Үлэмж хүндэтгэж явдаг буянтай буурал ах маань энэ сануулгыг хэлжээ.
Би Facebook-ээс олж аваад эндээ зураг болгочихлоо. Л.Пүрэвдорж гэх энэ эрхэмтэй лав 40 жил танил дотно явна. Тухайн цагтаа ардын армид цэргийн нэртэй сэтгүүлч, бүр хожмоо БХЯ-ыг удирдалцаж дэд сайд нь явсан, хошууч генерал, нэртэй зохиолч, жүүд судлаач хүн хэлсэн байна шүү дээ. Уншигчид минь дахин дахин сайтар унш! Ертөнцийн шаар шавхруу болох гээгүй юм бол одоо наад хараал зүхлээ больцгоо!
Монголын чөлөөт сайтуудад нийтлэлээ тавьдаг миний хувьд тэр сэтгэгдэл гэдэг нь шинэ соргог юм биш л дээ. Хараал заналхийлэл бишгүй дээ л явж байдаг, тэгэх тусам нь би адарч бичдэг. Хараал урсгаж байна гэдэг нь миний хувьд тавьсан сум маань цаад байгаа оножээ, боож үхэж босож харайтал нь дургүй зэвүүг нь хүргэж бичсэн бол би боломжийн нийтлэлч юм байна. Хараал зүхэл болон болон, зэвүүцэн зэвүүцэн, тэгсэн хэрнээ салж чадахгүй уншина гэдэг, нийтлэлийг маань бүр тэсэн ядан хүлээж анаж байгаад хараалаа урсгана гэдэг чинь би цаад нөхрийн тархийг базаж байгаагаас өөрцгүй хэмээн уншигчид маань үнэлдэг юм билээ.
Ер нь манай уншигчдад юу бичсэн нь чухал биш, хэн бичсэн нь чухал юм шиг байгаа юм. Бичсэн автор руу элдвээр боорлон дайрах нь цаад хөндсөн сэдвээсээ даваад гарчихдаг чинь үүний нотолгоо. Ухаалаг гэгээлэг уншигч олон байдгийг үгүйсгэж байгаа юм биш шүү.
Тролл гэх нэр усгүй бичигчийн тухай их ярьдагтай би хувьдаа санал нийлдэггүй. Хэдхэн нөхөр мөнгө төгрөг авчхаад зориуд бичээд байгаа гэдэгтэй тэр бүр санал нийлэхгүй. Энэ их хараал зүхэл, үзэн ядалт, заналхийлэл чинь (үг хэллэгийнх нь муу муухайг ярих юм биш!) ерөнхийдөө Монголын нийгмийн байж байгаа төрх нь, түүний шууд тусгал, нийгмийн олонхын сэтгэхүйн тэнцвэр алдагдсаны гэрч нотолгоо гэж би үздэг. Хэд хэдэн шалтгаантай:
Би ингэж л авч үздэг. Нийтлэлдээ элдэв шинэ санаа, идей олох гэж би нийгмийн гүнд их явдаг. Адаглаад л лангууны хоёр худалдагч хэрэлдэхэд тэдний амнаас миний олж сонсоогүй, уран зохиолд тэр бүр байдаггүй ёгт үгс, хэллэг, шууд хуулбарлачихмаар мэргэн цэцэн үгс урсаж гарна. Надад шинэ санаа, шинэ сэдэл төрүүлнэ. Иймд би тэднийг буруутгаж чадахгүй. Хэрэлдэж л байг. Байгаа бодит байдал, төрх нь тэр юм чинь.
Тэрчлэн сошиалд урсаж байгаа их хараал хэрүүлийг буруутгах санаа надад байхгүй. Байж байгаа төрх нь энэ учраас яаж ч ухуулж уриалаад нэмэргүй. Гарц нь юу юм, шийдлийг нь хэл хэмээн агсрах биз.
Гарц шийдэл нь товч бөгөөд нэн тодорхой. Хоёр өгүүлбэрээр хэлчихье. Төр–засаг нь ард түмнээрээ ажил хийлгэ, ядаж өл өлхөөн залгах мөнгөтэй болго, өр ширгүй болго, мөнгөтэй болоод ирэхлээрээ стресс бухимдал нь алга болоод эрүүлжээд (тархи ба бие нь) хараал зүхлээ мартчихна, ядаж ичдэг болно. Хэрүүл ховоор хөөцөлдөх завгүй болно.
