“Наадмын Төрийн дээд зочид сүүлийн 4 жил шил дарлаа” гээд Киргизстан, Бутан, Япон, БНСУ-ын далбааг хавсарган Наадмын мэндчилгээ маягаар би сошиалд найз нартаа түгээсэн. Наадмын уур амьсгал намжаагүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалыг залгуулаад (хэдхэн хоногийн дараа) өнөөдөр манай эх оронд нэгэн том Төрийн зочны айлчлал эхэлж байна. Тажикистаны Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Эмомали Рахмон бол Төв Азиас Монгол Улсад Төрийн айлчлалаар морилсон 5 дахь Төрийн дээд зочин болж байна. Айлчлалд нь амжилт хүсэн ерөөе!
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Төв Азийн 5 улсад 5-ууланд нь айлчилсан Монголын анхны Төрийн тэргүүн, хариуд нь 2023, 2024, 2025 (хоёулаа), 2026 онд тэр 5 улсын Төрийн тэргүүн айлчиллаа. Мөн манай Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Азербайжанд уригдаж оролцсон (2024 он), энэ утгаар Төв Ази-Кавказ руу идэвхтэй гадаад бодлогын чиглэл шинээр, цогцоор нь төлөвшүүлж чадлаа хэмээн үзэж дүгнэж байна.
Тажикистаны Ерөнхийлөгч өнөөдөр манай эх оронд Төрийн айлчлалаа эхлүүлж байгаа нь 2025 онд ноён У.Хүрэлсүхийн хийсэн Төрийн айлчлалын хариу айлчлал. Миний хүслээр болдогсон бол манай хоёр улс Иж бүрэн түншлэлээ зарлачхаасай, тэгвэл 4-тэй нь түншлэлийн харилцаатай болно. Тэр 4-ийн нэг нь Стратегийн түншлэлтэй, бусад нь Иж бүрэн. Энэ удаа биш гэхэд ойрын жилүүдэд бүтэх болтугай. Итгэлтэй байна.
Монголын ардчиллын нэг том ололт бол гуравдагч хөршийн бодлого мөн. Ийм бодлогыг анхлан Өрнө-Дорнын өндөр хөгжилтэй орнуудтай тогтоон хөгжүүлж байсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөн дээр концепцоо аажмаар шинэчилж, тэгснээрээ эгнээг нь огцом тэлсэн. Тэгсний хүчинд геополитикийн зөрчил тэмцэл хуваагдалтай энэ цаг үед гадаад бодлогодоо бүх талын тэнцвэр барьж чадаж байна. Гуравдагч хөрш гэдэг нь тухайлсан нэг улс орон бус, бүр бүлэг улс, бүс нутаг байж болохыг ч нотолж чадаж байна. Том масштаб дээр, бүс нутгийн геополитикийн онцлогт тохируулсан стратегийн тоглолт манай улс хийж чадаж байна.
Тун саяхны жишээ. Нэн удахгүй гадаад бодлогын түүхнээ тэмдэглэгдэнэ, түүхэнд анх удаа тохиосон гэдгээрээ. “Монгол–Төв Ази–Кавказ” гэсэн форматаар төлөвшиж буй манай олон талт хамтын ажиллагааны бодлогын шинэ чиглэлийг нэрлэх байна. Төрийн айлчлалаасаа дутахгүй томхон цогц гадаад бодлого. Төрийн айлчлалын явцад хэрэгжүүлж болдог юм гэдгийг илтгэх томхон алхам. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын 8 бүгд найрамдах улстай нэгэн цогц бодлого эхлүүлээд явж байна. Монгол Улсын гадаад бодлого Төв Азийн орнуудад иж бүрэн, бүтэн боллоо гэж бид яриад байгааг том масштаб дээр ажил хэргээр бүрэн дүүрэн нотолж байна. Төв Азийн 5 улстай бид харилцаагаа бүрэн бүтэн болгож, цогцоор нь хөгжүүлж чадсан бол цаашаа ахиад Кавказ руу тэлж байгаа. Каспийн тэнгисийн хоёр эрэг Төв Ази-Кавказын, хуучин СССР улсын бүрэлдэхүүнд байсан 8 улс оролцсон бүс нутгийн Эко саммитад манай Ерөнхийлөгч Хүндэт зочноор уригдан оролцсоныг би онцгойлон тэмдэглэдэг. Төв Азийн 5 улсаас гадна Кавказын гурван улс нийлээд, нийтдээ 8-уулаа дээр нь “8+1” гэдэг формат бүхий Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны шинэ чиглэл төлөвшиж байна гэдгийг дахин дахин онцолмоор байна. Энэ бол асар их ач холбогдолтой олон талт хамтын ажиллагааны торгон эхлэл-агшин юм. Энэ том үйлсэд Тажикистаны Ерөнхийлөгчийн энэ удаагийн Төрийн айлчлал түлхэц болох учиртай.
