Зураг
Зураг
Индэр    
2023 оны 4 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Төрбат: Юань улсын монгол хатны булшийг огт хөндөгдөөгүй байдлаар нь Сүхбаатар аймгийн нутгаас малтаж гаргасан

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойн дурсгалт газраас 13 дугаар зуны үеийн хатан хүний булшийг МУИС-ийн археологийн хүрээлэнгийн судлаачид амжилттай малтжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч МУИС-ийн доктор, дэд профессор, Археологийн судалгааны төвийн захирал Цагааны Төрбаттай ярилцлаа. 

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хаанаас ямар булш малтсан талаар мэдээлэл өгнө үү?

- Өдрийн мэнд. Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс 40 гаруй километрийн зайд орших Тавантолгойн гэх дурсгалт газар байдаг. Улсын хилээс 20 километр, алдарт Бударын чулууны ар тал оршдог. Тус газрын 56 дугаар булш нь хатан хүний оршуулга, харин 53 дугаар булш нь баатар хүний оршуулга байсныг малтсан. Хатан хүний булш нь тоногдоогүй. Харин баатар хүний булш нь тоногдсон байсан. 

- Тавантолгойн дурсгалт газрын талаар тайлбарлавал? 

- Энэхүү дурсгалт газарт 2000 оноос хойш археологийн судалгаа хийгдсэн. Хамгийн чухал газар нь хос цагаан гантиг хөшөөн чулуу байсан. Энэ хоёр чулуу 1981 оны малтлагаар анх гарсан. Дараа нь байгалийн нөлөөллөөс болж хадгалалт хамгаалалтад нь ноцтой асуудал үүссэн учраас аюулгүй байдлын үүднээс Улаанбаатар хот руу татсан. Тавантолгойн дурсгалт газар нь дээрх хөшөөт чулуугаараа их алдартай. 

Хөшөөт чулууг тойроод тахилын байгууламж байдаг. Үүнд манай ахмад археологич Д.Баяр малтлага судалгаа хийсэн.
2000 оны эхээр МУИС-ийн профессор Д.Наваан гуай тус тахилын булшнуудыг илрүүлээд малтлага хийж эхэлсэн. Арав гаруй булш малтахад маш үнэ цэнтэй, алт мөнгөөр хийсэн эдлэлүүд, урлагийн хэмжээнд яригдах ховор олдворууд гарсан. 

2000 оны төгсгөл үе рүү Тавантолгой алдартай болсноор хулгайч тонуулчид булшнуудыг тоносон. Ингэснээр 2010 онд археологийн хүрээлэнгээс авран хамгаалах судалгааг хийхэд би ахалж байлаа. 2010 оны малтлагаар Монголын үеийн гурван булш малтахад үнэт эд өлгийн зүйл, оршуулгын сонин зан үйл гарсан.

Энэ материалууд нь маш олон үзэсгэлэн, Чингис хаан мэндэлсний 850 жилийн ой, Хубилай хаан мэндэлсний 800 жил, Монгол Францын 20 жилийн каталогт хэвлэгдсэн. Тиймээс бүрэн сэргээн засалт хийгдсэн учир ШУА-ийн хүрээлэн, Чингис хааны музейд хадгалагдаж байгаа. 

Малгайн орой дээр байгаа чимэглэлүүд нь Юань гүрний хаадын малгайн чимэглэлтэй адил учир хэргэм зэрэг өндөр хүн байсан гэдэг нь нотлогддог. 

2010 оны Тавантолгойн малтлагаас яривал 57 дугаар булшны хүний хэсэг нь огт тоногдоогүй байсан. Оршуулга нь дотроо эмээл хазаартай адууг бүтнээр нь тавьсан хэсэг ба банзан австай хүний тал гэсэн хоёр хэсэгтэй байдаг. Эртний тонуулчид адууны хэсгийг нь ухаж авчхаад хүний хэсэгт нь хүрч чадаагүй. Учир тэр хоёр хоорондоо нэг метрийн зайтай байдаг.

