Индэр    
2024 оны 1 сарын 17
Зураг
Судлаач проф.

Монголчууд хорслын гормоноо хэтрүүлчихдэг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уншигчдад танил бус нэр томьёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд "Кортизол" гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчуудын дооз нь хэтэрчихсэн тухай улс төрийн дэвсгэр дээр дор өгүүлсү.

Дөрвөн жилд нэг удаа УИХ-ын сонгууль, мөн зургаан жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгууль тохиодог. Сонгуулийнх нь кампани ид өрнөж буй үед нийгэмд сэтгэхүйн тэнцвэр алдагдах нь ганц Монгол гэлтгүй сонгууль явагддаг ардчилсан аливаа улс оронд байдаг хэвийн үзэгдэл. Хүмүүс аль туйлшрах, дагаж ханарах, уурсах, бухимдах, шаналах, нойргүй хонох, санхүүгээ хохироох, шоудах, амлах, хууртах явдал дэлхийд бишгүй нэг тохиолдох ба хэрэв түүнд нь хэт автвал эрүүл мэндээрээ хохирох, биегүй болох явдал зөндөө гардаг байна.

Эрүүл мэндээрээ хохирох гол шалтгаан нь бие дэх кортизол (гидрокортизон) хэмээх даавар юм. “Cortisol”- стрессийн гормон. Хорслын гормон гээд нэрлэчихвэл бүр ойлгомжтой. Хүн болгонд бий. Хэт ялгаруулбал хор болж биед тархана. Эрүүл мэндийг чинь бусниана. Монголчууд өөрсдөө мэдэхгүй яваа болохоос бус, эрүүл мэндийн байгууллагууд нь зөв ухуулж ойлгуулаагүй болохоос бус шилжилтийн гэгдэх орнууд дотроо Монгол бол стресс-хорслын гормон–кортизолоор нэн өндөр үзүүлэлттэй оронд тооцогдоно. Нийгэм нь тэгшрээгүй, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурал, мөнгөгүйдэл, архидалт задгайрсан, монголчууд өөрсдийгөө тамлаж амьдардаг, улс төр нь популизмээр дүүрэн байгаа энэ улсад маань насанд хүрсэн хүн бүр толгой дараалан уур уцаартай, хэрүүлч, хорлогч, өсөрхүү, шазруун яваа нь хүн болгоны бие дэх кортизол нь оргилж буцалж явна аа л гэсэн үг юм.

Хий хоосон эх оронч царайлан нийгэмд гоцлохыг хүсэх нь стрессийн гормон–кортизолоор өөрийгөө хордуулан, бусдыг хордуулах гол нөхцөл болдог гэсэн үг юм. Хэт атаархах, хорон санаа хэт өвөрлөх, хэт биеэ оторлох, мөнгө олохыг хэт шунах нь кортизолоо ямагт оргилуулж явна, тэр нь эргэж биедээ хор болж шингэнэ гэсэн үг. ТВ-үүдээр харуулах элдэв болж бүтэхгүй нэвтрүүлэг, кортизол дүүрсэн улс төрийн элдэв мэдээлэл нь Монголд доозоо хэтэртэл хөгжчихөөд байна. Тэгтэл түүний эсрэг талд буюу эерэг сайн талын гормон-эндорфин (Endorphin буюу баяслын гормон) монгол хүний биед нөгөөхдөө дарлуулаад юун сэргэх сэхэх. Стрессгүй айл өрх байх нь байна. Дэндүү цөөн юм. Тэр цөөхөнд л эндорфин бургилж байдаг байх. Хошин урлаг гэж сайн талын гормон-эндорфинийг хөгжүүлэгч эм байна гэж ойлгодог бол тэр нь худал юм. Тэрхэн үедээ инээж хөхрөөд, үзвэр дууслаа, эргээд нийгмийн бухимдалдаа шингээд орчихно. Дахиад өөрсдийгөө тамлаж эхэлнэ.

Эдүгээ барууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд Neuro Linguistic Programming (NLP) гэгч онол хүчтэй түгсэн, үүнийг улс төр дээр авч ярьж болмоор санж. Энэ бол аливаа юмс үзэгдлийг түүний ил буй хуулиар тайлбарлах, утгачилбал зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц үгийн тоглоом, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр аргыг судлах онол ажээ.

Visionary–хараандаа бүх юмыг сонгож тогтоох, Auditory–сонсголоор дамжиж тархиндаа суулгах гэгч хоёр өөр үйлдэл нэг цэг дээр төвлөрч “зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” дурсамж үлддэг бол тийм дурсамжуудыг улс төр, элдэв улс төрчид ёстой үйлдвэрлэж өгдөг.

Улс төрийн тодорхой салбар дээр аваад үзэхэд, посткоммунист ба хөгжиж буй ертөнцийн шилжилтийн бэрхшээл зовлон, хямрал, мөргөлдөөн, сонгуулийн будилаан, улс төрчид, террорист халдлага гэхчлэн нийгмийн үзэгдлүүд дээр NLP программчлалаар анализ хийхийг барууны ажиглагчид илүүтэйд үзэх болжээ.

