Индэр    
2024 оны 1 сарын 19
Зураг
Судлаач проф.

Монголчуудын мөнгөний соёл

Зураг

- Лангуучин & Таксичны үргэлжлэл гэе!

"+17%" - энэ юун тоо вэ? Бараг бүгд мэднэ дээ. Учир нь нийтээрээ үр шимийг нь амсчихсан учраас. Сү.Батболдын Засгийн газрын үед Монголын эдийн засаг ийм нэмэх, тэгэхдээ бүр + арван хэдэн хувийн өсөлттэй байсан хэрэг шүү дээ. Дэлхийгээрээ шуугьж байлаа. Тэр үед би Каирт Элчин сайдаар ажиллаж байхад Дипломат корпус дотор миний нэр хүнд ч өсөөд ирэх шиг болсон, хатуухан хэлбэл. Танай улс чинь ийм аугаа юм уу, Танай улсад очихсон, үзэхсэн, Та нар яаж ийм их өндөр үзүүлэлтийг хангав аа, аргагүй л Чингис хааныхаа нэрийг мандуулсан аугаа улс Та нар байна гэж ирээд л цаасан малгай өмсгөсөн хүн олон ч тааралдсан даа. "+17%"-ийн өсөлттэй Монголыг төлөөлөх минь хэмээн Ливаны гурван ч бизнес ч өрсөлдөөд нэгийг нь Өргөмжит консул болгуулж байсан ба Иорданд суугаа Өргөмжит консул М.Микдади хэмээх араб найз маань тиймэрхүү маягийн өрсөлдөөн дунд лоббидон байж эх орныг маань төлөөлсөн юмсан. Бичих сэдэвт маань шууд хамаатай учраас ийм нэгэн тайлбарыг эвлүүлж буулгаж байна.

Дахиад нэг тайлбар. Сайн муу хоёр мэдээ ТВ, хэвлэл, сайтуудад явдаг. Муу нь голлоно. Жишээ нь ард иргэд маш их ядуурч байна. Юмны үнэ өсөж байна. Ихэнх иргэд өр, зээлтэй байна. Зээлгүй тэтгэврийнхэн, төрийн албан хаагч гэж алга, улсаараа төлбөрийн чадваргүй гэх мэт. Сайн мэдээ нь цөөн, гэхдээ түүнд хэн ч итгэхгүй талдаа. Эдийн засаг, санхүү, өр зээл, ядуурал, дээр нь нүүрсний хулгай, авлигын тухай мэдээ өдөр тутам, цаг тутам хэвлэл мэдээллээр хөвөрсөөр байгаад хэн ч цочирдохоо больчихсон, энд цааш нь эшлэх шаардлагагүй.

Бас нэг тайлбар, гэхдээ инээдтэй бөгөөд эмгэнэлтэй явдлын тухай. Манайхан мөн хөгийн юманд итгэнэ, сүсэглэнэ, аз хайна, тэнгэрээс бэлэн мөнгөөр бороо орохыг хүлээсэн сэтгэхүй гэх үү дээ. Луйварчдад итгээд залилуулна, луйварчид нь барагдах юм биш. Цахим мөрийтэй тоглоомд хамаг мөнгөө тавьж туудаг тухай сэрэмжлүүлэг их явж байна. "Хожно" гэж итгээд мөнгөө тавиад тоглочихдог. Завтай хүн маш ихтэй тул нөгөө "цахим тоглоом" нь хязгааргүй тоглуулаад хамаг мөнгийг нь хамчихдаг. Энэ өнцгөөс бол “Монголчуудын амьдрал нь яг казино шиг” хэмээн миний арван жилийн найз Т.Батсайхан маань яг онож хэлсэн дээ. Найзын үг надад сэдэл өгөөд надаар энэ нийтлэлийг бичүүлчхэж байгаа юм.

Том сэдэв рүү оръё. Ер нь манай эдийн засаг яагаад огцом өөдлөхгүй, ард иргэд нь дан ядуу ядуулаг байдаг, төр нь дандаа мөнгөний хэрүүл хийж ирсэн бэ? Нэгэн тайлбар байна. Өмнөх 70 жилийн социалист нийгэмд маань орон сууц, мал хуй, газар, үйлдвэрлэлийн хэрэгсэл гэвэл өмчлөх эрх хэнд ч байхгүй, өмчлүүлэх ч үгүй явж ирсэн ба тэр нь сэтгэхүйд гүн нэвчин суусан. Овсгоотой, ажилсаг нэг нь ийм төрлийн анхны хэлбэрийг сонирхож, жишээ нь хашаандаа ногоо тарих, үхэр үнээ үржүүлэх, тахиа үржүүлэх ба тэрийг нь амины жижиг аж ахуй хэмээн нэрлэж төрөөс хорих ч үгүй, хөхүүлэх ч үгүй, яг тэр чигт нь орхино.

