Монгол Улсын гадаад бодлогын ололт амжилтуудыг судалдаг сурталчилдгийн хувьд нэгэн шавьтайгаа ярилцлага хийлээ.
Тэр бол Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн юм. Ийм нэгэн байгууллагын сураг дуулддаг байх, уншигч Танд. Тэр бүр хүн мэдэхгүй, сонирхохгүй байж мэдэх тул танин мэдэхүйн талаас нь ярилцлаа.
- Монгол Улсад төв нь байрлах Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв гэдэг ямар байгууллага вэ?
- Монгол Улс далайд гарцгүй газарзүйн онцлогтой байршлаасаа үүдэн худалдаа, эдийн засаг, тээвэр болон улсын хөгжилтэй холбоотой бүх асуудалд хүндрэл учирч байдаг гэдгийг бид аль дээр мэдэрсэн билээ. Улмаар бидний хөгжилд ийм саад учирдаг гэдгийг олон улсад ойлгуулахын тулд бидэнтэй адил газар зүйн байршилтай, эх газарт түгжигдсэн улс орнуудыг судлаад үзтэл далайд гарцгүй 32 орон ханьсаж магадгүй зураглал бидэнд буусан. Бүгд дуу хоолойгоо нэгтгэж далайд гарцгүй орнуудын бүлгийг 1990 онд байгуулсан. Монгол Улс тус бүлгийг байгуулахад манлайлан оролцсон. Мөн бусад олон улсын байгууллага, мөн хөгжингүй орнуудаас дэмжлэг авах хэрэгцээг бодолцон судалгаа хийдэг өөрийн гэсэн байгууллагатай болох нь зөв юм байна гэсэн санаачилгыг 2006 онд гаргасан.
2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсад айлчлах үеэрээ тус байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах нь зөв гэж дэмжсэний үндсэнд байгууллагын шавыг тавьсан. Улмаар олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой учраас 2010 онд далайд гарцгүй улс орнууд ярилцан олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг санаачилсан.
Олон улсын эрх зүйн хүрээнд олон талт хэлэлцээрийг дэмжин, гарын үсэг зурж нэгдсэнээр байгууллага албан ёсных болох учиртай байв. Тус хэлэлцээрт доод тал нь 10 далайд гарцгүй улс орон нэгдэж орсноор энэ байгууллага албан ёсных болох ёстой. 2017 онд 10 улс нэгдэж орсон. Олон талт хэлэлцээр нь олон улсын эрх зүйн хүрээнд хүчин төгөлдөр болж манай улсад албан ёсоор ийнхүү байгуулагдсан.
2018 оноос бие даасан үйл ажиллагаагаа эхлүүлэн, гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдсэн захирагчдын зөвлөл байгуулсан. Бид 2014 оноос хойш судалгааны төвийн гол үйл ажиллагаа–судалгаагаа хийж эхэлсэн. Тухайлбал анхны судалгаа 2004 оноос яригдсан “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”. Далайд гарцгүй улс орнууд тус хэлэлцээрт нэгдэж орох нь ямар ашигтай вэ гэдэг судалгааг хийсэн.
- Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?
- Газарзүйн онцлог байршлаасаа болж шууд далайн боомт руу хүрэх боломжгүй, нэг болон нэлээд хэдэн улсын газар нутгаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн хүргэх, мөн аль нэг далайн боомтоор дамжуулан импортын бараа бүтээгдэхүүнээ татан авчрах нь хамгийн эхний асуудал.
Хоёрдугаарт дэд бүтэц. Төмөр зам, авто зам нь чанар хангах уу, хөрш орон нь авто зам, төмөр замтай юу, бид өөрсдөө дэд бүтцээ байгуулчихсан ч хөрш оронд нь зам үгүй бол яах вэ гэх асуудал.
