Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантөмөр: Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг олон улс хүлээн зөвшөөрдөг боллоо

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын олон талт харилцах хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэжээ.

Үүний үр дүнд үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон талаар Стандарт хэмжил зүйн газраас мэдээлэл хийлээ. 

Баталгаажуулалтын гэрчилгээг өндөр өртөг зардал төлж, авах шаардлагагүй

Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаа өнөөдөр олон улсын жишигт хүрч, үндэсний итгэмжпэлийн тогтолцоог бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрч байгааг Та бүхэнд өнөөдөр мэдээлэхэд таатай байна.

Учир нь Монгол Улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу тус газар нь 2004 онд Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, 2009 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэн ажиллалаа. 

Сорилт, хэмжпийн шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна. 

Саяхан буюу 2017 оны 6 сарын 18-ны өдөр Монгол Улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд Монгол улс нэгдэн орлоо. 

Монгол Улс ийнхүү гишүүнээр элсэж, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэний гол давуу тал нь ILAC-ын 90-ээд гишүүн орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийсэн итгэмжпэгдсэн лабораториудын үр дүнг, РАС-ын 25 орны гишүүд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж буйд оршиж байна. 

Гол үр дүн нь үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан сорилт, хяналт, баталгаажуулалтаар орох шаардлагагүй. 

Энэ нь хүнд суртал, нэмэлт зардлыг багасгаж бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгож байна.

Тухайлбал үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн ноолууран бүтээгдэхүүн тохирлын тэмдэгтэй.

Үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо (ISO 9001 )-ны стандартыг нэвтрүүлсэн болохоо баталгаажуулсан гэрчилгээтэй.

Иймээс тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нэвтрэхэд бүтээгдэхүүнд дагалдсан сорилтын тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ нь олон улсын зах зээлд нэвтрэх нэрийн хуудас байх болно.

Цаашид үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн (мах, махан бүтээгдэхүүн, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур гэх мэт), үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлснийг нотлох менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг гадаадын баталгаажуулалтын байгууллагаас өндөр өртөг зардал төлж, авах шаардлагагүй боллоо. 

Үндэсний итгэмжпэлийн байгууллага, итгэмжпэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд нь олон улсын түвшинд хүрсэн чадавхитай болохоо нотолсон ажиллагаа боллоо. 

Итгэмжпэл нь хоёр талаар үндэсний эдийн засгийг эрчимжүүлдэг. Үүнд, дотоодын бизнес эрхлэгчдэд гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг нээх ба бусад улс орны импортоор орж ирэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар аюулгүй байдлын баталгаа болж дэмжлэг үзүүлдэг. Иймээс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээ нь стандарт зохицуулалтад нийцсэний нотолгоо болох тул бусад зохицуулалт эрх зүйн хүнд суртлыг багасган цаг хэмнэх, худалдааг хөнгөвчлөхөд зохицуулагч байгуулагуудын ажлын уялдаа чухал байх болно.

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь лаборатори, техникийн хяналтын байгууллага, баталгаажуулалтын байгууллагын тодорхой үүрэг гүйцэтгэх чадвартай болохыг хөндлөнгөөс олон улсын стандартын дагуу үнэлэн итгэмжпэх үйл ажиллагааг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд зааснаар хэрэгжүүлж байна" гэв. 

50 аж ахуйн нэгжийн 210 бүтээгдэхүүн үндэсний тохирлын тэмдэгтэй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Стандарт хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн тохиролцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд өнөөгийн байдлаар сорилтын 150 лаборатори, техникийн хяналтын 13 байгууллага, эмнэлгийн 4 лаборатори, баталгаажуулалтын 21 байгууллага, ур чадварын сорилт зохион байгуулагч 3, хүлэмжийн хийн магадлагаа, нотолгоог хэрэгжүүлэгч 1 байгууллага буюу нийт 200-аад тохирлын үнэлгээний байгууллага итгэмжлэгдсэн байна.

Үүнээс бүтээгдэхүүний баталгаажуулалтын 18, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын 3 байгууллага итгэмжлэгдэн ажиллаж байна.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоолд зааснаар хүний эрүүл мэнд байгаль орчинд хохирол учруулж болзошгүй хүнс, бусад бүтээгдэхүүний баталгаажуулалтыг СХЗГ, түүний орон нутагт ажиллаж буй Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Барилга архитектур корпораци, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори зэрэг байгууллага хэрэгжүүлж Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллага нь менежментийн зохистой тогтолцоо буюу ISO 9001, ISO 14001, ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн, үйл ажиллагаа нь тогтоосон шаардлагад нийцсэнийг баталгаажуулах үйл ажиллагааг СХЗГ, Эс Эф Си Эс ХХК, МонСертф ХХК зэрэг менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагууд гүйцэтгэж байна.

Баталгаажуулалтын үйл ажиллагаа нь 1997 оноос эхтэй.

Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэл, худалдаа, бизнесийн үйл ажиллагаа, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад чамлахааргүй үүрэг гүйцэтгэж ирсэн юм. 

Тодорхой жишээ дурьдахад, ISO 9001 буюу чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн гэрчилгээг 110 байгууллага, ISO 14001 буюу байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн гэрчилгээг 5 байгууллага, ISO 22000 буюу хүнсний аюулгүй байдлын менежементийн тогтолцоог нэвтрүүлсэн гэрчилгээг 3 байгууллага, OHSAS 18001 буюу хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежементийн тогтолцоог нэвтрүүлсэн гэрчилгээг 13 байгууллага эзэмшдэг. Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 132 байгууллагын 1180 бүтээгдэхүүн баталгаажуулалатад хамрагдсан, 50 аж ахуйн нэгжийн 210 бүтээгдэхүүн үндэсний тохирлын тэмдэгтэй байна"гэлээ.
 
Зураг
13 | 18 | 18 цаг