Хэтрүүлбэл шорон гяндан хаалгаа нээгээд хүлээгээд авчихна. Жишээ нь Лоохууз гуайг тамд унагасан түүх бэлээхэн байж байна. Гарын уртай дүйтэй, арьс шир урлаж эмээлийн гөлөм хийлээ гэдгийг “хувийн сонирхол”, “дамын наймаа” гэдэгтэй холбож байгаад шийтгэсэн энэ түүх бол социалист нийгмийн өмчийн эсрэг мөн чанарыг илтгэнэ. Нэгэнтээ өмчгүй явсаар өдий хүрсний гайгаар олсон зөөснөө хураана, хуримтлуулна гэх юм байхгүй, өм цөм идээд уугаад барчихдаг хүмүүжил өмчгүй, өмчийн соёлгүйгээс улбаатай. Өмч, үл хөдлөх гэх ойлголтгүйн гайгаар мөнгөн дээр бүр ч өлөв долов, өм цөм. Цагаан сараар пологдтолоо гэдсээ дүүргэж, зарим нь эмнэлгийн хаалга татдаг чинь өмчийн соёлгүйн гай шүү дээ.

Одоо яг үндсэн сэдэвтээ оръё. Санхүүгийн сахилга алга, хуримтлал үүсгэхгүй байна, мөнгөө гамнах хэмнэх соёл алга гэж би мөн ч олонтоо бичсэн дээ. Дахиад л бичихээс аргагүй болж байна. Их хөлтэй явагддаг Цагаан сар, гуйлгачин түүлэгчин байхгүй болтлоо шинэлсэн, тэтгэврийн зээлээ авч сар шинээ хийсэн, эргээд бүгд өртэй, “Улаанбаатарын оршин суугчид Цагаан сарын баяртаа 350 тэрбум төгрөг зарлагаддаг” хэмээн оросын asiarussia.ru гэх сайтад хэзээ билээ (2018 он уу?) биччихсэн байхтай тааралдаж байсан. Энэ нь бахархал гэхээсээ харуусал сэрэмжлүүлэг мэт хэлэгдэх шиг надад санагдаж билээ. “350 тэрбум”-мөн айхавтар тоо, тархин дундуур татаад авах шиг. Хайран ч мөнгө. Ингээд бодохул “мөнгөний соёл” гээд бүр нэг биччихээс аргагүй мэт.

Холын баримт хайхгүйгээр 20 жилийн өмнөх 2004 он руу нэг тольдъё. АН хүүхдийн 20 мянга амлаад ирмэгц МАН нь шинээр гэр бүл бологсдод 500 мянга амласан (шинэ төрсөн нярайд төдөн төгрөг гэхчлэн), монголчуудад мөнгөний соёл суулгах нь бүү хэл тийм соёлыг баллуурдаж үгүй болгосон түүх 2004 онд тэгж эхэлсэн юмсанжээ.

Бэлэн мөнгө авна гэдэг уг нь сайн сайхан хэрэг л дээ. Мөнгөнд дургүй хүн хорвоо дээр үгүй. Гэхдээ бэлэн мөнгө авах тусам ядуурдаг нь монголчуудын онцлог, бусад улс үндэстнээс ялгарах нь шинж төрх нь. Ядуурдгийг нь мэдсээр байж өгөөд байв уу, эсвэл сайхан сэтгэлээр, тус дэм болог гэж өгөөд байв уу гэдэг нь өөр асуудал, төр засгийн хувьд шүү дээ. Сайхан сэтгэл нь л давсан байх аа даа, одоо ч мөнгө байвал тараахад УИХ, Засгийн газар, эрх баригч МАН яг бэлэн байгаа. Тэр сэтгэхүй дээр доргүй амь бөхтэй.

Ард түмнээ хорлох гэж бэлэн мөнгө тараасан гэх яриа одоо түгээмэлжиж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа сэхээтэн оюунлаг хэсгийнхэн, бизнесийнхэн бэлэн мөнгө тараахын эсрэг юм билээ шүү. Сэхээтэн гэлтгүй хөдөөд ч мөн тийм яриа бүр 2004 оны сонгуулийн дараа гарч байсан байгаа юм. УИХ-д хоёр удаа суусан, Төсвийн байнгын хороог даргалж явсан нэг найз маань ярьдаг юм. 2004 оны сонгуулийн дараа хөдөө тойрогтоо явж байлаа гэнэ. Хөдөлмөрчидтэй уулзалт болж байх юм аа. Хэл ам таталжээ. Тэр 500 мянгаа яах гэж өгсөн юм, түүнээс чинь болж хуурамчаар хуримлах залуусын тоо олширлоо, хуримын зардал, найр архинд тэр мөнгө чинь үрэгдлээ, дээрээс нь хувиасаа мөнгө гаргаж шатлаа, хуурамч гэрлэлтийн уршгаар гэмгүй охин минь их гэдэстэй хоцорлоо, тэр 500 мянгаа одоохон болиул гэж ирээд л мань гишүүнийг хэдэн талаас нь бөмбөгджээ. Боддог л бодол.

Сүүлхний жишээ. Нөгөө алдарт “+17” хувийн үед. “Насанд хүрсэн иргэн бүрт 21 мянга” гэсэн ариун цагаан хөтөлбөр хэрэгжиж байв. Хэрэв сар бүр өгөх тоолонд нь хураагаад байсансан бол лав өдийд модоо барьж, тэтгэвэр цалингийн өрөнд унахгүй байхсан. Үүнийг ухаж ойлгодог монгол хүн даан ч цөөхөн юм. Харамсмаар санагддаг.