Тус булшнаас гархин хуяг, эвдэг сандал, алтан утастай бүс, мөнгөн суулга, малгайн алтан чимэглэлүүд гарсан учир баатар хүн байсан гэдэг нь нотлогдсон. 

"56 дугаар булш нь Тавантолгойгоос огт тоногдоогүй малтагдсан анхных"
зураг
 
Таван толгойн цагаан гантиг хүн чулуу

- Өнгөрсөн онд малтаж гаргасан 56 болон 53 дугаар булшны талаар? 

- 2010 онд 56 дугаар булшийг малтаад эхэлж байсан. Гэтэл Сүхбаатар аймагт шүлхий өвчин гараад аймгаараа хөл хорионд орох болсон. Тиймээс бид өнгөн хөрсийг хуулчихсан байсныгаа буцааж булчхаад явсан. 

Франц улсын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс санхүүжилтээ босгож 2022 онд ажилдаа үргэлжлүүлэн орсон. 56 дугаар булшнаас гадна, 53 гэсэн жижиг булш дээр малтлагын ажил явуулсан байдаг. 56 дугаар булш нь Тавантолгойгоос огт тоногдоогүй малтагдсан анхных юм. Хуучин Д.Наваан гуай тус газар малтлага хийж байхад ямар нэгэн их бага хэмжээгээр тоногдсон гарч ирдэг байсан. 

Тиймээс огт хөндөгдөөгүй үедээ ямар байдаг, оршуулгын зан үйл гэх мэт олон талын мэдээлэл өгч байгаа юм.

Тавантолгойн булшнуудаас өмнө нь ихэвчлэн лууны дүрстэй алтан эмээлүүд гарч ирсэн

Тус булшинд адууны дөрвөн шийр, толгой хүзүүний яснууд, сээр дээр нь арьсыг нөмөргөөд бүтэн адуу шиг зай эзлүүлээд тавьчихсан байдалтай. Адуун дээрээ эмээл нь байсан.
Эмээлийг маш сайн хадгалсан байв. Тавантолгойн булшнуудаас өмнө нь ихэвчлэн лууны дүрстэй алтан эмээлүүд гарч ирсэн. Харин энэ удаагийнх алтаар бүрсэн мөнгөн эмээл бөгөөд галт шувууны хээтэй байсан.

Эртний Дорно дахины домгийн амьтад нь эрх мэдэл, хүний нийгмийн статус, нас хүйсийг илэрхийлдэг. Тэгэхээр луу нь эр, галт шувуу нь эм хүйстэн гэсэн үг. Ялангуяа галт шувуу нь хатан хүнийг бэлэгддэг. Харин галт шувуу нь хаан хүнээс гадна хумсных тоогоор эрх мэдлийг нь бэлэгддэг.

Таван хумстай луу бол хаан хүний хэрэглээ учир бусад хүмүүс хэрэглэдэггүй. Дөрвөн хумстай лууг ханхүү хун тайж, гурван хумстай лууг цэргийн жанжид хэрэглэдэг байсан аж. 
"Тэр эмэгтэй хүний шүдэнд алтан бөгж байсан нь сонин зан үйлийг харуулсан"
зураг
 
Зургийг Ц.Төрбат доктороос авав.

- Огт хөндөгдөөгүй олдсон 56 дугаар булшны талаар дэлгэрэнгүй ярина уу? 

- 56 дугаар булшны морины эмээлд галт шувууны дүрс байсан учир хатан хүн. Хэдий цул алт биш ч алтны хольцтой мөнгөн эмээл байгаа. Цул алт хэрэглэх үү, мөнгөн хольцтой хэрэглэх гэдгээс хамаараад нийгмийн статус нь тодорхойлогддог байсан. Одоо бол хөрөнгө чинээний байдлаас хамаараад юу ч хэрэглэж болж байна. Харин тэр үеийн хүмүүсийн хэрэглэдэг байсан эдлэлийнх нь хэлбэр дүрснээс хамаараад нийгмийн статусыг шууд тайлж болно. 

