-Ильичийн мэндэлсэн өдрөөр ээлжит тэрслүү нийтлэлээ толилуулъя Хүлцээрэй!-
Манайхан “нөхцөл байдал” гэх үгэнд их дасчхаж. “Украинд үүссэн нөхцөл байдал” гээд л төр-засгийн дээдчүүлээсээ эхлээд ярих ба ер нь хэцүүхэн гэсэн утга тээгээд ямар ч явдлыг нэрлэчхэж болох аж.
“Украинд үүссэн нөхцөл байдал”-ыг Монгол-Зөвлөлтийн найрамдалтай холбож байгаад туйлширч байгааг нь энэ удаа авч үзэх санаатай үзэг цаас харшуулж байна. Хүлцээрэй!
Монголчуудын түүхийн хуудас яалт ч үгүй Монгол-Зөвлөлтийн найрамдлын алтан үеийг зааж байна. Түүнийг би ойлгохын цаагуур ойлгох ба бүр уухайлан судлан бичигч нь. 1921 оноос тэр түүх эхлэх ба монголчуудын олонх нь кино, уран зохиол, шүлэг, дуу, өөр хаанаас ч юм бөөн мэдээлэл авч түүнийгээ тархиндаа суулгачихсан гэдэгтэй би эвлэрнэ.
Монголчууд сайн ба муу, сайхан ба муухай, улаан ба хар хэмээн түс тас сэтгэдэг. Тэр нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөл, нүүдлийн мал аж ахуйн өв соёлтой нь холбоотой. Нүүдэлчний уран сайхны сэтгэлгээ нь тийм хөрсөн дээрээс урган босож ирдэг. Уран сайхны сэтгэлгээ нь баярлах ба гомдох, хямрах ба сэтгэл сэргэх рүү ямагт түлхдэг. Тэр нь туйлшрал болж үзэн ядах ба сохроор шүтэх рүү маш хурдан шилждэг.
Нүүдэлч удамтай монголчуудын улс төрийн сэтгэлгээ, тэр дундаа гадаад харилцааны тухай төсөөлөл нь сайн ба муу, сайхан ба муухайн сонголтын аль нэгийг тулгах ба явж явж орос ба хятад, орос ба америкийн хэн нь Монголын жинхэнэ анд нөхөр вэ гэдэг дээр эргэлдүүлнэ. Насан туршдаа ийм сонголтын өмнө монгол хүн явж ирсэн ба явж ч байгаа бололтой юм.
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгч нь Монгол–Зөвлөлтийн (Монгол–Оросын) найрамдлын түүхийн маш том сорилт болчихсон, яг одоо Монголын жинхэнэ анд нөхөр хэн бэ гэдгийг шийдэхийн төлөө тулаан мэт монголчуудын нэлээд хэсэг нь хөнөглөн буй. Хөнөглөх гэдэг нь найр эхлэхээс өмнө түрүүлээд согтчихдог архинд дуртайчуудын үйлдэл л дээ. Тийм хөнөглөл их яваа учраас хэргээр тийм этгээд үг би сонгож байна.
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгч нь Оросыг Монголоос салгах хорон санаатнуудын (АНУ, НАТО хоёрыг тэд шууд заана!) үйлдэл болчихсон мэт ёстой нэг хөнөглөн, боорлон, өөрсдөө хямран үзэж таарч байх шиг. Тархи мэдрэлээ тэгж их зовоох хэрэггүй л байгаа юм даа.
“Украинд үүссэн нөхцөл байдал” гэгчид Орос цөхрөлөө барж байгаа нь гарцаагүй үнэн юм. Цэрэг зэвсгээ үнэхээр сүйтгүүлж дууслаа. Хүний газар нутагт халдан орж дайн өдөөсөн нь томоос том гэмт хэрэг хэмээн НҮБ-д олонх нь үзээд 2-3 удаа маш зэвүүн тогтоол баталчихсан байгаа тул энэ бол миний үгс биш, дэлхийн хамтын нийгэмлэгийн дүгнэлт хэмээн хүлээн авууштай.
