Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нэхэмжлэгч Д.Д, Хариуцагч А.А -д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
Нэхэмжлэгч: Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, .. тоот хаягт байршилтай 510 м.кв талбайтай хувийн амины орон сууцыг А.А-д 2020.03.31-ний өдөр гурван жилийн хугацаатай түрээсийн гэрээг байгуулсан. Нэг сарын түрээсийн төлбөр 8,500,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож барьцаа төлбөрийн хамт эхний сарын мөнгө 17,000,000 төгрөг төлсөн. Түрээслэгч нь түрээсийн орон сууцанд гэрээнд заасны дагуу нэг сарын хугацаанд засвар өөрчлөлтийг өөрийн явуулах гэж буй гоо сайхны үйлчилгээндээ нийцүүлж засвар хийсэн. Ийнхүү эхний төлбөр төлөгдсөнөөс хойш гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөхгүй байсан тул А.А-ийн мэйл хаягаар удаа дараа төлбөрөө нэхэмжилсэн бөгөөд 2020.10.19-ний өдөр мэйл явуулахдаа 2020 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөрөө өмнөх сарын түрээсийн төлбөрийн хамт төлөөд гэрээг цуцалж, анхны байдалд нь оруулж орон сууцаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Энэ хугацаанд хариуцагч А.А түрээсийн 25,000,000 төгрөг төлсөн. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээг 2020.11.01-ний өдрөөр тасалбар болгож цуцалж байгааг мэдэгдэж мэйл хүргүүлсэн тул нийт 2020.05.01-2020.11.01-ний өдрийг хүртэл зургаан сарын төлбөрийн үлдэгдэл төлбөр 26,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу өдрийн 0.5 хувь алданги 13,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орон сууцны түрээсийн гэрээнд үүрэг хүлээсэн 26,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Харин 13,000,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь миний бие Хан-Уул дүүргийн ... хаягт байршилтай 510 м.кв талбайг түрээслэх явцдаа 12,600,000 төгрөгийн өртөг бүхий Партишн ханыг .. ХХК-аар бүрэн гүйцэтгүүлсэн. Би өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан партишн ханыг салган авах хүсэлт гаргасан боловч дараагийн аж ахуйн нэгж тухайн хана нь манай үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй гол хэрэглэгдэхүүний нэг учир өгөх боломжгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн түрээсийн талбайд миний өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсан 12,600,000 төгрөгийн үнэ бүхий засварын эд хөрөнгө өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байгаа тул гэрээний алданги 13,000,000 төгрөгөөс партишн хананы зардал болох 12,600,000 төгрөгийг хасаж тооцон 400,000 төгрөгийг төлөх нь зүйд нийцэхээр байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжилж буй үнийн дүн болох 39,000,000 төгрөгөөс хариуцагч А.А миний бие 26,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой тул нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч А.А-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 26,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Талуудын байгуулсан орон сууцны түрээсийн гэрээ гэх нэртэй гэрээгээр тусдаа эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг ... тоот хаягт байршилтай 510 м.кв хувийн сууцыг гоо заслын эмнэлгийн зориулалтаар буюу хариуцагч аж ахуйн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байгаагаас дүгнэхэд уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарна гэж үзэв.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул нэхэмжлэлээс анз гэх 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч А.А-гаас 26,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно)
Эх сурвалж: www.shuukh.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!