Оросоор жишээлэн ийм гаргалгаа хийсэн баримт байна. В.И.Ленин өөрийн хийсэн төрийн эргэлтийг (Октябрийн хувьсгал) Орос шиг харанхуй газар л бүтсэн зүйл гэж хэлснийг эшлэн тэр дэвсгэр дээр Оросын хямрал, түүхий эдийн үнийн уналт, элдэв террорист халдлага, мафи-олигархийн эсрэг тэмцэл энэ бүгдийг NLP программчлалаар авч үзэж болох юм. Орос орон ийм зовлон амсаж байгаа нь чухамдаа зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн гоё хурц суртал, нүдэнд ил тусах зүйлийг илүү эрхэмлэх тэр явдлын золиос нь нийгэм өөрөө болсны гэрч гэлтэй. Тээр жил барууны судлаачид 2004 оны Бесланы барьцаалагчдыг сулласан байлдааны ажиллагаа олон хүний аминд хүрснийг NLP аргачлалаараа хэмжээд, В.Путиний хувийн араншин рүү аваачсан сонин баримт буй. Оросын автократ уламжлал, Москвагийн элитийн (КГБ ба генералитет) монополь эрх мэдэл, дээр нь түүнийг тойрсон суртал ухуулгыг оролцуулаад “эдүгээгийн Путин нь Москвагийн Муссолини болж хувирлаа” хэмээн Ерөнхийлөгч Ж.Картерын зөвлөх асан З.Бжезинский тэр үед дүгнэснийг Оросын хэвлэлүүд эшилж байсансан. Тэрхэн үедээ NLP аргачлалаар бол, Оросын хамаг гай гамшгийн гол буруутан нь чеченийн дээрэмчид байжээ. Эдүгээ Орост NLP юу гэж зааж байна вэ гэхлээр Украин гэж лүд барам байна, Украиныг Оросын эсрэг тухирч байгаа НАТО, барууныхан байна, түүнд хэлмэгдсэн Орос хоригийн зовлон амслаа, түүнийг ОХУ сөрж чадаж байна, Украины нацистуудыг хайр найргүй пуужиндаж бөмбөгдөж байна гэх ойлголт.

“Арабын хавар”-аас хойш олон улсад ISIL гэх лалын улсын террористууд NLP-г маш гаргуун хэрэглэж байв. Тэмцлийн олон хэлбэрийг нь хэн ч төсөөлж ч хүчрэхээ больсон, гэхдээ бүх тэмцлээ шударга ёс, ариун Аллахтай холбож сурталчилсан нь сая сая мусульманчууд, сая сая анти-америкч хүн ардын тархи зүрхэнд очиж суужээ. Одоо ХАМАС, Хезболла, Иран, Йемен яг тийм зам сонгон аваад лалын бүх ертөнцийг босгох аянд морджээ.

“Зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” суртлыг хийхдээ өмнөх соцнийгэмд коммунистууд хамгийн их гаршсан байв. Октябрийн хувьсгалыг Орос шиг харанхуй газар л бүтээж болох тухай Лениний ярьснаас үүдэн “Интернационал” хэмээх сүрлэг дууны шүлэг бадыг аваад үзье. “Энэ бол манай эцсийн, шийдвэрлэх тулалдаан” гэсэн үгс тэнд бий. Хятадын төрийн дуулалд “Босцгоо! Боол болох дургүй хүмүүс ээ, цус махаараа бид шинэ Цагаан хэрмийг байгуулъя!” гэхчлэн, чухамдаа ямар адтай аатай эх оронч үгс вэ, нулимс цийлгэнээд л явчихмаар.

Яг ийм фонон дээр өнөөгийн Монголын шилжилт ба УИХ-ын удаа дараагийн сонгуулиудыг уншигчид өөрсдөө төсөөлөөд үз дээ. 2024 оны шинэ "126"-г сонгох сонгууль ч тэр замаас нэг их хазайхгүй. NLP-г МАН гаргуун хийж сурсан. “Зүрхэнд тусаж тархинд өрөмдөх” МАН-ын эх оронч тактик, АН-ын ил задгайрал, одоогийн хагарал нийлээд хэдэн сардаа дээд цэгтээ тулаад, сонгуулийн дараа нэг хэсэг саардаг уламжлал 2020 оноос тогтчихов уу даа?

Ерөөсөө монголчуудын уран сайхны сэтгэлгээ тийм NLP-г хүлээн авах бэлээхэн хөрс нь учраас эх оронч царайлах нь “ард түмний” нэр баригч улс төрч, иргэний хөдөлгөөн, эх оронч-үндсэрхэг хөдөлгөөн, уул уурхайн эсрэг тэмцэгчид, цаашлаад алтны эрэлчин, газар шороочин гээд бүгдийнх зэвсэг юм. NLP-г хөхүүлэх бэлээхэн бэлдмэл нь монгол хүний цээжинд багтан ядан яваа хорсол бухимдлын гормон–кортизол юм.

