Зураг
Зураг
Индэр    
2023 оны 11 сарын 10
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа 2015-2023 (I)

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны есдүгээр сарын байдлаар Хятадын статистикийн мэдээгээр БНХАУ, Монгол улс хоёр талын худалдааны эргэлт 12.07 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.42 хувиар өссөн байна.

Инфляц, цар тахлын хүндрэлийг үл харгалзан нүүрс болон бусад түүхий эдийн худалдааны өсөлтөөс шалтгаалж импорт, экспорт хоёр оронтой тоогоор өссөн байдалтай байна. 2023 оны есдүгээр сарын Хятадын талын статистикаар Худалдааны тэнцэл 7.06 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 64.2 хувь өссөн байна. 2015-2023 оны хоорондох Монгол, Хятад хоёр орны худалдааны статистик дээр анализ хийв.

зураг
 
Эх сурвалж: Хятадын Статистикийн Газар

Хоёр талын худалдаан дээр, дараах байдлууд ажиглагдаж байна

2015-2023.09 сар хүртэлх хугацаанд Хятадаас Монголд экспортолсон шилдэг 5 бүтээгдэхүүн, сая ам.доллароор

1

Цахилгаан эрчим хүч

1,032.07

2

Ачаа бараа тээвэрлэх зориулалтын бусад чиргүүл, хагас чиргүүл

466.54

3

Хагас чиргүүлийн зориулалттай, хуурай замын трактор

395.85

4

Тээрмийн (бутлуурын) бөмбөг болон бутлуурын зориулалттай, түүнтэй төстэй эдлэл

364.58

5

Төмөр эсвэл ган хийц (Зүйл 94.06-д заагдсан барилгын угсармал хийц орохгүй), түүний эд анги

323.13

зураг
 
Эх сурвалж: Хятадын Статистикийн Газар

2015-2023.9 сар хүртэлх хугацаанд Хятад Монголоос импортолсон шилдэг 5 бүтээгдэхүүн, сая ам.доллароор

1

Коксжих нүүрс

22,583.42

2

Зэсийн хүдэр болон баяжмал

19,080.78

3

Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос

2,649.45

4

Самнаагүй ноолуур

1,577.84

5

Бусад төрлийн нүүрс

1,502.51

зураг
 
Эх сурвалж: Хятадын Статистикийн Газар

2015-2023 оны есдүгээр сарын худалдааны статистикаас харвал, Хятад Монголоос 56 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон бол Хятадаас Монгол руу 16 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна. Эдгээр жилд Монгол Хятадын хоёр улсын худалдаа Монгол талдаа худалдааны тэнцэл үргэлж ашигтай гарч 40 гаруй тэрбум ам.доллар байсан байна. 160 орчим улс оронтой Монгол Улс гадаад худалдаа хийдэг бөгөөд худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ юм.

Мөн энэ хугацаанд Хятадын талаас хамгийн ихээр экспортолсон ТОП-5 бүтээгдэхүүний эхэнд цахилгаан эрчим хүч байгаа нь сонирхолтой татна. Энэ нь Оюутолгойн болон боомтуудын цахилгаан эрчим хүч гэсэн үг. Мөн уул уурхай, барилга, дэд бүтцийн төслүүд хэрэгжихийн хэрээр Хятад улсаас үйлдвэрлэлийн орц, төмөр ган хийц, ачигч машин чиргүүлүүд эдгээр жилд импортолжээ. Сүүлийн үеийн хэдэн жилийн статистикаас харвал Хятадаас дизель болон шатах тослох дизель, бензин төрлийн бараа материалын экспорт өсөн нэмэгдэх хандлагатай харагдаж байна.

2015-2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Хятад Монголоос авч буй импортын хувьд Монгол Улсын экспортын уламжлалт бүтээгдэхүүнүүд тухайлбал бүх төрлийн нүүрс, зэсийн баяжмал, түүхий газрын тос, ноолуур зэрэг хамгийн өндөр хэмжээтэй байв. Коксжих нүүрс 22 тэрбум гаруй ам.долларын орлого Монгол Улсад оруулсан бол, зэсийн баяжмал харин 20 орчим тэрбум ам.долларын орлого оруулжээ. Түүнчлэн цайр, төмрийн хүдэр, боловсруулсан боловсруулаагүй хушны самар, малын гаралтай мах болон бусад төрлийн бүтээгдэхүүн Хятад Монгол Улсаас импортолсон байна.