Тэр НҮБ ч дүүрч, энд монголчуудад төдийлөн хамааралтай биш. Гол нь “Украинд үүссэн нөхцөл байдал” Орост тун халгаатай тусч, бараг одоо сүүлчийн тулаандаа орж байна, хэрэв түүндээ ялалт хангаж чадахгүй бол (ялагдана гэдэг хатуу үгнээс би зайлсхийв) яана? Энэ л Оросын гамшиг юм. Би Оросыг ялаасай, Украиныг ялагдаасай гэж байгаа юм биш. Бас Украиныг ялаасай, Оросыг ялагдаасай гэж байгаа юм биш. Энэ утгагүй дайнаасаа үтэр түргэн Орос орноо татаж аваач гэх гээд байна.
Монголын нэртэй улстөрчийн гэргийтэй би тааралдаж цэц булаалдав. Тэр бүсгүй хэлж байнаа:–Орос ялагдах нь хэнд ашигтай юм. Монголд ашигтай юм уу? Би хариулав:–Хэнд ч ашиггүй, Монголд бүр ч ашиггүй. Тэрээр:–Тэгвэл чи юу яриад байгаа юм. Би:–Үгүй ээ, би Оросыг ялагдуулах гээгүй ээ, Орос өөрөө тэр дайндаа өөрийгөө ялагдуулж байна аа. Үүнд бид буруугүй ээ!
“Украинд үүссэн нөхцөл байдал”-д Орос ялахгүй байх нь үй олон монголчуудад гамшиг сүйрэл болон толгой дээр нь бууж ирэх гээд байгаа юм шиг ийм уур амьсгал монголын олон нийтийн дунд байна аа байна, харагдаж байна. Уур бухимдал, хараал ерөөл (даралтны эм, зүрхний эм, харвалтын эсрэг эм эмчилгээ явж өгнө!) хэрээсээ хэтрээд Монгол орон, Монголын ард түмэн хайрт халамжлагч төрсөн ахаасаа салж “Өмхий Хятад”-ын эзлэлд орж муугаа үзэх тухай муу ёрын зөгнөл монголчуудын тархийг хаврын түймэр адил хуйхлах гэж байгаа бололтойдог?
Ёрын зөгнөлтэй давхцаад социализмын 70 жилд Зөвлөлт улсаас үзүүлсэн тусламжийн түүхийг ёстой нэг тоочиж (санааширч, санагалзаж, гуньж гутарч) өгнө. Тусгаар тогтнолыг маань хайрласан, авран хамгаалсан, харанхуй хоцрогдлоос аварсан, яр тэмбүүнээс салгасан, өөр юу юу гэнэв ээ уянгалуулна. Хязгаар байхгүй.
Зөвлөлтөд суралцаж, эрдэмд гэгээрч, зөвлөлтийн (оросын) хоолыг олон жил идсэн учраас “Украинд үүссэн нөхцөл байдал”-д үхсэн ч Оросын талд гэсэн нийгмийн хэсэг байна аа байна, хүлээн зөвшөөрнө. Тийм хүмүүс Украин дахь дайны мэдээнд хамаг нойроо хугаслан өдөр шөнөгүй гэгэлзэн суугаа ба Оросоос өөр буруутныг шувтан хайх аж. Орос, Украин хоёрыг байлдуулж байгаа цаад дайсны эрэлд хоёр сар явлаа. Буруутнаар АНУ, НАТО-г тодруулчихлаа. Буруутан Орос л биш бол цаад хоёрыг амны зоргоор хараан зүхэх ба бүр цаанаасаа нэг үзэн ядна. Надтай тааралдаж байна аа. Тийм найз нар ч байна. Хурандаа нар ч байна.