Хүснэгтээр үзүүлье.
|
Он |
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал |
Хариу айлчлал |
|
2022
|
ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан (Самарканд, Узбекистан) |
|
|
2023 |
|
Киргизстаны Ерөнхийлөгч |
|
2024 |
Узбекистан ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXIV хуралдаан (Казахстан, Acтaнa) Туркменистан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт (“COP29”, Баку, Азербайжан) |
Казахстаны Ерөнхийлөгч (Стратегийн түншлэлийн харилцаа)
|
|
2025 |
Киргизстан (Иж бүрэн түншлэл) Тажикистан |
Туркменистаны Ерөнхийлөгч Узбекистаны Ерөнхийлөгч (Иж бүрэн түншлэл) |
|
2026 |
Казахстан (Эко саммит) |
Тажикистаны Ерөнхийлөгч |
Төр-засгийн тэргүүн нарын айлчлалын жагсаалтад 2023 онд Ерөнхий сайд Киргизстанд айлчилж, мөн ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн XXII хуралдаанд оролцсон, 2024 онд УИХ-ын дарга, Киргиз улсын Жогорку Кенешийн дарга нар харилцан айлчилсан, УИХ-ын дарга 2025 онд Казахстанд айлчилсан нь айлчлалын давтамжийг хадгалахад чухал үүрэгтэй байсныг нэмж дурдах хэрэгтэй. Гадаад харилцааны сайдын түвшинд ч харилцан айлчлалууд хэрэгжсээр байна. Шадар сайд, бусад яамдын сайд, ЗГХК-ын хурал зэргийг энд нэмбэл Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа шат шатандаа ахисаар иржээ. Гадаад харилцааны сайдын харилцан айлчлал хүснэгтээр.
|
2021 |
Казахстан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын VI уулзалт |
|
|
2022 |
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хурал (Баку) |
AХАИББХ-ын Гүйцэтгэх захирал |
|
2023 |
Узбекистан |
Киргиз yлсын Гадаад хэргийн сайд |
|
2025 |
|
Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд |
Тажикистан улстай хэрэгжүүлсэн айлчлалууд хүснэгтээр.
|
Он |
Монголын талаас |
Тажикистаны талаас |
|
2014 |
ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIV хуралдаан (Тажикистан, Душанбе) |
|
|
2025 |
Ерөнхийлөгчийн Төрийн айлчлал |
|
|
2009 |
|
Тажикистаны Ерөнхийлөгч |
|
2026 |
|
Тажикистаны Ерөнхийлөгч |
|
2008 |
Гадаад хэргийн сайд Душанбед ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт |
|
|
2010 |
Гадаад харилцааны сайд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаан (Душанбе) |
|
Хоёр талын урсгалгүй, айлчлал голдуу манай талаас, ер нь хоёр талын харилцаа дээд түвшинд идэвхгүй явж ирсэн нь энэ хүснэгтээс илт байна. Эрхэм дээд зочны энэ удаагийн айлчлал нь 2009 онд хийсэн төрийн айлчлалаас нь хойш 17 жилийн дараа тохиож байна. Айлчлалыг хоёр урсгалтай болгох, харилцаагаа идэвхжүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Энэ үйлсэд эрхэмсэг ноён Э.Рахмоны энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлээсэй билээ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар, тодруулбал ноён У.Хүрэлсүх 2025 онд Тажикистанд Төрийн айлчлал хийх үеэр ноён Э.Рахмонтой хамтран гаргасан “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл”-ийн хэрэгжилт явцын талаар санал солилцоно.
Уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэл хоёр талдаа байна. Улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, ложистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр 2025 онд тохиролцсон. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт 2025 оны айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Баримт бичгийн тоо энэ удаагийн айлчлалаар ч нэмэгдэнэ. Харилцааны зам цаашаа дардан байна. Манай тал илүү их санаачилга гаргаасай билээ.
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болгосныг илтгэх түүхэн айлчлалд дахин амжилт хүсэн ерөөе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!