Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг МГТИС олгож байна

Б.Ану
2017 оны 7 сарын 5
iKon.MN
 

Монголын хамгийн анхны хотхонтой, төрийн өмчийн отгон их сургууль гэдгээрээ танил болж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны мэргэжилтэн, инженерүүдэд “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн  магистрийн хөтөлбөрөө санал болгож эхэллээ.

Энэ талаар тус сургуулийн Матетатик, компьютер, байгалийн ухааны факультетийн декан, профессор Л.Алтангэрэлтэй ярилцлаа. 


- Танд өдрийн мэнд хүргэе! Манай уншигчид танай сургуулийн талаар багагүй мэдээлэлтэй байдаг. Дээд боловсролын шинэчлэлд загвар болохыг зорьж буй та бүхэн бас нэгэн шинэ хөтөлбөрийг нээсэн гэж сонслоо.

- Юуны түрүүнд танай хамт олон болон нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын мэдээллийг хэрэгтэй цаг хугацаанд нь олон нийтэд түгээж байдаг та бүхэнд талархаж байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье.

Тиймээ, бид энэ хичээлийн жилээс “Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн магистрийн хөтөлбөрийг шинээр нээж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгалийн нөөцийн зохистой ашиглалт, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг төгсөгчиддөө олгох бөгөөд хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын хүрээнд геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн хичээлүүд багтсан.

- Танай бакалаврын хөтөлбөрийн хичээлүүд англи хэлээр явагддаг.  Энэ хөтөлбөр бас англи хэл хэлээр орох уу? Хичээлийн агуулга нь юу байх бол?

- Тэгэлгүй яахав, хөтөлбөрийн бүх хичээл англи хэлээр Монгол, Германы багш нарын удирдлаган дор явагдана.  

Судлах хичээлүүдийг багцалж хэлбэл “Эдийн засаг, биенесийн удирдлага, санхүү”, “Ахисан түвшний байгалийн нөөцийн эдийн засаг, менежмент”, “Хүрээлэн буй орчин болон нөөцийн менежмент” мөн сонгон судлах хичээлүүд, магистрын дипломын ажил багтана.

 

- Ямар хугацаанд суралцах вэ, ажиллангаа суралцах боломжтой юу?

- Хоёр жил буюу 4 семестр суралцана. Энэ хугацаанд Европын кредит системээр нийт 120 багц цагийг судална.

Мөн модуль хичээлүүдээс сонгож судлаад гэрчилгээ авах боломжтойгоороо онцлог байгаа. Энэ хөтөлбөрөөр суралцах хүсэлтэй хүмүүс сургалтын нарийвчилсан төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай сургуулийн www.gmit.edu.mn цахим хуудаснаас авч болно, мөн утсаар холбогдож болно. Хичээлийн хуваарийг гаргахдаа ажиллангаа суралцах боломжийг ч бас тооцсон байгаа.

- Ямар багш нар хичээл заах вэ?

- Эхний улиралд заагдах хичээлүүдийн хувьд тухайлбал “Монголын байгалийн нөөц ба судалгааны аргууд” хичээлийг ХБНГУ-ын Бранденбургийн техникийн их сургуулийн түүхий эд, нөөцийн эдийн засгийн профессор Райнер Херд ирж заахаас гадна манай сургуульд урт хугацаагаар ирж ажиллах Др. П.Фоссен, Др. Д.Карте нар хичээл орохоор төлөвлөсөн байгаа.

- Сургалтын төлбөр, тэтгэлэгийн тухайд?

- Нэг кредит цаг нь 133 мянган төгрөг байгаа. Тухайн оюутан маань семистрт 30кр цуглуулах ёстой.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүдийг бид бас санал болгож байна. Тухайлбал байгууллага, компанийн зүгээс өөрийн ажилтныг дэмжиж, суралцуулбал сургалтын төлбөрөөс тодорхой хувийг хөнгөлөхөөс гадна манай сургуулиас зохион байгуулах сургалтанд 1 ажилтныг нь үнэ төлбөргүй хамруулах боломжтой.

Мөн элсэгч маань тухайн улирлын хичээлүүдийг бүгдийг нь сонгосон нөхцөлд 25%-ийн төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ.

 

- Энэ мэргэжлээр суралцаад төгссөний дараах, ажлын байрны боломжуудын талаар?

- Энэ хөтөлбөрийг амжилттай дүүргээд бизнесийн удирдлагын магистрийн (MBA) зэрэгтэй төгсөх учир уул уурхай, эрдэс баялаг, дахин боловсруулалт, эрчим хүч, зам тээвэр, төрийн захиргаа, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, ложистикийн болон зөвлөх үйлчилгээ гээд аль салбарт ажиллаж буй, цаашид мэргэжлээрээ ахиж дэвших хүсэлтэй хэн бүхэнд илүү боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Нэмж хэлэхэд манай сургуулийн бакалаврын хөтөлбөрүүд олон улсын урьдчилсан магадлан итгэмжлэлд саяхан хамрагдсан бөгөөд магистрийн хөтөлбөрүүдээ мөн олон улсад магадлан итгэмжлүүлэхээр эхнээсээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

- Хичээл хэзээ эхлэх вэ, бакалаврын хөтөлбөрөөс арай хожуу эхлэх үү?

- Бакалаврын хөтөлбөрүүдтэй хамт  2017 оны 8 дугаар сарын 28-нд эхлэнэ.

 

- Элсэгчдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Өмнө хэлснээр уг хөтөлбөр нь инженерийн болон байгалийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсөгч, ажиллагсдад зориулсан бөгөөд хичээл англи хэлээр явагдах учир хэлний тодорхой шалгуур тавигдана.

Тухайлбал англи хэлний C1 түвшин (IELTS  6.5 эсвэл TOEFL - 80 iBT, бусад дүйцэхүйц бичиг баримт)-ийг хангасан батламжтай байх, эсвэл манай сургуулийн англи хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх шаардлагатай.

- Одоо бүртгэл явагдаж байна уу? Сонгон шалгаруулалт ямар үе шаттай явагдах бол

- Бүртгэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл явагдана.

Сонгон шалгаруулалтыг факультетаас томилогдсон шалгаруулах комисс явуулж, бичиг баримттай танилцан, сонгогдсон элсэгчийг ярилцлагад урих болно.

- Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд өөр нэмж хэлэх мэдээлэл байна уу?

- Ярилцлага авч, шинэ хөтөлбөрийхөө талаар мэдээлэл хүргэх боломж олгосонд та бүхэнд баярлалаа.

Чанартай боловсролыг эрхэмлэдэг хэн бүхэнд германы сургалтын стандартыг хэрэгжүүлдэг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль үргэлж нээлттэй шүү гэдгийг залуустаа хандаж хэлмээр байна.

Дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшиж, өндөр мэдлэгтэй, чадварлаг инженер болох боломжийг бид та бүхэнд олгож байгаа гэдгийг дахин тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. 

- Танд баярлалаа!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
14 | 18 | 19 цаг