НАТО-г тараагаад өгөөч ээ, Украинд зэвсэг нийлүүлэхийг нь зогсоогоод өгөөч ээ гэх уриалга (уйлан дуулах) их явах ба тийм тусламж ирэхгүй бол Орос хүссэнээрээ Украин гэх төрт–улс, украины ард түмнийг гарын шүүс болгоосой гэсэн чин хүслээ ч нуухгүй байх аж. Орос л буруутан биш байгаасай гэсэн монгол сэхээтнүүдийнхээр (сэхээтнээс өөр хүнтэй тааралдсангүй) бол Украин нь газар нутгаа эзлүүлээд, эх орон, хүн ардаа Оросын дагуул (боол) болгоод (Лукашенкогийн Белорусс шиг), заавал ялагдаж салах ёстой ба ялагдахгүй байгаад нь оросын эрх баригчдын адил тэчьяадан тарчлах аж. Тэгж яваа найзууддаа би даралтны эм, зүрхний эмээ байнга авч яваарай, эмчид байнга хянуулж байгаарай хэмээн зөвлөж сууна, арга барахдаа. Үхчихвэл хайран шүү дээ.
Орос ялж чадахгүй, харин ч фронт дээр өдөр бүр бүтэлгүйтэж байгаа нь явж явж Монголын тусгаар тогтнол, монголчуудын сайн сайхан амьдралыг бусниана гэж үү? Хэн буруутай вэ? Энэ дайныг өдөөсөн, Киевийг эзлэн авч нацистууд, хар тамхичдыг нь цээрлүүлнэ гэсэн, зэр зэвсэггүй болгоно гэснээрээ тэр хүч л буруутай. Гэтэл Монголын тусгаар тогтнол, монголчуудын сайн сайхан амьдралыг бусниагч хар хүч нь Украин болчихсон юм шиг авирлахыг хараад би ёстой мэл гайхан цэл хөхрөн сууна. Орос өөрийгөө ялагдуулж байгаагаас бус Оросыг санаатайгаар хорлон сүйтгэж байгаа хар хүчийг хайгаад үз дээ.
Монголчууд эсрэг үзэл санаатай нэгнээ дайсан болгохдоо тун амархан. Гялс манас “хятад”, “хужаа”, “эрлийз” болгочихно. Одоо Украиныг өмгөөлөөд Оросыг буруутгаж (өөрөө өөрийгөө ялагдуулсан!) байгаа бүх хүн хятадын тагнуул, хятадын эрлийз, луухаан болж хувирсан. Орос л хамгаалахгүй бол Монголыг хятадууд эзлэн түрэмгийлэх болно гэсэн ойлголт маш түгээмэл ба Монголд үүрлэсэн баахан хятадын тагнуул, эрлийз, луухаанууд яг одоо ялгуусан yлaaн армийг нь Украины фронт дээр ялагдуулж байна!
2Зураг-зэрэгцүүлнэ
Учирлах үгс!
Украин өөрийн нутаг дэвсгэр дээрээ ялагдахгүй эх орноо хамгаалан эрэлхэг зоригтой тулалдаж байгааг даян дэлхийн бүх хүн ард, тэр ч бүү хэл сохор доголон, хэлгүй дүлий бүх хүн ойлгохоор болжээ. Яалтай билээ!
Орост л буруу өгөхгүй гэчихлээр цаашаа мунхрах, муйхарлах, тэнэглэх рүү явж өгнө, хязгааргүй! Гэхдээ эрүүл ухааны хязгаарыг давахгүй байгаасай!
Эцэст нь өчье. Дипломат албанд хамт зүтгэж явсан нэг нөхөр маань уулзаад тэгж хэлдэг юм: –Хоёрдугаар сарын 24-нөөс өмнө Монгол-Оросын хамтын ажиллагааны талаар их зөв юм ярьдаг байснаа чи чинь юу болоод Украины талд гарчхав аа? Би хэллээ:–Монгол-Оросын найрсаг хамтын ажиллагааны төлөө би үхтлээ зогсоно оо. Харин Украин руу халдаж ороод дайн өдөөгөөд байгаатай нь эвлэрэхгүй ээ! Хамтын ажиллагаа тусдаа, дайн өдөөсөн асуудал тусдаа, хоёр тусдаа асуудал шүү!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!