Гуравдугаарт бараа бүтээгдэхүүний хязгаарлагдмал байдал. Жишээ нь манай улс бол хүн ам цөөнтэй, аж үйлдвэр нь сайн хөгжөөгүй. Газраас ухаж гарган зарах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ л зардаг. Уул уурхайн голдуу бараа бүтээгдэхүүн гаргах нь олон улсын зах зээлээс хэт хамааралтай болно гэсэн үг. Хүн ам цөөнтэй учраас боловсон хүчин, ажиллах хүч, чадавх сул байна.
Олон улсын худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэхэд чадварлаг хэлэлцээ хийгчид хэрэгтэй. Олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг мэддэг хүн хэрэгтэй. Монгол Улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь Япон-Монголын хооронд олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалах хэлэлцээр бөгөөд бүх бараа бүтээгдэхүүн, бүх салбараараа нэрлэгдсэн. Тус гэрээ нь манай хувьд анхны гэрээ байсан учраас бидний туршлага дутсан.
Туршлага дутсан гэдгийг ганцхан жишээнээс харж болно. Жишээлбэл Монголоос Японд эсгий шаахай нийлүүлье гэсэн. Манайх эсгийн шаахайгаа хийж худалдана гэхэд тэд авахгүй гэсэн. Учир нь эсгий шаахайны ул нь резинэн, хортой ултай эсгий шаахай байна гээд худалдан авахаа больсон. Үүнийг өмнө нь хоорондоо ярьж тохирохдоо гэрээнд заагаагүйн улмаас асуудал үүссэн.
Чацарганын тос, шүүс гаргахад сав баглаа боодлоос эхлээд бүх зүйлийг зааж стандартын дагуу гарган нийлүүлэх нь бидэнд ашигтай. Тиймээс хэлэлцээ хийгч маань ийм нарийн ширийн асуудлуудыг мэддэг байсан бол ийм бэрхшээл үүсэхгүй.
- Далайд гарцгүйтэй холбоотой ямар ямар бэрхшээлт асуудал байна вэ?
- Хятадтай тээврийн асуудлыг хоёр улсын хоорондын гэрээ, хэлэлцээрээр зохицуулдаг. 1994 онд Хятадын Засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсан Тяньжин зэрэг нийт гурван боомт Монголд ирэх ачаа бараа бүтээгдэхүүнийг хүлээж авах боломжтойг Хятадын засгийн газраас зөвшөөрсөн хэлэлцээр.
Тус хэлэлцээрийг 2014 онд шинэчилж гэрээ байгуулсан. Гурван боомт дээрээ нэмж дөрвөн боомт ашиглаж болох заалт орсон. Хятадын нөхцөл шаардлагыг биелүүлэн, тавигдсан стандарт шаардлагад нийцүүлж чадвал Монголын автомашин ачаагаа Хятадын нутгаар далайн боомт руу тээвэрлэх, эсвэл далайн боомтоос Монгол руу тээвэрлэх боломжтой.
Гэвч одоог хүртэл хэлэлцээр үр дүн өгөөгүй, боомтуудыг бид ашиглаж чадахгүй байна. Гэрээ, хэлэлцээр бол хоёр улсын дээд түвшний дарга нар гарын үсэг зуран ойлголцон зөвшөөрсөн эрх зүйн баримт бичиг. Гэтэл Засгийн газар, Засгийн газрын харьяа агентлагууд, хил гааль, тээвэртэй холбоотой яам тамгын газрууд Хятадын талтай ярилцаж гэрээ хэлэлцээрт заасан нөхцөлүүдийг уялдуулах, зөвшөөрөл авч доод шатандаа яриа хэлэлцээ хийж чадахгүй байна.
Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулъя гэж ярьсан ч одоог хүртэл тодорхой ажил хийгдээгүй байна. Тэгэхээр дээд түвшинд яригдсан асуудлыг яам тамгын газар, агентлаг, хил гаалийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна гэсэн үг.
- Танай энэ төв ямар ямар боломжуудыг олж харав?
- Олон улсын түвшинд худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт манай улс 2016 онд нэгдэж орсон. Одоогоор 100 гаруй улс нэгдэж ороод байна. Нэгдэж орсон зорилго нь худалдаагаа түргэвчлэх.
