөөлөгч Никки Хэли НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 2371 дугаартай тогтоолыг “баллистик пуужингийн туршилтад ноогдуулж байсан хамгийн хүчтэй хориг” гэж тодорхойлжээ.

2006 онд Хойд Солонгосын асуудлыг шийдэх зургаан талт хэлэлцээр тасалдсанаас хойш тус байгууллага нийтдээ долоон удаа Пёньяны эсрэг хоригийн тогтоол гаргаж байв.

Хойд Солонгосын дэглэмийг байнга өмгөөлж байдаг Хятад, Орос улсууд саналаа өгсөн нь Солонгосын хойгийн асуудал дэлхий нийтийн аюул болоод байгааг батлан харуулж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post