Оршуулгын хэсэг огт тоногдоогүй учир хатан хүний булшны толгойгоос нь авхуулаад цээж хүртэл бүхэлд нь торгоор ороосон. Хөл хэсэгт нь хар будаа их хэмжээгээр цацсан гурван төрлийн мөнгөн суулга байгаа. Хэрэглэсэн материалын судалгааг соёлын өвийн төв хийсэн.

Тэр эмэгтэй хүний шүдэнд алтан бөгж байсан нь сонин зан үйлийг харуулсан. Энэ талаар ямар нэгэн эх сурвалжийн харьцуулалт байхгүй. Бөгжийг зөвхөн хуруундаа зүүдэг. Гэтэл тэр эмэгтэй нэг шүдэндээ алтан бөгжтэй байсан. 

- 53 дугаар булш бага зэрэг тоногдсон гэсэн? 

- Тус булш нь эрэгтэй хүнийх юм. Маш сайн хадгалалттай, 6-7 сантиметрийн зузаан банзан модоор хийсэн авсыг сэргээн засварлах төвд бүтнээр нь авч ирсэн. Хэдий тоногдсон ч гэсэн сайн хадгалагдсан төмөр илд, сумны зэв, бүсний оюу тоногууд, маш сонин хийцтэй эмээл нь гарсан. 

"Тавантолгойн булшнаас олдсон алтан бөгжний ар талын шонхор шувуу нь Монголын эзэнт гүрний буюу эзэн богд Чингис хааны бэлгэдэл"
зураг
 
Малгайн алтан дог, 2010 онд малтсан 57-р булш

- Эдгээр булш нь хэддүгээр зууны үед хамааралтай вэ? 

- Тавантолгойн булшнууд ихэвчлэн 13, 14 дугаар зууны үед хамаардаг. Уг нутагт Хонгирад, Онгуд амьдарч байсан байх магадлалтай.

Гэхдээ энэ бол Юань гүрний үе юм. Тухайн үеийн Юань улсын нийслэл нь Шанду хот бөгөөд Өвөр монголын зүүн хэсэг гэсэн үг. Тавантолгойн дурсгалт газар нь тухайн үеийн нийслэл Шандугаас холгүй газар байгаа юм. 

Д.Наваан гуайн малтлагаас гарсан алтан бөгжний шонхор шувуу их утга учиртай гэж боддог. Монголын эзэнт гүрний үеийн эдлэлүүд нүүрэн дээр нэг дүрс, ар талд дахиад давхар дүрслэл байдаг. Энэ нь нэг зүйлийн санааг тодотгоод байгаа.

Жишээлбэл, Манай нэг цуглуулагчийн санд Монголын эзэнт гүрний үеийн хамгийн сайн алтан бүс байдаг. Тус алтан бүсний нүүрэн талд гурван хумстай луу, ар талд нь галт шувууны дүрстэй нь нэмэлт тодотголуудыг хийгээд байгаа. Тэгэхээр нэмэлт тодотголууд нь ямар нийгмийн, хэр статустай хүн бэ гэдэг давхар утга санааг илэрхийлээд байгаа юм. 

Тавантолгой нь тухайн үеийн алтан ургийн хүмүүсийн оршуулгын газар байсан гэж үзэж байгаа

2010 онд Тавантолгойн булшнаас олдсон алтан бөгжний ар талын шонхор шувуу нь Монголын эзэнт гүрний буюу эзэн богд Чингис хааны бэлгэдэл болох цагаан шонхор шувууг илэрхийлж байгаа гэдэгт итгэдэг. Тэгэхээр Тавантолгой нь тухайн үеийн алтан ургийн хүмүүсийн оршуулгын газар байсан гэж үзэж байгаа. 

Манай өнгөрсөн жилийн малтлага нь Монголын археологийн 2022 оны шилдэг таван судалгааны хоёрдугаар байрт орсон. Зөвхөн мэргэжлийн цөөхөн хэдэн судлаачийн дунд яригдаад өнгөрсөн. 

- Цаашдаа эдгээр олдворыг яах вэ? 