Нийслэлийн төвд нэгэн өндөр барилга (30 давхар) дээр хэсэг монгол ажилчид ажиллаж байж гэнээ. Барилгын компанийн захирлынх нь яриа шүү. Тэр 21 мянга ид өгөгдөж байсан үе. Түүнийг тавьж олгох үед банкны гадаа оочер дугаар гэж тоймоо алддаг, бараг бүтэн өдрийг алддаг байсан юм уу даа. Миний танил барилгын компанийн захирал маань өдрийн 60 мянгаар тооцоод барилгачидаа цалинжуулж байсан байгаа юм. Одоо ч тариф нь нэг их өсөөгүй байх.

Нэг өглөө гурван барилгачид алга болчхов оо. Тэр өдрийн ажил будаа. Маргааш нь бас алга, нөгөөдөр нь бас алга. Ингээд гурван өдрийн ажил будаа, нэг барилгачин 180 мянган төгрөгөө, нийлээд тэр гурав 540 мянган төгрөгөө суутгуулжээ. Аргагүй шүү дээ, ажил тасалчихсан юм чинь. Нөгөөдрийн цаад өдөр нь бүрзийсэн, үхсэн царайлсан гурван нөхөр эргээд иржээ. Загнуулах аашлуулах юу ч биш.

Тайлбараа хэлж байнаа. Ажил тасалдаг эхний өдөр 21 мянга дээр оочерлоод өдрийг алдсан, гурвуулаа орой нь 63 мянган төгрөгтэй болсон байгаа юм. Тэр 63 мянган төгрөгөөрөө хэд хэдэн шил архи авнаа даа. Эхний орой ууж бариад тэгсхийгээд өнгөрөөжээ. Хоёр дахь өдөр нь хавтгай архидалт. Гурав дахь өдөр нь шараа тайлж дахин архидалт, хэвтээгээрээ. Дөрөв дэх өдөр мөнгө дууссан, нэмж өр тавьсан, бие дотор гэж авах юм байхгүй ажилдаа ирж байгаа царай нь тэр.

Барилгын компанийн захирал найз маань учирлан ярьж ухуулж, загнаж ч үзжээ. Арай зодоогүй юм байх. Та нар 21 мянгыг олоод 180 мянгыг алдлаа, хожсон хохирсон хоёрын аль нь вэ? 180-ыг авч байсан нь дээр байж үү, эсвэл 21 мянгаа нэг удаа аваад эрүүл биегүй болтлоо архидсан нь дээр үү гэж асуугаад байхад цаад гурав ухаж ойлгодоггүй ээ. Үнэгүй зүгээр өгч байгаа 21 мянгыг авах нь л чухал гэсэн хариу тайлбартай. Өөр хэлэх үг байхгүй. “180:21”; “540:63” – аль нь их тоо вэ? Хариулт мад!

“Хүүхдийн” гэх тодотголтой 20 мянга бол наанатай цаанатай зарцуулагдсан шиг байгаа юм. Яг “хүүхдийн” гээд биччихсэн олгогдож байгаа учраас эх нь голдуу очоод авчихдаг, архинд явсан нь багахан дойл эзэлнэ. Ядаж “хүүхдийн” гээд биччихсэн учраас булааж аваад хар усанд өгөхөд нэлээд бүдүүн зүрх хэрэгтэй болноо доо. Гэхдээ л гэр хороололд хүүхдийн 20 мянгаар архидсан явдал нэг үе хавтгайрсан юм билээ. Харин тэр насанд хүрэгсдийн 21 мянга бол 100 хувь биш гэхэд лав 80 хувь нь дээрх гурван барилгачны паян шиг урсаж дууссан байгаа юм. Мөнгөнд өлөв долов гэж ханддаг нь одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа даа.

Монголчуудын “мөнгөний соёл” гэж чухам үүнийг л хэлдэг юм. Олсон үзсэн авснаа хуу үрчихдэг, гэдэс ходоодоо байнга баярлуулдаг, баярлуулж байх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой монголчууд мөнхөд ядуугаараа явах тавилантай гэх нь хаашаа юм, гэхдээ л энэ цаг үед бид гэгээрээд гэгээрлээрээ хөлжиж баяжихыг нь харахгүй юм шиг байгаа юм.

Мөнгөний наад захын соёлгүй, эрх баригчид нь санхүүгийн наад захын сахилгагүйгээс болоод монголчууд бид ардчилал, эрх чөлөө, зах зээлийн нийгэмд зовж зүдэрч шинэ нийгмээ байгуулахаар 34 дэх жилдээ гүрийж явна. Төр, засгийн толгойд гарч ирсэн болгон нь, тэднийг гаргасан болгон нь нуль стресс, ам ангайвал хариуцлага сахилга, мөнгөний бөөн гачлан, тийм л нөхөд ирдэг, буцдаг, дараагийнх нь ирдэг!