Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын чатботууд коммунист намын эсрэг утгатай зүйл ярьсан тул хаагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын томоохон мессенжэр аппликэшн болох Tencent QQ-гийн орчинд ажилладаг хоёр чатбот (чатлагч робот) эрх баригчдын эсрэг агуулгатай буруу зүйл ярьсныхаа улмаас түр хаагдсан байна.

Тэдний ярьсан ярианы агуулгыг зарим хүмүүс зураг болгон хадгалж аваад сошиал сүлжээнд хуваалцсаны дараа уг арга хэмжээг авчээ. Нэг бот болох Бээжин хотын Turing Robot компанийн ажиллуулдаг BabyQ-ээс хэрэглэгчид “Коммунист намд хайртай юу?” хэмээн асуухад шууд “Үгүй” гэж хариулсан байна.

Нөгөө нэг бот болох Майкрософтын хөгжүүлсэн XiaoBing хүмүүст ярихдаа “Миний Хятад мөрөөдөл бол Америк руу явах” гэж хэлсэн гэнэ. Түүнээс өөр эх оронч үзлийн тухай асуултууд асуухад “Миний сарын тэмдэг ирсэн байгаа тул амармаар байна” гээд хариулахаас бултаж байжээ.

Мессенжэрийг эзэмшдэг Tencent компани мэдэгдэл гаргаж, дээрх роботуудыг гуравдагч этгээдүүд хөгжүүлдэг тул өөрт шууд хамаагүй гээд засаж сайжруулсных нь дараа дахин идэвхжүүлнэ гэсэн байна.

Роботууд нь хүмүүстэй ярилцаж байхдаа мэдээлэл олж аван өөрийнхөө мэдлэгийг баяжуулдаг. Үүнтэй ижил тохиолдол өнгөрсөн онд АНУ-д гарч байсан ба тэгэхэд Майкрософтын Tay нэртэй твиттер бот “Гитлерийн зөв байсан, би жүүдүүдийг үзэн яддаг” гэх зэргээр ярьж эхэлсэн тул зогсоож байжээ.

 

Эх сурвалж: The Verge