Нийгэм тогтворгүй, ядууралтай бол бэлээхэн лүд барам болгоод үзүүлчих үзүүлэн нь ардчилсан хүчнийхэн ба ардчилал байж ирсэн, гучин хэдэн жил тэдэн рүү заасаар ирсэн. Түүнийг тойруулсан суртал ухуулга хийчих, гүйцээ, ялалт аяндаа гэсэн зарчмаар ажиллажээ. Одоо бол МАНАН гээч атаат хар олигархжсан мангасын тухай айдсын үлгэр, мөн нүүрсний хулгайн сэдэв газар авах байх. Нийгэм даяар газар авсан авлигал, албан тушаалын хэнээрхэл, ёс зүйгүй задгайрал, гэмт хэрэг, янхандалт, золбин тэнэмэл амьдрал зэрэг муу үзэгдэл бол цоо шинээр буй болчихсон юм биш. Тэр социализм гэгчээс чинь бидэнд өвлүүлэн үлдээсэн гамшгийн задгайрсан хэлбэр нь, гэвч үүнийг социалист нийгмийг ухарч мөрөөдөгсөд яахан ухаарах билээ. Өөрсдөөсөө зайлуулж ардчилал руу заахдаа NLP аргыг хэрэглэхээс аргагүй.

Монгол Улс зах зээл рүү гишгээд 34 жил болоход гэгээтэйгээр урагшлахгүй, эдийн засаг нь ямагт “0” (нойл) зааж, сүүдрийн “хар эдийн засаг” нь албан ёсны эдийн засагтайгаа дүйцэх хэмжээнд очиж, бүр параллель эдийн засагтай болчихсон. Улс ялзарсан тухай яриа бол дуусашгүй. Энэ бүхэн нь өнгөрснөө санагалзан, ухарч мөрөөдөх дон, тэр дон дээр оргилуун тоглож ирсэн Монголын популизмын буруу юм гээд хэлчих ухаантан одоогоор алга.

Ийм популизм нийгэмд хүчтэй байгаагаас XXI зууны хөгжил дэвшил, гэгээрэл боловсрол, мэдлэг рүү халдах нь энүүхэнд. “Зүрхэнд тусаж тархинд өрөмдсөн” суртал дотор “дипломтой хулгайч”, “дипломгүй эх оронч” гэсэн харьцуулалт гаргаж ирээд арынх нь хамаагүй дээр гэх уриа дуудлагыг түгээдэг. “Дипломгүй эх орончийг УИХ-д сонгоё” гэх кампанит ажил хотын захын гэр хороололд хамар шархируулан өрнөдөг, өрнөнө чиг. Хэрэв иймдээ тулах бол яршиг зүгээр тэр жил Арабын нэг оронд парламентын гишүүдийн 50 хувь нь заавал ажилчин, малчин, тариачин байна гэсэн шиг хуульчилбал таарна.

Монголын өнөөгийн нийгэмд социализмаа санагалзан, ирээдүйгээ төсөөлж үл зориглох үзэгдэл NLP хэмжүүрээр бол ерөнхийдөө түгээмэл байна. Америк ба америкийн ардчиллыг оруулж ирснийг үзэн ядагчид огтоос буурахгүй байгаа нь нийгмийн үзэгдэл дээр тоглодог коммунист маневр–эх оронч хөдөлгөөн, эх оронч ухуулга байнга хийх, элдэв туг аялуулан аян зохиох, тийм ч бүтээн байгуулалтын жил, тийм ч сарын аян гэх сүржин кампаниуд, хээл хахууль, санхүүгийн луйвар, сонгуулийн луйвраа эх оронч царайлан хийх, дээр нь шагналын их хур (одон, медалиар бөмбөгдөх) мэтчилэнг жагсаагаад үз дээ. Элдэв уриа лоозон дэвшүүлж, түүндээ хөглөгдөн хөтлөгдөх дон бол манай нийгмийн хамгийн шилдэг PR ба NLP мөн. Эцсийн бүлэгт ажлын үр дүн бус, ажил хийсэн дүр эсгэж, хийсэн гэж үнэмшүүлж, түүндээ уяран баясах, ард түмний сэтгэлд сайхан дурсамж үлдвэл л болох нь тэр.

Бид яг одоо эрх чөлөө, ардчиллаар дэвсгэрлэсэн зах зээлийн чөлөөт нийгэм рүү явж байгаа. Энэ утгаар ажил хийсэн дүр эсгэж, элдэв хурал зөвлөгөөн хийж, хийсэн бүтээсэн гэж үнэмшүүлж, түүндээ сэтгэл ханах, эсвэл төв талбайд эх оронч дүр эсгэн жагсаж хашхичих нь хэрэг дээрээ өөрийгөө хорлож буй хэлбэр юм. Тэр шинэ капиталист нийгэм бол ямар ч кампаничлал, эх оронч царайчлал, элдэв туг лоозон, одон медальгүйгээр болж бүтэх нийгэм юм. Учир нь тэрбээр өөртөө хуультай, тэр хуулийнхаа шүүлтүүрээр шигшээд өгнө.