Индэр    
2024 оны 4 сарын 9
Зураг
Судлаач проф.

Анхаар! Эх орны нэр хүндийн СЭРГЭЛТИЙН ЖИЛ!

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сэдвийг хөндье гэж ихэд бодлоо, дээрээс нь найз нар маань нэмэрлэлээ. Гадаадад алба ажлаар байнга явдаг найз нар маань үгээ бараад халаглан ярьж байна, тэгээд намайг бичнэ үү, олонд хүргэнэ үү гэлээ. Иймд 100% миний санаа биш. Би тэдний ярьсныг өөрийнхтэйгөө эмхэтгээд нийтлэл болгогч нь.

Гэхдээ нэг өчил байна. Төр-засаг нь, Дипломат алба нь ихээхэн чармайлт тавин, иргэдийнхээ гадаадад зорчих эрхийг хангах гэж, гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэх гэж, гадаадын хөрөнгө оруулалт татах гэж, хүмүүнлэгийн гадаад харилцаа хөгжүүлэх гэж бүх талаар чармайж ирсэн ба ардчиллын буянд иргэн болгон гадаад паспорт эзэмшиж, гадаадад чөлөөтэй зорчдог болсон билээ. Энэ үйлсийг бүтээх гэж Монголын Төр ардчиллын энэ 34 жилд хэрдээ ажилласан, ажиллаж ч байна.

Үндсэн сэдэв. “Сэргэлтийн жил” гэнэ үү, “Жилийн аян” гэнэ үү, “Луу жилийн гадаад нэр хүндийн сэргэлтийн кампани” гэнэ үү, нөгөө “Таван Ш” гэнэ үү, “Шүүр, шувуу ажиллагаа” гэнэ үү. Яаралтай хэрэгжүүлэхгүй бол болохгүй нэн чухал нэг ажил байна аа. Анхааралдаа авна уу!

2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгох тогтоол баталж, энэ хүрээнд Авлигатай тэмцэх таван “Ш” төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан нь одоо хүчин төгөлдөр байна. Миний ойлгосноор энэхүү “Таван Ш”-ийн субъект нь улс төрчид, эсвэл тэдний хамсаатан олигархиуд. Жирийн монгол иргэдэд падгүй хэмээн монголчуудын ихэнх нь үздэг.

Миний энэ удаа хөндөж байгаа сэдэв бол “Шүүр ба шувуу” ажиллагаагаар хилийн чанадад, нэр бүхий гадаад орнуудад Монгол Улсынхаа нэр хүндийг балласан, монголчуудынхаа ариун нэр төрийг сэвтүүлсэн бүх монгол иргэдийг шүүрдэн эх оронд нь авчирч ял сонсгох тухай юм. “Таван Ш”-ийн субъектийн хүрээг тэлэх тухай юм.

Ярьж байна аа, гадаад улсуудад явахад нүүр халуун боллоо, нүүр хийх газаргүй боллоо, алба ажлаар очсон биднийг хүртэл “МОНГОЛ ХҮН” хэмээн нүд үзүүрлэн, хардаж сэрдэж, үл итгэж, үл хүндэтгэх боллоо. Эрэгтэйг нь хулгайч, эмэгтэйг нь биеэ үнэлэгч гэж үзэхийн наагуур байна гэхчлэн.

“МОНГОЛ ХҮН” хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг ёстой шороотой хутгаж байгаа тухай би бичдэг л дээ. Харин энэ удаа тэднийг гэмт хэрэгт тооцон нутагт нь шүүр, шувуу ажиллагаагаар бөөн бөөнөөр нь авчрах, тэгэх мөртлөө Монголд авчраад гадаад паспорт хэзээ ч олгохгүйгээр хар тамга дараад хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсэн гэх ялаар цээрлүүлэхийг нөхөд маань санал болгож ярьж байх юм аа.

