Гадаад худалдааны нийт эргэлтийн хэмжээ нь тухайн улсын хөгжлийн түвшин, олон улсад өрсөлдөх чадварыг нь шууд тодорхойлж байдаг. Экспорт, импорт нэмэгдэх тусам эдийн засгийн багтаамж томрох боломжтой болдог.
Тэгэхээр улс орнууд гадаад худалдааны эргэлт, тэр тусмаа экспортоо нэмэгдүүлэхийн тулд өрсөлддөг гэж ойлгоход болно. Зөвхөн экспорт бус ашиг малтмал, газрын тос, газрын ховор элемент болон бусад төрлийн түүхий эдийн импортын төлөө дайн байлдаан хүртэл хийж ирсэн. Гадаад худалдааг зохицуулах хамгийн энхийн бөгөөд дипломат арга хэрэгсэл нь хоёр болон түүнээс дээш улс хоорондоо байгуулдаг чөлөөт худалдааны хэлэлцээр юм.
Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг нь хоёр болон түүнээс дээш орнууд харилцан худалдааны таатай нөхцөлийг олгох замаар чөлөөт худалдаагаа дэмжих арга хэрэгсэл. Энэ гэрээгээр дамжуулж өөрийн экспортолж буй бараа бүтээгдэхүүнээ хил гаалийн саадгүй, татваргүй эсхүл хамгийн бага татвар төлөх замаар ашигтай борлуулж, эсрэгээр импортын бүтээгдэхүүн үнэ хямд, чанартай байх нөхцөлийг бүрдүүлдэг гээд энгийнээр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн яриа тохиролцоо гэхээсээ илүүтэйгээр дүрэм журамд үндэслэсэн тогтвортой харилцааны хэлбэр юм.
Өнөөдөр дэлхий дахинд гадаад худалдааны хуулийг батлах биш харин хэлэлцэн тохирч гэрээ байгуулах замаар эрх зүйн орчныг тогтоодог болсон. 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулагдсанаас хойш түүний гишүүн орнууд (өнөөдрийн байдлаар 164 улс гишүүнээр элссэн) бараа, үйлчилгээний экспорт, импортын дэглэм, татварын болон татварын бус арга хэмжээ, хил, гааль, хорио цээр зэрэг чөлөөт худалдааг дэмжихтэй холбоотой бүхий л асуудлаар үүрэг, амлалт аваад түүнийгээ худалдаандаа мөрдөж байна. Өөрөөр хэлбэл, нэг улс 163 орны өмнө нэгэн ижил үүрэг амлалт авч, тэдгээр нь гэрээ, хэлэлцээрт баталгаажиж, эрх зүйн орчин болон үйлчилж байна гэсэн үг.
Гэхдээ ДХБ-ын эрх зүйн орчин чөлөөт худалдааг дэмжихэд хангалттай байж чадсангүй. Улс орнууд худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ДХБ-ын өмнө хүлээсэн нэгэн ижил үүрэг амлалтаасаа илүү тааламжтай нөхцөлийг харилцан олгох замаар хоёр болон олон талт чөлөөт худалдааны хэлэлцээрийг нэгнээсээ өрсөн байгуулж байна. Одоогоор олон улсад 353 чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон бол 576 нь хэлэлцээний шатандаа байгаа гэх мэдээллийг ДХБ-ын цахим хуудаснаас харж болно.
Манай улсын хувьд 1997 онд ДХБ-д элсэхдээ 163 орны өмнө бараа, үйлчилгээндээ мөрдөн хэрэгжүүлэх татварын болон татварын бус үүрэг амлалтаа авчихсан. Гэвч энгийн үгээр хэлбэл, огт худалдааны харилцаагүй шахам африкийн орнуудтай харилцан тохиролцсон нөхцөлөөр хамгийн том түнш болох Хятадтай худалдаа хийх огт боломжгүй. Дэндүү жулдана. Иймд худалдааны гол түнш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар гадаад худалдаанд үүсээд буй хүндрэлтэй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагааны байнгын механизмтай болмоор байна.
Хятадтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах дараах үндэслэл, шалтгааныг дурдаж болно. Үүнд:
Мэдээж Хятадтай гэрээ хийх амаргүй, улс төр, геополитик болон эдийн засгийн аюулгүй байдлын зэрэг болгоомжлох асуудлууд бий. Гэхдээ асуудлаа зөв тодорхойлж, шийдлээ оновчтой дэвшүүлэх замаар хэлэлцээг амжилттай явуулах бүрэн боломжтой. Хятадын хувьд манай зах зээл дэндүү жижиг учраас уян хатан хандах бүрэн боломжтойг бусад орнуудтай хийсэн гэрээнээс нь дүгнэж болно. Хамгийн гол нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахгүйгээр хамтын ажиллагааны дараагийн шатанд гарах боломж үгүй л болов уу. Цаашлаад АНУ, ОХУ болон БНСУ-тай ижил төрлийн хэлэлцээр байгуулж чадвал хувийн хэвшлээ бодит утгаар нь дэмжих болно.