Уг хэлэлцээрт нэгдэж орсон бүх улс орон өөр хоорондоо чөлөөтэй худалдаа хийж, хилийн болон гаалийн худалдааны дүрэм журам нь өөр хоорондоо уялдаа холбоотой байх юм. Тухайлбал Европын Холбооны гишүүн 27 улс нэг том айл болж байна. Европ дотроо тус холбооны бүх улс бараа бүтээгдэхүүнээ өөрсдийн машинаар хаашаа ч чөлөөтэй хүргэн тээвэрлэх боломжтой. Дунд нь хил, гааль гэж шалгадаг цэг, хүнд суртал байхгүй. Үүн шиг л худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрийн дагуу бүс нутагтаа чөлөөтэй явах боломжтой.
Энэ хэлэлцээрт нэгдэж орсон улс орнууд Европын жишгээр зам тээврийн нэгдсэн дэд бүтэц байгуулж, цаашлаад Азийн бүс нутгийн авто, төмөр замын сүлжээнд нэгдэн орвол жишээ нь манай бараа бүтээгдэхүүн чөлөөтэй нэвтрэх боломжтой. Тэгэхлээр худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээр далайд гарцгүй манай мэтийн орнуудад маш чухал болох нь харагдаж байна. Тус хэлэлцээрээр далайд гарцгүй орнуудад онцгой хэрэгтэй гурван заалт хэрэгжинэ.
Нэгдүгээрт 8 дугаар заалт байна. Хил хоорондын хилийн, гаалийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах заалт. Нягт хамтарч ажиллавал ямар ч саадгүй хоорондоо ойлголцох боломжтой.
Хоёрдугаарт 10 дугаар заалтад импорт, экспортын журам ба дамжин өнгөрөх асуудал тусгагдсан. Хоорондоо худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт орсон улс орнууд нэг л дүрэм журамтай. Түүнийгээ бүгд хүлээн зөвшөөрсөн бол бараа бүтээгдэхүүнийг тус журмын дагуу явуулахад хоорондоо ямар ч асуудал гарахгүй гэсэн үг юм.
Гуравдугаарт 11 дүгээр заалт, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөө. Бид өөрсдийн машин, жолоочоор өөрсдийн ачааг бусад гишүүн орны нутгаар чөлөөтэй тээвэрлэн далайн боомт болон гуравдагч улсад хүргэх боломжтой гэсэн заалт гэх мэт. Анхаарах асуудал бас байна. Улс бүрийн хөгжлийн түвшин өөр өөр учраас нэг түвшинд аваачихын тулд тодорхой хугацаатайгаар дээрх хэлэлцээрт нэгдэж орно.
Тэр хугацаандаа хөгжлийн түвшингээ ахиулна, хууль дүрмээ сайжруулна, төмөр зам, авто замаа барихад нь ДХБ дэмжлэг үзүүлж бас болно. Худалдаанд зориулсан тусламж гэх хөтөлбөр бий. Үүнд авто зам, төмөр зам, хил гаалийн мэргэжилтнүүдээ сургаж, мэдлэгийг дээшлүүлэх зэрэг бүх талын туслалцаа дэмжлэг багтдаг. Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрт нэгдэж буй улс бүр өөрсдийн дутуу дулимаг сул талаа шийдүүлэхээр хүсэлт тавих боломжтой.
- Худалдаа хөнгөвчлөлийн хэлэлцээрийн ач холбогдол нь юу вэ?
- Хөгжиж буй орнуудын худалдааны нийт зардал доторх авто зам, тээврийн зардлыг 13-15 хувиар бууруулах боломжтой. Экспорт нь мөн үүнтэй холбоотойгоор 13-22 хувь хүртэл нэмэгдэх боломжтой. Нэг түвшинд очсоноор хил, гаалийн байгууллагуудын үйлчилгээ сайжирна, аливаа барааг хилээр чөлөөтэй нэвтрүүлнэ, нэг л удаа шалгана.
Хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад техникийн туслалцаа үзүүлнэ, чадавхыг бэхжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно. Жижиг дунд бизнес эрхлэгчид хөгжинө. Хилийн бүсийн худалдаа 60-80 хувиар өснө. Эрээн, Замын-Үүдийн хооронд худалдаачид чөлөөтэй нэвтэрч бараа бүтээгдэхүүнээ солилцох, худалдан авалт хийх эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгосноор олон улсын чөлөөт худалдаа хөгжих боломжтой болно.
Үүнтэй холбоотойгоор аж үйлдвэр, авто зам, дэд бүтцийн зэрэг бүх төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж ирнэ гэсэн үг. Мөн худалдаа, үйлчилгээний ашиг орлого нэмэгдэх тусам ажлын байр нэмэгдэнэ. Засгийн газрын орлого бүрдүүлэлтэд энэ бүхэн эерэг нөлөө үзүүлнэ. Худалдааны хэмжээ нэмэгдсэнээр төсвийн орлого нэмэгдэнэ. Эцэст нь хэрэглэгчид бид хямд чанартай бараа бүтээгдэхүүн түргэн шуурхай гаднаас авах, Монголоос үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад түргэн борлуулах боломжтой болно.
- Бидэнд бараа бүтээгдэхүүнээ экспортлох ямар боломжууд байна вэ?
- Далайд гарцгүй ихэнх улс орнуудын хувьд Монголтой адилавтар. Уул уурхайн бараа бүтээгдэхүүнд түшиглэсэн эдийн засагтай. Уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ түлхүү экспортолдог. Энэ нь мөн л ганц салбараас хэт хамааралтай байна гэсэн үг. Дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэсийн үнэ буурах үед тэр улсын эдийн засаг тэр хэмжээгээр буурна. Ганц хоёрхон бараа бүтээгдэхүүнээс хамааралтай байх нь маш эмзэг эдийн засаг гэсэн үг. Тийм учраас далайд гарцгүй улс орнуудын төлөөлөгчид уулзалдан эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлж солонгоруулах ёстой гэцгээдэг.
Энэ асуудлын чухлыг дурдсан Венийн үйл ажиллагааны хөтөлбөр гэж бий. Далайд гарцгүй улс орнууд ярьж баталсан 10 жилийн хөтөлбөр. Үүнд тээвэр, дэд бүтэц, худалдаа, худалдаа хөнгөвчлөл, эдийн засгийн төрөлжүүлэлт, бүс нутгийн интеграцын асуудал багтсан. Бид уул уурхайн бараа бүтээгдэхүүнээс олсон орлогоо өөр салбарт хөрөнгө оруулан бусад салбараа дэмжих тухай ярьдаг. Олон салбарыг дэмжихийн тулд олсон бүх орлогоо тараахад салбар бүрд бага хэмжээний мөнгө ногдоно. Тэгэхлээр мөнгөө тэгж тарамдуулахгүйгээр “Монгол брэнд” гээд цөөн тооны чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр өртөгтэй гаргаж болох юм.
Гэхдээ бараа бүтээгдэхүүн нь овор хэмжээ багатай бол заавал авто зам, төмөр замаар тээвэрлэхгүйгээр агаарын тээврээр тээвэрлэж болно. Тэгвэл хугацаа, зардал бага болно. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй байгаль, экологийн чанартай бүтээгдэхүүн байж болно. Цэвэр чацарганын тос, ургамлын гаралтай эм, хоолны амтлагч гэх мэт. Тэгэхээр Монголд бүрэн боломж байна гэсэн үг. Би Монголын нийт эдийн засгийг хөндөж нэг талаас нь ярилаа.
- Ярилцсанд шавьдаа талархлаа. Энэ яриа үргэлжилнэ гэсэн итгэлтэй байна. Монгол уншигчид бага ч болов мэдээлэл мэдлэг авсан байх болтугай!