8 ОРОНТ БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ ангиллаар нийт 8,500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс экспортолж, импортолдог. Хятад улс Монгол Улсаас эдгээр жилд 700 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн импортолсон бол, Хятад улсаас Монгол Улс руу 6,300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолсон.

Монгол Хятадын худалдааны 60 гаруй хувь нь Өвөр Монголтой хийгдэх худалдаа байна. Бусад муж хотууд тухайлбал Бээжин, Фужянь, Шаньдун зэрэг мужтай хийх худалдаа огцом өсөж байна. Өвөр Монголоос гадна хил залгаа Шиньжян, Ганьсү мужуудтай хийх худалдаа тогтвортой байна.

Energy(Эрчим хүчний) секторын хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. 2015-2023 оны есдүгээр сар хүртэлх статистикаас харвал хоёр улсын худалдаа эргэлт дотор, 40 гаруй хувийг хамарч байна. Цаашид ч өсөх төлөвтэй байгаа бөгөөд, ялангуяа Монгол Хятадын төрийн өмчит компаниуд голлон хамтын ажиллагаагаа өргөжүүлж урт хугацаанд олон сая тонноор нүүрс худалдан худалдан авах гэрээ байгуулж, уул уурхайд ашиглах тэсрэх дэлбэрэх бодис Монголын талд нийлүүлэх, олборлолт ашиглалт, тээвэрлэлт хамтарч хийх зэргээр тоо биет хэмжээг өсгөж байна.

Монгол, Хятадын худалдаанд бүтээгдэхүүний нэр төрөл ангилал буурч байна. 8 ОРОНТ БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ ангиллаар нийт 8,500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс экспортолдог, импортолдог. Сонирхолтой нь Хятад улсын Монголоос авах импорт дотор бараа бүтээгдэхүүний төрөл 2017 оноос жилээс жилд буурч 2023 он гэхэд 227-оос 150 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн болсон байна. Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр олон төсөл хөтөлбөр хэрэгждэг боловч, бодит байдал дээрээ худалдааны хамгийн том түнш Хятад улстай хийж буй худалдаан дээр төрөлжихгүй улам уул уурхай, эрчим хүчний сектор давамгайлж биет хэмжээ бодитоор өссөөр байна. Хятад улс Төв Азийн орнуудаас тухайлбал, Узбекистан улсаас авах импортын бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл олширч, нэмэгдэж байгаа юм.

Хятад улсын гадаад орнуудаас импортоор авах коксжих нүүрсний биет хэмжээ тогтвортой биш байна. Хятад улс 2019 онд коксжих нүүрс импортоор авах хэмжээ нь 74.49 сая тон байсан бөгөөд 2020 онд 72.26 сая тон 2021 онд 54.63 сая тон, 2022 онд 63.86 сая тон, 2023 оны есдүгээр сар гэхэд 72.73 сая тон болж өсөж байна. Монгол Улсаас авах импортын хэмжээ нь мөн л тогтворгүй, Хятадын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна. 2023 оны есдүгээр сарын байдлаар, Хятадын тал 37.7 сая коксжих нүүрс Монголоос импортолсон байдалтай байна.

зураг
 
Эх сурвалж: Хятадын Статистикийн Газар

2022 онд Монгол, Хятадын худалдааны хэмжээ 12 тэрбум ам.доллар давж, 2014 онд хоёр улсын тогтоосон дунд хугацааны худалдааны зорилтод хүрсэн байна. Энэ жилийн хувьд Монгол, Хятад хоёр улсын худалдаа түүхэн дээд хэмжээнд буюу 15 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

Хоёр орны худалдааны хэмжээг ирэх жилүүдэд 20 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхийн төлөө чармайхаар тохиролцсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-г боловсруулж шинэчлэн найруулсан.

Монгол, Хятадын худалдааны бүтцээс авч үзвэл, уул уурхай, эрчим хүчний секторын салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл байсаар байна. Цаашид Монгол, Хятад хоёр улс бүхий л салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түвшинг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх байхаа гэдэгт найдаж байна.
 

Үргэлжлэл бий!