“Хилийн чанадад эх орныхоо нэр хүндийг сэвтүүлэх” гэх ял буй болгож, эрүүгийн хуулинд оруулна. Тэр нь юуг хэлэв гэвэл гадаад улсад очоод хулгай хийсэн (монголчуудын хамгийн түгээмэл гэмт хэрэг), биеэ үнэлэн янхандсан (монгол бүсгүйчүүл өмнөд хөршид, Зүүн өмнөд Азид хэдэн зуугаараа тийм ажил эрхэлдэг), мөн хар тамхины зөөвөр, залилан, танхай, архидалт, өөр юу ч байдаг юм, монголчуудын үйлддэг болгоныг ноцтой гэмт хэрэгт тооцъё гэнэ ээ.

Гэтэл одоо бодит жишээ болчхож гэв ээ. Туркт монголчуудыг үзэж чадахаа байлаа, очсон монгол хүн бүр адгийнд тооцогдох гэж байна. Түрэгүүд монголчуудаас залхлаа гэнэ. Австрали монголчуудад визэн дээр хатуурхахгүй харин ч өгөөмөр байснаа саяхнаас III ангиллын нэр хүнд тааруу орны жагсаалт руу орууллаа, виз мэдүүлэхэд хэцүү боллоо гэхчлэн найз нар маань халаглан ярина. Өмнөд Солонгосын тухайд ярих юм биш. Дээд түвшинд сайн сайхан нөхөрсөг харилцааг бүтээчихсэн, доошоо очихлоор “Нөгөө л МОНГОЛЧУУД” гээд нэр хүнд навс унасан. Хүндлэхээ байсан. Олон ч жил болж байгаа юм гэв.

Аялал жуулчлал хөгжүүлээд мөнгөтэй монголчуудыг аялуулаад гэх мэт сайн сайхан өөдрөг үр дүн байна аа байна. Гэтэл бас л нөгөө цамаан, өлөн, шуналтай зан нь хөдөлчихдөг, хаана ч очсон. Идэж уух бүгд үнэндээ орчихсон гэмэгц нь монгол хүн таваг дүүрэн овоолон ам руугаа чихэх ба хоолоо барахгүй үлдээх нь аялал жуулчлалын цоо шинэ түнш Вьетнамд бас “Нөгөө л МОНГОЛЧУУД” гэх имиж үлдээчхэж гэнэ ээ.

Баруун Европоор нэг монгол хулгайчдын сүлжээ байсан нь байна уу, алга болсон уу, бүү мэд. Гэхдээ нэр хүнд бас л тааруу хэвээрээ.

Энэ мэт жишээ олныг дурдаж ярьсныг би энд буулгах гээгүй. Ганц л дүгнэлт байна. “Шүүр, шувуу ажиллагаан”-д эх орныхоо нэр хүндийг гадаадад унагасан, сэвтүүлсэн монгол иргэдийг нэн даруй татан авчрахгүй бол хоёр гурван жилийн дараа монголчууд бултаараа хилийн дээс алхаж чадахаа байх нь ээ.

Мэдээж хууль хүчний байгууллагад асар их зориг тэвчээр шаардлагатай болно. Гэвч хийхээс яах билээ.

IQ өндөртэй, оюун ухааны олимпиадад ихэнх медалийг нь хамаад ирдэг, Морин хуурын чуулгаараа Францын Версалийн ордныг доргиосон, “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэндээ 800 үзмэр дэлгээд дэлхийгээр аялуулж чаддаг, Лондонгийн Трафальгар талбайд “Тамгагүй төр” жүжгийн жүжигчид биелгээ бүжиж британичуудыг гайхшируулсан, ийм лут гайхамшигт үндэстэн байж нөгөө талд нь хулгай, янхандалт, архи, аар саархан гэмт хэргээр эх орныхоо нэр хүндийг хорлож суугаа гутамшигт явдалд цэг тавих нэг жилийн аяныг энэ дөрөвдүгээр сардаа багтаан эхлүүлбэл ямар вэ, Та минь ээ?