Гэхдээ Монголын нийгмийн аль болж бүтэхгүй, бас тэр хорлонтой чанар нь гэнэт давуу сайн тал болж хувирахыг хэн байг гэхэв. Гадаадад олон жил аж төрсөн монголчууд эх орондоо ирээд зарим нэг нь өнөөгийн энэ ороо бусгаа, адал явдалт нийгэмд дасаж дурлаад сүүлдээ явахаа байчихдаг нэг хачин үзэгдэл байна аа. Монголын нийгмийн татан дагуулах увдис гэчихье. Монголд удаан суусан гадаадынхныг хөөгөөд гардаггүй, улам шигдээд байдаг чинь бас нэг юм хэлээд байна.
Манай хамаатны нэг хүү Германы Майнц хотод амьдардаг, герман бүсгүйтэй гэрлэсэн, 1988 оноос Германд байгаа хүн л дээ, өөрийгөө ба гэр бүлээ өлхөөн аваад явчих чадвартай. 2012 оны эхээр Монголыг зорьж, төрөлх эх орондоо их үйлс бүтээхээр ирэв ээ. Монголын нэртэй нэг том баян–улс төрч урьж авчраад компанидаа ажилд оруулжээ. Амласан, итгүүлсэн нь ч дүүрч. Нөгөө хамаатан маань тэрийг нь ч тоохгүй, Монголын нийгмийн “там”-ыг жил гаран туулаад бид бүр хөөж тууж буцаасан гээч. Мань хүн ярьж байна аа. Монголд бүх юм нь сонин. Өглөө гараад л нуль адал явдал, өдөр болгон шинэ шинэ адал явдал. Адал явдалгүй ажил үйлс гэж нэг ч байхгүй, тэр бүхнийг давж туулах нэн сонин, маш сонирхолтой амьдарч байна. Манай Майнц хотод хэт нам гүм, уйтгартай, Бямба-Нямд бол бүр гудамжинд машин байтугай хүн ч явдаггүй, тайван нь дэндчихсэн. Гэтэл Улаанбаатарт ёстой нэг оволзож байнаа. Одоо хашаа байшин аваад эхнэр хүүхдүүдээ авчирдаг юм бил үү гэж ярьж эхэлмэгц нь бид ятгасаар Герман руу нь буцаасан юм даа.
Юу ч гэмээр юм бэ дээ? Бас манай нийгэмд сайн сайхан юм байх нь байнаа, тийм ээ!
Эргээд нөгөө сошиал руугаа очъё. Хараал урсгадаг цаад шалтгаан ба шийдэл гарцыг би биччихлээ. Хараал урсгаж байгаа сэтгэхүй-биологийн үзэгдэлд нь дүн шинжилгээ хийх аваас хараагчдын эрүүл мэндэд хортой кортизол буюу стрессийн гормон ялгарч бие эрхтнийг нь далдуур чимээгүй сүйтгэдэг гэдгийг хараал урсгагч нөхдөд сануулъя. Тархи толгойны өвчин, даралт ихсэх, нүүр аман дээрхи идээт үрэвсэл, уур уцаартай болох, өөрийгөө хянаж чадахгүй болох, мэдрэлийн ядаргаа, зөнөгрөл гэх мэт далдын эмгэгүүд хараал бичигч тэрлэгчийг ороогоод авдаг хэмээн орчин цагийн сэтгэл зүй–анагаах ухаан нотолжээ. Цаагуураа бие тархиа хэргээр сүйтгээд яваагаа тэд даан ч ухаарахгүй. Кортизолоо л байнга өсгөөд, тэр нь өндөр яваад байна гэсэн үг шүү дээ.
Хараалаар жаргал хийгч үндэстэн болтлоо доошоо орчихно гэж даан ч төсөөлөхгүй байна. Танагтай дээр нь татаж ав! Ертөнцийн шаар шавхруу болох гээгүй юм бол одоо наад хараал зүхлээ больцгоо!