Хэнд ч ойлгомжтой гарчиг ч гэлээ яг яаж яваад тэрхүү “Их Сунгаа” Бат-Орших багшийн нэрэмжит болов? Ер нь тэгээд тооны уралдаан хэрэгтэй юм уу? гэх асуулт цөөн биш удаа гарах байх.
Асуултын хариу болгон хэдэн мөр тэрлэхээр шийдэн, энэхүү бичвэрээ зориулж сууна.
МУИС-ийн математикийн ангийг төгссөн тэрбээр Монголын математикийн олимпиадын 60 гаруй жилийн түүхэнд бүрэлдэн тогтсон математикаар хүчтэй сургуулиудын толгойд жагсдаг Улаанбаатарын нэгдүгээр сургууль, Увсын Улаангомын сургуульд багш, 31 дүгээр сургуульд захирлаар ажиллан, хэдэн арван шавь, түүний дотроос авьяастай алдартай залуучуудыг төрүүлснээрээ бахархдаг, жинхэнэ “ОД” хэмээн хэдхэн үгээр тодорхойлж болох математикийн багш.
Гэхдээ олон арван авьяаслаг багш нараас онцгойрох юу байна, түүнд?
Тоо бодох гэдэг арын хаалгагүй эд билээ. Эсвэл чадна, аль эсвэл үгүй. Тэр чаддаг учраас багш нарын улсын олимпиадад дөрвөн удаа аваргалсан юм. Хэр баргийн аавын хүүхдүүд бардаг даваа бишийг хэн хүнгүй ойлгож байгаа болов уу.
Ер нь тооны олимпиад хэрэгтэй гэж үү?
Хэрэггүй гэчихвэл, хүүхдүүдийнхээ чансааг хэмжиж гаргах өөр арга олох хэрэгтэй болно.
Хэрэггүй гэчихвэл, алтан дунджийн дээгүүр алхаж манлайлах залуус үгүй болно …
Дэлхийн аль ч улс орны хүүхдүүдийг айлгадаг “мангас” нь математик. Энэхүү “мангас”-аас айх айдсыг даван туулж, жижигхэн чагтыг тайлж чаддагт Орших шиг авьяастай багш нарын нууц байдаг юм. Тэгвэл чагт тайлах авьяас гэж үү, багш байхад хангалттай биш үү? гэсэн асуулт гарна. Сурах бичгийг дагуулаад сурагчдаа хөтлөөд явах амархан. Гэтэл заавал олимпиад, уралдаан болж байдаг нь юу юм?
Математикийн олимпиад үгүй бол заримд нь магадгүй, тоо бодож толгойгоо гашилгахгүй, сэмээрхэн хичээлээ заагаад, алтан дундаж царайлаад амар амгалан болох биз.
Гэтэл математик маань энэ дэлхийн нэгдсэн нэг хэл, түүний гоо сайхан, зүй тогтлын ухаан болохоор математикаар дамжиж гардаг дэлхийд өөр яалтай ч билээ дээ.
Орших шиг багш өдрийн од шиг цөөхөн төрдөг.
Дэлхий дээр Унгарчууд математикийн алдраараа бахархдаг. Ухаад үзэхээр Унгарчуудын алдар ганц, хоёрхон хүнтэй холбоотой.
Пол Эрдеш гэгч алдартай бодлого бодогч нь залуустаа математикийн гоо сайхныг таниулж, уриалж чадсанаараа үндэстнээ томруулж чадсан юм. Хаа нэг газар хувь хүний нөлөө ийм хүчтэй ажээ.
Орших шиг авьяастай нь математикийн хүнд бодлогыг хялбар аргаар шийддэг техник эзэмшсэн байдаг. Бодлого бодохыг яг л зураг зурах, хөгжим тоглох мэт үзүүлж чаддаг юм. Энэ бол мэдлэг, туршлага, зөн билгийн ач байдаг. Нэг шавь нь дурссан байна билээ, манай багш шугам, гортиг хэрэглэхгүй тойргийг өөгүй зурдаг гэж. Тэгнээ, багш чинь цэг, хэрчим, шулуун, тэгээд нэг эргэхэд тойрог болдог гэдгийг төгс мэддэг учраас тэр шүү дээ.
Математик нь мастеруудаар дамжин энгийн, хүн хүлээж авахад хялбар болж, хүмүүст гоо сайхнаа нээж өгдөг онцлогтой. Ийм учраас л Оршихыг од гээд байгаа юм. Одоо тэр захирал, олон хүний мөрөөдлийн багш болсон.
Ирээдүйд хиймэл ухаантай тулгарах биднийг хэн манлайлах вэ, тэр кодыг дурын хүн оролдож байгаад бичиж сурах уу? гэдэг асуулттай олон олон эцэг эх тулгараад байна. Хүүхдээ хуульч, худалдааны эдийн засагч, гадаад харилцааны мэргэжилтэн… болгоод толгой амарч, ажил цалин нь өндөрт гарна гэдэг байсан тэр үе хаагдаж байна.
Дижитал ертөнцөд тооны учрыг сайтар ухаарсан залуус л нэвтрэн, тайлж ажиллаж чадна. Математик өөрөө энэ дэлхийн асуудлуудаас 400 жилээр түрүүлж гараад явсан ба, хэрчмээр буулган хэрэглээ болгох ирээдүйн залуусыг дэлхий даяараа Орших шиг багш нараа тордон бэлдэж байна.
Бат-Оршихдоо улам их амжилт хүсье.