- Ерөнхийдөө Таван толгойн малтлага маань дууссан. Манай зарим залуу археологичид олдвороо хамаагүй олон нийтэд цацсанаас болж уг газарт нь тонуулчид орсон тохиолдол гарч байсан. 

Малтлагын ажлын төсвийг МУИС-ийн Археологийн судалгааны төвөөс гаргаж сэргээн засварлалтыг Соёлын яамнаас санхүүжүүлсэн. Цаашдаа судалгаа, баримтжуулалтынхаа ажлыг хийнэ. Хэрэв тухайн олдворууд шаардлага хангасан гэвэл музейд байршуулж олон нийтэд хүргэх байх. 

"56 дугаар булшны ихэнх олдворууд нь анх удаа олдож буйгаараа онцлог"
зураг
 
Модон авсыг цэвэрлэж дуусав, 53-р булш, 2022 он

- Тухайн үеийн хүмүүсийн булшнууд ямар Монголын үеийн бусад булшнуудаас ямар онцлогтой байна вэ? 

- Монголын эзэнт гүрний үеийн 200 гаруй булшийг малтаж судалсан. Тавантолгойн булшнууд 5-7 метрийн голчтой гадна өнгөн талаасаа даруухан байсан. Гадна талаасаа даруухан ч дотно талдаа баялаг мэдээлэлтэй дурсгалууд юм. Ер нь Монголын үеийн бусад булшнуудаас ихэвчлэн эмэгтэй хүний ээмэг, эрэгтэй хүнд сэлэм гэх мэт даруухан зүйлс олддог. 

Юань улсын нийслэл нь Шанду хот. Тавантолгойн дурсгалт газар нь тухайн үеийн нийслэл Шандугаас холгүй газар байгаа юм. 

56 дугаар булшнаас гарсан мөнгөн гүц нь хуучин 57 дугаар булшийг бодвол бариулгүй байгаа. Тухайн Монголын үед байсан хавтгай задгай амтай, хажуудаа бариултай мөнгөн аяга гарсан нь 56 дугаар булшны онцлог юм. Ихэнх олдворууд нь анх удаа гарч байгаа юм. 

- Тавантолгойн дурсгалт газар одоо хамгаалалттай байгаа юу? 

-  Тавантолгой нь одоохондоо хамгаалалттай байгаа. Ойр хавьд хүн амьтан амьдардаггүй бөглүү газар байдаг. Хилийн зурвастай ойр учир хилчид маань байнга анхаарал хандуулсаар байгаа. 

2010 онд өнгөн хэсгийн цэвэрлэгээ, баримтжуулалтын хэсгийг хийчихсэн байсан. Тиймээс 20 хоногийн хугацаанд хоёр булш дээр ажиллаад дуусгасан. Булшийг ухаж гаргасны дараа бүх нөхөн сэргээлтийг хийсэн.

Ерөнхийдөө Тавантолгойн булшнууд маань дууссан боловч цаашдаа аялал жуулчлалын бүс хиймээр санагдсан. Жишээлбэл, Алтан овоо, Шилийн богд, Бударын чулуу, Тавантолгойн дурсгалт газрыг хамруулсан аяллын цогцолбор болох бүтээгдэхүүн байгаа. 

- Малтлагын ажлыг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хийсэн бэ? 

- МУИС-ийн археологийн судалгааны төв, Францын цөлийн ба хээр талын хүрээлэнгийн төвийн хамтарсан судалгаа юм. Монголын талаас Цагааны Төрбат миний бие, ШУА-ийн археологийн хүрээлэнгийн ажилтан Ганболдын Энхбаяр, МУИС докторант Баяраагийн Амгаланбаатар нар ахалж ажилласан. Мөн Францын Сорбонны их сургуулиас манай сургуульд солилцоогоор ирсэн докторант Анна Аллард , МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд хамтарсан. 

Сэргээн засварлалтын ажлыг мэргэжлийн сэргээн засварлагч М.Оюунтулга ажиллаж байгаа. Энэхүү ажлыг Соёлын сайд Ч.Номин, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн нар дэмжиж, санхүүжилтийн шийдвэрлэсэн. 

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

- Баярлалаа.